Ч.Насантогтох: Энэ хүндэтгэл ард түмний минь шагнал

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Ч.Насантогтох: Энэ хүндэтгэл ард түмний минь шагнал

Төрийн ордонд өнөөдөр шагналын хур бууж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар спортын салбараас Хөдөлмөрийн баатар төрлөө. Энэхүү нэр хүндтэй шагналыг жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох хүртлээ. Мөн соёл урлагийн салбарынхнаас хөгжмийн зохиолч Б.Долгион Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, ДБЭТ-ийн гоцлол дуучин Э.Амартүвшин,  Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ж.Оюундарь, Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин Х.Баттулга нар Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо. Шинэхэн баатар, гавьяатууд сэтгэгдлээсээ хуваалцаж байна.

Ч.Насантогтох:

-Таны олон жилийн хөдөлмөрийг төр засгаас үнэлж, Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Олон тэгш ой давхацсан түүхэн ойн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэсэн хүндэт цол олголоо. Би энэ хүндэтгэлийг Монголын ард түмний, тэр дотроо үе үеийнхэн дэлхийн тив, олон улсад амжилт гаргаж байсан шавь нарын маань хөлс хүч, хөгжөөн дэмжигчдийн маань сэтгэл бүхэн шингэсэн шагнал гэж ойлгож байна. Маш их баяртай байна, өнөөдөр. Монголынхоо нийт ард түмэнтэй баяраа хуваалцъя. Удахгүй том баярууд эхэлнэ. Ардын хувьсгалын яруу алдарт 90 жилийн ой, Монгол Улсын тусгаар тогтнолын 805 жилийн ой, Өвөрхангай аймгийн 80 жилийн ой болж байгаа, миний төрсөн нутаг. Нутгийнхандаа,  бүх монголынхоо ард түмэнд сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

 
Б.Долгион:

-Өчүүхэн миний уран бүтээлийг үнэлж, надад урам хайрлалаа. Маш их баярлаж байна. Рок, поп урлагийн гэр бүлийн гишүүн хүний хувьд надаар дамжуулан рок попын уран бүтээлчдэд дахин урам хайрлаж байна гэж ойлгож байгаа. Тийм учраас бид бүхэн энэ урлагийнхаа төлөө зүтгэх болно гэдгээ хэлэх байна.

Ж.Оюундарь:

-Наадам маргааш болно, Монголын ард түмэндээ баярын мэнд хүргэе. Миний хувьд шинэ хуудас нээгдэж байна. Энэ шинэ хуудсыг нээсэн, бүтээсэн уран бүтээлчиддээ, алга ташилтаараа халуун баяр хүргэдэг үзэгчиддээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Одоогоос 30 жилийн өмнө аав маань Ардын хувьсгалын 50 жилийн ойн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байсан. Миний хувьд 30 жилийн дараа 80 жилийн ойгоор энэхүү шагналыг хүртлээ. Аав маань шагнал авахыг маань харсан бол их сайхан үг хэлэх байсан байхаа. Монголынхоо нийт ард түмэнд баярлалаа.


Х.Баттулга:

-Түүхт ойгоор төрийн одонгоор шагнуулсандаа баяртай байна. Энэ сайхан ардчилсан нийгэмд амьдарч байгаадаа баярлаж байна. Би ардчилсан,  эрх чөлөөг эрхэмлэдэг Ерөнхийлөгчөөс энэ шагналыг авсандаа туйлын их баяртай байна. Залуу хүний урмыг бадрааж,  гал цогийг сэргээсэн том хариуцлага гэж ойлгож байгаа. Тийм учраас дахиад ажиллах хэрэгтэй. Өшөө зүтгэх хэрэгтэй. Эхийн цагаан сүү, уул усандаа мөргөе. Эхийн цагаан сүүг би ээжийгээ гэж мөргөе. Уул усыг би аавыгаа гэж бодож  мөргөе. Аав, ээж хоёр маань намайг тэнгэрээс харж байгаа байх. Намайг хайрлаж, хүндэлж явдаг үзэгчиддээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг хэзээ ч бөхөөхгүйгээр зүтгэнэ ээ. Би энэ урлагийн боол нь байх болно.


Д.Эрдэнэбилэг:

-Даамын спортоор 27 жил тасралтгүй хичээллэсэн байна. Томоохон амжилтуудаасаа дурдах юм бол Өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медаль. Ази тивийн дөрвөн удаагийн аварга. Монгол Улсын хоёр удаагийн аварга. Дэлхийн аваргын тусгай байрын шагналуудыг хүртсэн байна. Төр засаг, ард түмнийхээ хүндэтгэл хүлээж шагнал авлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Монголчуудын маань наадам сайхан болж, улам олон амжилтууд цаашид буухиалахыг хүсье.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж