Япон хэдий болтол америк цэргүүдийг хүлцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Япон хэдий болтол америк цэргүүдийг хүлцэх вэ?

Япон хэдий болтол америк цэргүүдийг хүлцэх вэ?

Япон улсад үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүд олон төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь хоёр орны харилцаанд саад болж байна. Сүүлд, ням гаригт /2017.11.19/ АНУ-ын армийн цэрэг согтуугаар жолоо барьж яваад Окинава арлын оршин суугч, 61 настай эрэгтэйг дайрч хөнөөжээ. 21 настай америк цэргийг үлээлгэж үзэхэд согтууруулах ундааны түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс гурав дахин их байв. Улмаар Окинава арлын оршин суугчид ням гаригт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд 65 мянган хүн оролцсон нь АНУ-ын цэргийн бааз Окинавад байгуулагдсанаас хойш сүүлийн 20 жилд гарсан хамгийн том эсэргүүцэл болжээ. Жагсаалд оролцогчид АНУ-ыг цэргээ эргүүлэн татахыг шаардсан бичигт гарын үсэг зурсан байв. Үүний дараа Японд үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүдийг армийн баазын гадна болон дотор согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Мөн америк цэргүүдийг баазаасаа чөлөөтэй гарч явахыг хязгаарласан аж.

АНУ нь Японы Окинава арлаас гадна өөр хотуудад  ч цэргийн баазтай. Окинава арлын газар нутгийн 75 орчим хувийг АНУ-ын цэргийн баазын мэдэлд өгсөн байдаг. Японы Засгийн газраас тус улс дахь АНУ-ын бараг бүх алба хаагчийн цалинг төлж байгаа ч тэд оршин суугчдын эсрэг гэмт хэрэг үйлдэх нь мэдээж зүйд нийцэхгүй. Япон улс өнгөрсөн жил АНУ-ын цэргийн хамгаалалтыг авсныхаа төлөө 556.6 тэрбум иен (4.8 тэрбум ам.доллар) төлсөн бол газрын түрээс 165.8 тэрбум иен (1.5 тэрбум ам.доллар) болжээ. Японд нийтдээ 47 мянга орчим америк цэрэг хоёр орны аюулгүй байдлын хамтарсан гэрээний хүрээнд үүрэг гүйцэтгэдэг. Гэвч Япон дахь америк цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн тоо 6000 дөхсөн нь орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг дагуулж байна. Тухайлбал, өнгөрсөн 2016 оны тавдугаар сард  Окинава дахь Кадена агаарын баазад үүрэг гүйцэтгэж байсан цэрэг Японы 20 настай эмэгтэйг хөнөөсөн хэргээр ял шийтгэгджээ. Энэ хэргийн улмаас 2000 орчим оршин суугч цэргийн баазын гадна чимээгүй жагсаал хийж, АНУ-ын цэргээ татахыг шаарджээ. Улмаар АНУ-ын цэргүүдэд шөнийн цагаар хөл хорио тогтоосон юм. Өмнө нь гуравдугаар сард 24 настай америк цэрэг Наха дахь зочид буудалд амарч байсан япон жуулчин бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгджээ. Окинава арлын цагдаагийн газраас мэдээлснээр АНУ-ын 147 цэргийн алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүд 1972 оноос 2015 оны хооронд 129 хүчирхийллийн хэргээр ял шийтгэгдсэн аж.

Японд үүрэг гүйцэтгэж буй америк цэргүүд Номхон далайн бүс нутагт энхийг тогтоох, Хойд Солонгосын болзошгүй халдлага дайралтаас сэргийлэх зэрэг чухал үүрэг хүлээдэг. Япон улс дэлхийн II дайнд бууж өгч, энх тайвныг баримталсан үндсэн хуулийг баталснаар бусад орнууд шиг цэрэг армийн хүчнийг байгуулах боломжгүй болжээ. Япон улс батлан хамгаалах салбартаа нэлээдгүй мөнгө зарцуулдаг боловч дайралт хийх хүчингүй. Харин сүүлийн үед Японы ерөнхий сайд Шинзо Абе үндсэн хуульд өөрчлөлт оруулж, өөрийгөө хамгаалах хүчний чадамжийг нэмэгдүүлж, гадаад оронд үүрэг гүйцэтгэх эрхийг олж авахаар хичээж байна. Ким Чен Ун Хойд Солонгосын удирдагч болсноос хойш Пхеньяны цөмийн зэвсэг, баллистик пуужингийн аюул заналхийлэл эрс нэмэгдсэн юм. Энэ нь Шинзо Абегийн цэргийн амбицад том түлхэц болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж