Г.Мөнхболор: Өөрийгөө олохоос илүү өөрийгөө устгах шаардлага байдаг

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Г.Мөнхболор: Өөрийгөө олохоос илүү өөрийгөө устгах шаардлага байдаг

Г.Мөнхболор: Өөрийгөө олохоос илүү өөрийгөө устгах шаардлага байдаг

Art Space-976 галлерейд Венецийн 57-р Олон улсын дүрслэх урлагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй уран бүтээлч Г.Мөнхболорын “Хөх өвсний зүүд” бие даасан үзэсгэлэн энэ өдрүүдэд олны хүртээл болж байна. Арваннэгдүгээр сарын 16-нд нээгдсэн үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 14-нийг дуустал үргэлжилнэ. Зураач Г.Мөнхболортой ярилцлаа.


-“Хөх өвсний зүүд” үзэсгэлэнгийн тухайд нэрнээсээ эхлээд их сонирхол татаж байна. Та бүтээлээрээ дамжуулж хүмүүст юуг илэрхийлэхийг зорив?

-Миний бодлоор уран бүтээлч хүн аливааг илэрхийлэх гэж оролдохоосоо илүү ажиллах нь чухал. Хүнд ямар нэгэн зүйлийг ойлгуулж, ухамсарлуулна гэдэг магадгүй зовлонгийн нэг шалтгаан болдог. Надад бол хүмүүст ойлгуулж, хүргэе гэх сонирхол яахав байдаг ч тэрийгээ тэргүүн шугамд тавиад байгаа юм байхгүй. Хүн бүтээлтэй танилцаад, ард нь байгаа ажлыг төсөөлж мэдрэх нь чухал гэж боддог. Өнгөрсөн жил Орхон голын эхээр явж, 100 гаруй уурхайгаар орсон. Би тийм зүйл хараад сэтгэл эмзэглэсэн ч “Та нар тийм зүйл битгий хий” гэдэг агуулгаар бүгдийг зураад ирнэ гэдэг хэцүү. Миний мэдэрсэн тэр мэдрэмжийг бүтээлүүдээс маань харж мэдрээсэй гэж зурсан. Айхтар сургаал, ном айлдаж байгаа юм биш шүү. Урлагийн бүтээлийг ойлгож дүгнэх гэдэг хэцүү. Хүмүүст гоё сайхан харагдуулах гэж би энэ бүтээлүүдийг хийдэггүй. Өөрийнхөө дотор байдаг гүн гүнзгий мэдрэмжүүдийг л хүргэхийг хүссэн.

Хүмүүс зургийг бодитоор нь харахгүй байна. Зургийг компьютерийнхээ дэлгэцээр харчхаад харсан, үзсэн гэж бодож болохгүй. Дүрслэх урлагийн бүтээлүүдтэй тэгж харьцахгүй байвал зүгээр. Хажууд нь очоод харахад ямар ч орон зайд байсан тэр зураг шал өөр. Тийм болохоор зурагтаар, гар утаснаас үзэж байгаа зураг бол миний зураг биш. Яг ойлгож харъя гэвэл зорьж ирээд үзээсэй гэж хүсч байна.

-Контемпорэри урлагт бол юу ч урлагийн бүтээл байж болно гэж үздэг. Таны хувьд ямар материалтай түлхүү харьцаж бүтээлээ хийж байна?

-Уран бүтээлч хүн, ялангуяа сайн уран бүтээлч хүн хүмүүст хүрсэн гэдэг ч юм уу, гоё сайхан зүйл хийх гэхээсээ илүү тэр ажлынхаа амтанд өөрөө гүн гүнзгий орж, түүндээ тууштай байх нь чухал. Материалтай харилцах харьцаанаас хүн их юмыг таньж мэдэж болдог л доо. Үүнийг гэхдээ энэ хүрээний л хүмүүс ойлгох байх. Тухайн зүйлийг барьж үзэж, хатуу зөөлөн чанарыг нь ойлгож, билэгдлийг бодож харьцах харьцаа хүнд их зүйлийг өгдөг гэж би боддог. Өдөр тутамдаа комьпютер юм уу, нийгэмтэй харьцаад ажил хийж байгаа хүмүүс кирамик, шавартай харьцаад үзвэл их том тайтгарал болно. Яг тэрэн шиг ямар нэгэн зүйлд бүтээлчээр хандах нь бясалгал шиг зүйл. Тэр өнцгөөсөө би материалтай ажиллах дуртай. Хүмүүсийн хувьд нээх тоож хэрэглээд байхааргүй, ажиллахад илүү хэцүү материал сонгох дуртай. Гавалын яс ч юм уу. Одоо эндээс харахад яс гэхээр зүйл харагдахгүй. Гэхдээ ойртоод харвал ясаар хийсэн байна гэдгийг нь мэднэ.

-Орчин үеийн дүрслэх урлагт анх хэзээнээс яаж орж ирэв?

-Хамгийн анх “Ногоон морь” сургуульд сурч байсан. Дараа нь “Уран” гэж сургууль байгуулагдаж, тэнд сурахаар очсон. Гэтэл тэр сургууль маань бас дампуурсан. СУИС-ийн Дүрслэх урлагийн ангид ороод, тэндээсээ хөөгдөх шахам гарсан. Дахиад “Од” гэж сургуульд суралцаж үзсэн. Ингээд болж өгөхгүй байсаар Герман руу явсан.

-Германд очоод үргэлжлүүлэн сурсан уу?

-Германд очоод нэг хэсэгтээ ажил хийсэн. Дундад зууны үеийн хүрээлэн паркуудаар явж, нум сум харвах болоод хутга шидэх тоглоом тоглуулах гэх мэт. Яг уран бүтээлч болоход маань тэр ажил, тэр үеийн хүмүүсийн зан чанарыг ойлгох гэсэн танин мэдэхүй илүү намайг бүрдүүлсэн юм болов уу гэж боддог. Уран бүтээлч хүн өөрөө байнга боловсорч байх ёстой юм шиг л байна лээ. 20-р зуунд яг дүрслэх урлагийн сургууль төгсөөгүй маш олон сайн уран бүтээлчид байгаа. Надад бол тухайн хүн өөрөө ажилдаа цаг зарцуулж чадаж л байвал ямар нэгэн сургуулиас илүү өөрийг нь хөгжүүлдэг болов уу гэж санагддаг. Ер нь би практикт дуртай.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн бүтээлүүд таны өмнөх зургуудаас өнгөний хувьд илүү бараан талдаа байна уу? Та ч бас түрүүн энэ тухай дурдлаа.

-Ерөнхийдөө монгол пентатоник хөгжимтэй, 5 нотны. Дэлхий дээр 7 нотны хөгжим байдаг. Талын монгол сэтгэлгээ ихийг чухалчилдаггүй. Хэдхэн хөгөөр өргөн цар хүрээг хамарч чаддаг. Энэ удаа би ерөнхийдөө аль болох үндсэн, цөөн өнгөн дээрээ тогтъё гэж хичээсэн. Хичээх ч юу байхав, ер нь бол ингэж л таарсан.

-“Хүн, байгаль, эрх чөлөө” хөдөлгөөн гээд хэсэг уран бүтээлч залуус хамтарч үзэсгэлэнд оролцдог байсан. Та тэдний нэг. Дахин хамтарч үзэсгэлэн гаргах уу?

-2013 онд анх “Хүн, байгаль, эрх чөлөө” хөдөлгөөн байгуулагдсан. Дорждэрэм, Даваажаргал, Гантулга бид дөрөв ерөнхийдөө эхний үед их идэвхтэй явсан. Тэр үед бараг хоёр жил гаруй хугацаанд хамт амьдарч байгаа юм шиг л байдаг байсан. Арав гаруй үзэсгэлэнд оролцсон. Тийм темпийг удаан хадгалахад хэцүү л дээ. Өөрсдөдөө төвлөрөх бас гэр бүлдээ цаг зав гаргах хугацаа өгөхгүй бол болохгүй.

