Их хурал: Эвлэрэх, эвдрэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

МАН – XXVIII их хурал

Их хурал: Эвлэрэх, эвдрэхийг шийднэ

Их хурал: Эвлэрэх, эвдрэхийг шийднэ

МАН-ын XXVIII Их Хурал

МАН-ын 28 дугаар их хурал өчигдөр /2017.11.20/ эхэллээ. Хуралдаан арваннэгдүгээр сарын 20,21,22-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Их хурлаар намын шинэ дарга томилогдохоос гадна, дүрмээ шинэчлэх юм. Ингэснээр намын боловсон хүчний бодлогод шинэчлэл авч ирнэ гэж төлөөлөгчид үзэв. Өчигдөр үдээс хойш МАН-ын дүрмийн шинэчлэл, МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл, XXVIII Их хурлаас гарах уриалга гэсэн гурван сэдвээр салбар хуралдаан өрнөсөн. Ингээд оройн 19.00 цагийн үед салбар хуралдаануудыг нэгтгэж хуралдаад, шөнийн 01.00 цагийн үед өндөрлөв. 

Намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажилласан. Мөрийн хөтөлбөрийн төсөлд орчин үеийн үзэл санааны суурь үндсийг илүү тодорхой болгох өөрчлөлтүүд оруулахаар тусгажээ. Ингэхдээ хүн төвтэй намын бодлого үзэл санааг шингээж өгөхийг зорьсон талаар ажлын хэсгийн ахлагч нь ярьж байсан юм.

Намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ажилласан. Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд найман чиглэлд 50 гаруй зүйл заалтыг өөрчлөхөөр тусгажээ. Тоймлоод хэлэхэд шийдвэр гаргах төвшинд намынхаа анхан шатны гишүүдийг оролцуулдаг байх, Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүдийн тоог багасгах юм байна. Ингэхдээ намын Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 29 хүртэл байхаар тооцжээ. Мөн хариуцлагатай, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, намын санхүүжилтийн асуудлыг тусгав. Үүнээс гадна намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх,  Ёс зүйн хороог шинээр байгуулах, удирдлагын тогтолцоог тодорхой болгож, Удирдах зөвлөлийг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах зэрэг заалт тусжээ. 

Их хурлын сонин хачин гэвэл МАН-ын гишүүн Г.Очирбат 11 удаа Их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байна. Харин УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл 10 дахь удаагаа сонгогджээ. Хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд, 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 39.3 хувь нь 36-45 насныхан, 32 хувь нь 46-60 насныхан, 7.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байгаа аж.  Эдгээр төлөөлөгчдийн дунд хамгийн ахмад нь 100 настай, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны нарийн бичгийн дарга асан Монгол улсын баатар Пунцагийн  Шагдарсүрэн байна. Харин хамгийн залуу төлөөлөгч Т.Цэнд-Аюуш 22 настай Дорноговь аймгийн Өргөн сумаас иржээ. 

Ингээд МАН-ын 28 дугаар Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн байр суурийг хүргэж байна. 

Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг

-Өнөөдөр манай намын Их хурал болж байна. Намын Их хурлаараа бид дүрэмдээ өөрчлөлт оруулдаг. Эндээс гарсан дүрмийн шинэчлэлээ дараагийн дөрвөн жилдээ ягштал дагах дүрэмтэй. Их хурал маань туйлын ач холбогдолтой болно гэж харж байна. “Итгэл-зүтгэл-хариуцлага” гэсэн уриан дор явагдаж байгаа учраас үүнийхээ хүрээнд ирэх дөрвөн жилд манай намын гишүүд болон нам маань дүрмийнхээ дагуу өөрчлөлт шинэчлэлт хийж ажиллана гэдэгт итгэж байна. Бидэнд өнгөрснөөсөө суралцсан олон сургамж бий. Ялангуяа намын дотоод сахилга хариуцлагыг бэхжүүлэх чиглэл дээр өөрчлөлт орно гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

-Бид зөв шугамаар урагшлах гарцаагүй шаардлага тулгараад байна. Монгол орны өнцөг булан бүрээс 1309 төлөөлөгч хүрэлцэн ирж, намын өнгөрсөн дөрвөн жилийн алдаа, оноогоо хэлэлцэнэ. Бид юун дээр алдав, яаж онов, ард түмэн МАН-аас юу хүлээж байна. Энэ бүхнээ бид дахин эргэж харах хэрэгтэй. Эндээс намд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарц олдоно. Намын дүрмээ чанад сахиж, ард түмэндээ өгсөн амлалтаа бид шат шатандаа дахин санах учиртай. Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудалд манай намаас ямар байр суурь баримтлах хэрэгтэй бэ? Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал яаж тусгалаа олсон юм. Энэ бүхнээ бид эргэн харж, өөрсдөдөө дүгнэлт хийх чухал Их хурал болж байна гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал

-МАН-д эв нэгдэл хэрэгтэй байна. Өнгөрсөн Их хурлаас хойших үйл ажиллагаагаа тайлагнаж, 28 дугаар хурлаас хойш ямар зарчим барихаа тодорхойлох хурал болоосой гэж хүсч байна. Нам бол олон нийтийн байгууллага учир эв нэгдэлд суурилдаг. Тиймээс өнгөрсөн хугацааны ололт, алдаандаа суурилж, өнөөдөртэйгөө дүйцүүлж ирээдүйг харсан шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Монгол орны өнцөг булан бүрээс ирж оролцож буй төлөөлөгчид хэдийгээр нийт ард түмэн биш ч гэсэн төлөөллийг хангахуйц ардчилал юм. Их хурлын хүрээнд намын дүрмийн шинэчлэл яригдаж байгаа нь бас их сайшаалтай. Намын гишүүд энэ тал дээр олон санаачилга гаргаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж