БНХАУ-ын Засгийн газраас байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг өргөжүүлэх кампанит ажил эхлүүлж буйтай холбоотойгоор түүхий эдийн зах зээл тогтворжиж эхэлжээ. Зэс, хөнгөн цагаан, цайр болон бусад түүхий эдийн үнэ өнгөрсөн жилийн уналтаас гарч, өнгөрсөн саруудад өсөх хандлага ажиглагдах болов. Тодруулбал, зэсийн үнэ гурван сарын дараа нийлүүлэх нөхцөлтэйгөөр нэг тонн нь Лондоны металын бирж дээр аравдугаар сард 7000 ам.доллараас давж, буцаад буусан нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа ингэж өссөн тохиолдол юм. Харин хөнгөн цагааны үнэ таван жил хагасын хугацаанд анх удаа 2200 ам.доллар хүрсэн бол цайр дэлхийн санхүүгийн хямралын өмнөх зах зээлийн ханш руу дөхөж очжээ. Түүхий эд, материалын үнэ өсөх суурь болж буй Хятадын эдийн засаг тогтворжиж байгаа тул хөрөнгө оруулалт төмөр агуулаагүй металын зах зээл рүү урсаж байна. Энэ нь хөрөнгө оруулагчид байгаль орчинд сөрөг нөлөө багатай салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй болсноос харж болох юм.
Хятад болон хөгжиж буй зарим орнуудад эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор түүхий газрын тос, металууд, үр тариа болон бусад түүхий эдийн үнэ 2000-аад оны өндөр ханш руу дөхөж байна. 2010 оны дундуур зах зээлд нийлүүлэлт эрс нэмэгдсэнээс үнэ буурсан. Эрэлтэд суурилсан үнийн өсөлтийн супер мөчлөгөөс ялгаатай нь энэ удаагийнх нийлүүлэлт бага байгаатай холбоотой.
Зах зээлд түүхий эдийн үнэ сэргэж, өсөж буйд Си Жиньпиний явуулж буй эдийн засгийн бодлого хамгийн чухал нөлөө үзүүлж байна. Тодруулбал, Хятадын Засгийн газар байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хууль журмаа чангатгаж, стандартын бус үйлдвэрүүдийг хааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр гаргасан.
Японы брокерын компани “Номура Секьюритиз”-ийн тооцоолсноор, 2017 онд хөнгөн цагааны эрэлт дэлхийн хэмжээнд 61.64 сая тоннд хүрэх бол нийлүүлэлт ердөө 1.7 сая тонн болох ажээ. ‘Хятад дотоодын хөнгөн цагааны үйлдвэрүүдийг хааснаас болж, хомсдол үүсэх нөхцөл байдал тулгараад байна” хэмээн “Номура Секьюритиз” компанийн ахлах эдийн засагч Эли Оваки ярьж байна. Хятад улс бол дэлхийн хөнгөн цагааны хамгийн том үйлдвэрлэгч орон юм.
Бээжин зэсийн хаягдал бүтээгдэхүүний импортыг хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн нь дээрхийн адилаар барилга болон автомашин үйлдвэрлэлийн салбарын гол түүхий эд болох зэсийн эрэлтийг өсгөснөөс үнэ өсөх шалтгаан болж байгаа юм.
Хятад улс мөн чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гангийн үйлдвэрүүдийг хаах шийдвэр гаргаснаас зах зээл хумигдаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор сайн чанарын ган бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн. Сайн чанарын ган үйлдвэрлэгч Австралид болсон циклон салхины уршгаар дөрөвдүгээр сард нэг тонн ган 300 ам.долларт хүрсэн.
Хятадын Засгийн газар нүүрсээр галладаг цахилгаан станцыг хэрэглээнээс гаргах арга хэмжээ авч эхэлсэн ч энэ нь орон нутагт төдийлэн хэрэгжих боломжгүй байгаа ажээ. Шандунь мужид л гэхэд цахилгаан их зарцуулдаг хөнгөн цагаан хайлуулдаг үйлдвэрүүдийн хүчин чадлыг бууруулах чиглэлээр шийдвэр гаргасан байна.
Хятад энэ мэтээр аж үйлдвэрийн зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хязгаарлаж буйгаас түүхий эдийн зах зээлд үнэ тогтворжих хандлага гарч байгаа юм.
Дэд бүтцээ хөгжүүлж, цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх Хятадын зорилт метал агуулаагүй түүхий эдийн эрэлт өсөх сайн хөрс болж байна. Зам, нисэх буудал болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалт дахь хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар нэмэгдэж, шинэ дээд амжилт тогтоосон юм. Харин хувийн салбар дахь хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлт гарчээ. Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг өсгөсөн энэ өөрчлөлтийг дагаж зай үйлдвэрлэхэд ашиглагддаг никель, лити зэрэг метал агуулаагүй түүхий эдийн үнэ өсөх хандлага гарч байна.
Хятад улс дангаараа дэлхийн литийн хэрэглээний 40 хувийг эзэлдэг. Засгийн газар зургадугаар сард дотоодын болон гадаадын хувь нийлүүлсэн машин үйлдвэрлэгчдийг цахилгаан машины зах зээлд ороход хөнгөлөлт үзүүлэх журам гаргасан. Энэ алхам нь он гарснаас хойш литийн үнэ 30 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн.
Дэлхийн түүхий эдийн зах зээлд никелийн эрэлт улам нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ арваннэгдүгээр сар гарснаас хойш энэхүү металын үнэ хурдтай нэмэгдэж байгаа юм. Цахилгаан машин үйлдвэрлэхэд хэрэглэдэг энэ металын үнэ 2015 оны дээд ханшид хүрэхэд ойрхон байна.
Зах зээлийн судлаачдын үзэж буйгаар Хятадад цахилгаан машины худалдаа энэ онд 20 хувиар өсөж, 290000 ширхэг автомашин худалдаалах гэнэ.
Хятадын байгаль орчны талаар авч хэрэгжүүлж буй бодлого, цахилгаан машины эрэлттэй холбоотой түүхий эдийн үнийн өсөлт, тэрдундаа метал агуулаагүй түүхий эдийн үнийн өсөлт цаашид ч өсөх хандлагатай байгааг судлаачид хэлж байгаа юм. Гэвч нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлт урт хугацаандаа хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байгаа ажээ.