МАН-ын Их хурал болж байна. Хурлаар маргааш намын шинэ дарга сонгогдох юм. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл, МАН-ын гишүүн Г.Майцэцэг нар нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн билээ. Гэвч Г.Майцэцэг нь Их хуралд оролцох мандат аваагүй тул хурал болж буй Соёлын төв өргөөний үүднээс буцав.
Ингээд УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл, МАН-ын гишүүн Г.Майцэцэг нарын байр суурийг хүргэж байна.
АЛДАГДСАН ҮНЭТ ЗҮЙЛЭЭ СЭРГЭЭХ НЬ ШИНЭ ЗҮЙЛ ХИЙХЭЭС ИЛҮҮ
УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа:
-Их хурлаар намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж байгаа. Энэ хурлаар яригдах хамгийн гол асуудал бол намын боловсон хүчний асуудал юм. Манай нам бол өөрийн гэсэн үзэл баримтлалтай. Энэ удаад гишүүдийн байр суурьт тулгуурлаж гол шийдвэрийг гаргана. Миний хувьд боловсон хүчний бодлогын алдаа, өмнө нь ямар алдаа гаргасан бэ гэдэгт дүгнэлт хийнэ. Алдагдсан үнэт зүйлээ сэргээх нь шинэ зүйл хийхээс илүү гэж үзэж байна.
намын рейтинг байнга унаж байна
МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл:
-МАН-ын хувьд хариуцлагатай Их хурал болж байна. Хэдийгээр бид олонх болсон ч намын рейтинг байнга унаж байна. Дээр нь 65 эрх ашиг хөөж явсаар байгаад хоёр хуваагдсан. Ийм үед намынхаа эрх ашгийг бодох уу, улс орныхоо эрх ашгийг бодох уу, эсвэл 32,33 гэсэн хоёр том бүлэглэлийн эрх ашгаар явах уу гэдгийг өнөөдрийн хурлаар шийдэх ёстой. Хоёрдугаарт, МАН шинэ бүтэц зохион байгуулалтад орох шаардлагатай. Жишээ нь Удирдах зөвлөл 33 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг ч өнөөдрийн нөхцөлд энэ бүтэц тохирохгүй байна. Тиймээс бид энэ намынхаа Удирдах зөвлөлийг 10-20 хүнтэй болгох ёстой. Хятад улсыг долоохон хүн удирдаж байна. Нэгэнт намын дарга, Удирдах зөвлөлдөө итгэл үзүүлж байгаа бол эрх мэдлийг төвлөрүүлэх ёстой. Түүнчлэн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоог клубын системд оруулах ёстой. Энэ холбоо гадаадад боловсрол эзэмшсэн залуучуудыг оруулахгүй хааж боодог хүнд суртлын байгууллага болж хувирсан. Дээр нь намынхаа удирдлагад шантааж хийдэг болсон тул МАН эдээ бээрээс салах ёстой.
Би МАН-ын даргаар сонгогдвол хэнд ч хариуцлага тооцохгүй
МАН-ын гишүүн Г.Майцэцэг:
-Ямар учраас МАН-ын даргад нэр дэвшихээр шийдсэн бэ?
-МАН бол хамгийн ардчилалтай нам юм. Би бол жирийн иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа намын даргад нэр дэвшихээр шийдсэн. Эмэгтэй хүн бол эвийг дагаж, төсвийг сахиж, зөвийг баримталдаг. Иймд эх хүн, эмэгтэй хүний үзэл баримтлал манай намд дутагдаж байна уу гэж харагдаад байгаа юм. Монголын эмэгтэйчүүд нуруун дээрээ маш их ачааг үүрээд явж байна. Гэтэл эрчүүдийн байр суурь түүнээс дээгүүр байдаг ч эв нэгдэлгүй харагдаад байгаа юм. Хэрэв би МАН-ын дарга болох юм бол өнгөрсөнтэйгөө зууралдаж, хэн нэгэнд хариуцлага тооцохгүй. Яагаад гэвэл манай намын лидерүүд чин сэтгэлээсээ зүтгэж байсан гэдэгт би баттай итгэж байна. Харин ч өнөөдрөөс илүү маргаашийг харж ажиллах болно.
-Та өмнө нь МАН-аас өөр улстөрийн намын гишүүн байсан уу?
-Би 2010 онд МАН-д элссэн. Зорилго нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх байсан. Тиймээс Баянгол дүүргийн 120 дугаар үүрийн гишүүн болсон. Түүнээс өмнө өөр намд элсэж байгаагүй.