Хамтарч уран бүтээл хийнэ гэдэг маш их нягт харьцаа шаарддаг ажил. Одоогоор бид ямар нэг зүйл төлөвлөөгүй байна. Хийхээ хүрвэл аяндаа урсаад ороод ирдэг шүү дээ. Тэр санаа яаж ирэхийг мэдэхгүй. Аяндаа өөрөө үүсээд цаг хугацаагаа олсон бүтээлүүд гараасай л гэж бодож байна. 

-Ямар нэг бүтээл хийхдээ их удаан дотроо бодож бүтээлийн санаагаа олдог уу? Эсвэл хийж байх явцад шинэ санаа төрдөг үү?

-Хүний зүрх сэтгэл, логик хоёр нэгдмэл юм. Би анзаарснаа хэлэхэд, гурав, дөрөв таван жилийн өмнө мөрөөдөж байсан зүйлээ одоо бол айхтар бодож, төлөвлөөгүй мөртлөө хийчихсэн байдаг. Ухамсаргүй шахуу, тэгсэн мөртлөө бас нэг жаахан ухамсарласан гэх юм уу. Цаанаасаа ямар нэгэн зөнгөөр ч үүссэн гэмээр юм уу.

-Та контемпорэри урлагийн хүн. Энэ төрөлд хэн ч уран бүтээлч байж болно, юугаар ч урлагийн бүтээл хийж болно гэж үздэг. Гэхдээ зарим үзэсгэлэн дээр тавигдсан зураачдын бүтээлүүд урлагийн философи гэх юм уу, тийм зүйлийг харуулах гээд байгаа хэрнээ нөгөө философи нь байхгүй, бүтээлч чанар нь ч байхгүй болоод байна уу? Та энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Зураач гэхээр бүгдийг нь нэг хүнээр хараад байдаг л даа. Хөгжмийг хар л даа. Рок дуу, зохиолын дуу гэж ялгаатай байгаа биз дээ. Зураачид ч бас үүн шиг ялгаатай. Дотроо олон задаргаатай. Би энэ тал дээр айхтар шүүмжлэл хэлэхгүй ээ. Зураг, бүтээлд олон өнцөг байна. Сэтгэлгээ, материал, техник эсвэл үгүйлэмжийн хувьд өөр. “Бодно гэдэг бол хэлбэр” гэж Германы зураач Иосэф Биес хэлсэн байдаг. Тэгэхээр надад бол бусад хүмүүсийн үзэсгэлэнг сайн, муу гэж шүүмжлэхээс илүү өөрийнхөө бүтээл дээр төвлөрч байсан нь амар.

-Венэцийн биенналд та ямар уран бүтээлээр оролцож байгаа вэ?

-“Үйлийн үрийг идэх нь” гэсэн бүтээлээр оролцож байгаа. Өнгөрсөн жил алтны уурхай болоод хөдөө хээрээр аялсан аялал маань нэг бодлын сайхан юм шиг хэрнээ хэцүү мэдрэмж төрүүлсэн. Байгалийн сайхнаар явахаасаа илүү байгальтай харьцаж байгаа хүмүүсийн зэрэмдэглэсэн газар дээгүүр явсаар байгаад ирсэн. Мэдэхгүй юм даа, ер нь тэгээд хүн төрөлхтөнд итгэхэд хэцүү л санагдсан.Түүгээрээ би хэн нэгнийг өөрчлөгд гэж хэлэхгүй. Хүмүүст юм ойлгуулна гэдэг бол уулыг өргөөд тавихаас илүү хэцүү зүйл. Гэхдээ хийж л байна. Венэцийн биенналд оролцож байгаа бүтээлдээ малын гавалын яс ашигласан. Миний бүтээлээс ихэнхдээ үхэл, амьдралын дундах тэмцэл, оршихуй, араншин харагдах байх гэж боддог. Эсвэл би өөрөө тэгж харах дуртай.

-Үйлийн үр, нүгэл буян, хоосон чанар… Ер нь таны хувьд итгэл үнэмшлийн тухайд буддын сургаалыг илүүд үздэг гэж ойлгож болох уу?

-Миний итгэл үнэмшил бол өөрөө холион бантан л даа. Би аль нэг шашныг үгүйсгэхгүй. Гэхдээ аль нэгийг нь дагаад байдаггүй. Бүх зүйл хоосон чанартай. Дэлхий ч гэсэн сөнөнө. Хэзээ нэгэн цагт мөхнө, хүн төрөлхтөн ч гэсэн мөхнө. Германы нэг зохиолчийн хэлсэн үг байх аа, “Хэдийгээр бүх зүйл хоосон чанартай, бүх зүйл мөхөх тавилантай ч гэсэн ургаж байгаа цэцгийг хараад баясахыг хүсдэг” гэж. Тэгэхээр байгаа нөхцөл байдал дээрээ тэнцвэртэй байхыг илүү хичээх ёстой байх гэж бодож байна. Маргааш дэлхий сөнөсөн ч одоо тэгээд яахав дээ, тэр болтол нь хийдэг юм аа хийгээд л явна даа.

-Үзэсгэлэнг эхлээд өөрийнхөөрөө, дараа нь 3D шил зүүгээд үзэхээр арай өөр харагдаж байна. Зургийн техникийн талаар та ярихгүй юу?

-Техник бол харьцааг ойртуулах танин мэдэхүйн процесс. Жишээлбэл, мужаан хүн ямар модыг яаж ашиглах вэ гэдгээ сайн мэднэ. Тэр бол бас л мэдлэг байхгүй юу. Боловсролоос илүү туршлага хүнд үнэ цэнэтэй байдаг гэж уншиж байсан. Тэр бараг үнэн л юм шиг байна лээ. Тэгээд яахав дээ, бүтээлүүд угаасаа өөрийн гэсэн араншин үүсэгдэг. Ер нь хүнтэй харьцаж байгаа юм шиг л харьцдаг. Заримдаа уурлана, зарим бүтээлүүдээ цөм цөм өшиглөчхөөд буцааж авна. XX зууны зураачдаас Эдвард Мунх, ANTONI TAPIES BOLON ANSELM KIEFER NAR  зургуудаа гадаа гаргаад хаячихдаг. Тэрийгээ цас, бороо, салхинд байлгаж байгаад буцааж аваад ажилладаг байсан гэдэг. Нөхдүүд болохоор үүнийгээ байгалиас тусламж авч байна гэж үздэг. Олон туршилтууд хийсэн. Тэд туршилтуудаа энэ ажлууддаа шингээсэн гэж ойлгож болно.

-EDVARD MUNCH зургаа гадаа гаргаад хаячдаг байсан гэж ярилаа. Та тэгвэл бүтээлтэйгээ хэрхэн харьцдаг вэ?

-Тухайн бүтээл нь уран бүтээлчдээ илүү их зүйл өгч байдаг. Уран бүтээлч ганц бүтээл хийгээд байдаг юм биш. Тэр бүтээл бас уран бүтээлчийг өөрчилж байдаг. Би бүтээлээс суралцдаг. Бүтээл бүр миний багш. Хүмүүс зураач гэхээр л хүссэн зүйлээ зурчихдаг гэж боддог л доо. Гэтэл тэнд нэг төрлийн харьцаа явж байдаг. Үр хүүхэд, аав ээжийн харьцаа шиг. Хувь хүн өөрийнхөө ертөнцийг тэр бүтээлдээ шингээдэг.

-Сэтгэлээр унасан юм уу, их сэтгэл хөдөлсөн үед сайн бүтээл төрдөг гэдэг. Таны уран бүтээлд сэтгэл хөдлөл хэр нөлөөлдөг вэ?

-Угаасаа бүтээл болгонд сэтгэл хөдлөл шингэдэг байх. Сэтгэлээр унасан, унаагүй бүтээл бүр өөрөө надад нэг оршихуй бэлэглэдэг. Залуу байхад сэтгэл хөдлөл илүү савлагаатай байдаг. Одоо бол би 30 гарчихлаа. Арван хэдэн жил бүтээл хийж байна. Хойшдоо би улам л бага эмоцитой болохыг бодож байгаа. Их сэтгэл хөдлөл шингээж хийсэн ажлууд маань үнэхээр гоё болдог, амьтай болдог. Гэхдээ заавал солиорч байж юм хийнэ гэхээс илүү өөрийн гэсэн даацтай бүтээл хийх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр хийсэн бүтээлийн сул тал нь IKH энерги дэмий зарагдчихдаг. Миний л туршлагаас харахад шүү дээ.

-Уран бүтээлчийн өөрийнх нь нэг үе гэх юм уу, өнгө гэх юм уу, тийм зүйл байдаг. Таны хувьд аль үе дээрээ, аль өнгөн дээрээ явж байна вэ?

-Сайн мэдэхгүй. Энэ бол яахав надад нэг цикл шиг санагддаг. Хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдөөд байгаа юм шиг хэрнээ өгүүлэмж нь ч юм уу, ямар нэгэн зүйл дахиад давтагддаг. Магадгүй миний хүүхэд байх үедээ зурсан зургийг харвал энд байгаа бүтээлүүдтэй давхацсан ч байж болно. Тэгэхээр ямар ч байсан энэ тойрог явж л байдаг байх.

-Яёи Кусама зураач сэтгэцийн эмнэлэгт амьдарч, тэндээсээ уран бүтээл хийх санаагаа олдог. Бүтээлийн санаа гэдэг зүйлийг гадуур явж байгаад харсан, үзсэн зүйлээсээ олж авах тохиолдол олон байдаг уу?

-Тийм юм байдаг. Хүмүүс уран бүтээлч гэхээр суугаад л зураад байдаг, тэр нь ажил болдог гэж боддог. Гэтэл нөгөө хүн чинь автобусанд явж байхдаа ч толгой нь ажиллаж л байдаг. Хоол идэж байхдаа ч. Fulltime ажилладаг гэсэн үг. Тэгэхээр бүх зүйлээс санаа авах боломжтой. Бүтэн өдөр ажиллана, зүүдэнд хүртэл орж ирнэ.

-Зураач бүрт өөрийн гэсэн өнгө, ялгаа байдаг байх. Та өөрийгөө олсон уу?

-Дүрслэхийн ч юм уу, зураач нарын хамгийн их хэлдэг нэг зүйл надад хамгийн их таалагддаггүй. Өөрийгөө олох тухай. Энэ бол худлаа. Үнэнийг хэлэхэд, өөрийгөө олохоос илүү өөрийгөө устгах шаардлага байдаг.  

-Яг одоо таны бүтээлүүдээс мөнгөөр үнэлбэл хамгийн үнэтэй нь аль бүтээл вэ? Хэдэн төгрөгөөр үнэлэх вэ?

-Бүтээл болгон тодорхой үнэлгээтэй. Ер нь тэгээд мөнгөөр үнэлэгддэггүй юм гэж байхгүй болсон байна шүү дээ. Сайн ч бай, муу ч бай түүн дээр өндөр үнэ зоочихсон байхад хүмүүст ойлгосон ч, ойлгоогүй ч өндөр үнэтэй л юм шиг санагддаг. Мөнгөний асуудал дээр бол уг нь өөр зүйл. Ханшин дээр тоглолт хийж, урлаг болгодог хүмүүсийн хувьд ондоо байх л даа.

 

Б.БАТЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж