Цаначид Финландад амжилтаа ахиулсаар байна

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Цаначид Финландад амжилтаа ахиулсаар байна

Цаначид Финландад амжилтаа ахиулсаар байна

Монголын цанын тамирчид “Пёнчан 2018” олимпийн эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд оролцох талаар бид урьд нь мэдээлсэн. Финландад гүйлтийн цанын ОУХМ Х.Хаш-Эрдэнийн удирдлагад таван тамирчин оролцож байна. Олимпийн эрх олгох цуврал тэмцээнд манай цаначид хэрхэн оролцож байгааг багцлан хүргэе.

Манай цаначид гүйлтийн цанын ойрын зай болон 5, 10 км-т уралдаж байна. 

Тамирчид Финландын Иматра хотын цанын баазад 10 хоног бэлтгэл хийж, өнгөрсөн долоо хоногоос эхлэн цуврал тэмцээнд оролцоод эхэлжээ. 

ОУХМ Х.Хаш-Эрдэнэ дасгалжуулагчтай гүйлтийн цанын үндэсний шигшээ баг тамирчид

Долоо хоногийн өмнө Финландын Муонион хотын Олос цанын баазад FIS-ын уралдаанд оролцсон цаначдын амжилтыг өнгөрсөн жилийн амжилттай харьцуулах боломжтой аж. Тодруулбал, манай тамирчид 2016 онд энэхүү цанын баазын зам дээр яг ижил цаг хугацаанд дахин хурдалж байгааг холбооныхон онцлов. ОУХМ Б.Ачбадрах 2016 онд уралдсан спринт зайн уралдаанд өөрийн амжилтаа 11 секунд, 15 км-ын зайн уралдаанд 47 секундээр тус тус ахиулсан бол Ч.Отгонцэцэг мастер спринт зайд 18 секунд, таван км-ын зайн уралдаанд 33 секунд, 10 км-ын зайн уралдаанд 15 секундээр амжилтаа урагшлуулжээ. Тэгвэл спортын мастер А.Энхтуул таван км-ын зайн уралдаанд 1.28 секунд, 10 км-ын зайн уралдаанд 1.19 секундээр тус тус өөрийн амжилтаа ахиулж олон улсын цанын холбооны оноог 26-103-аар ахиулсан байна. Дараагийн уралдаан Финландын Саариселка хотод болжээ. Уг уралдааны 10 км-ын зайд ОУХМ Б.Ачбадрах өнгөрсөн оны 33 минут 22.6 секундын амжилтаа 30 минут 03.6 секунд болгон ахиулж 137.92 оноо авсан байна. С.Дүүрэнбаярын хувьд 186,92 оноо авчээ.

Харин ОУХМ Ч.Отгонцэцэг 5 км-ын зайд өөрийн амжилтыг 37 секунд болгон ахиулсан бол спортын мастер А.Энхтуул өмнөх амжилтаа 2.25 секунд болгон шинэчилжээ. Эдгээр тэмцээнүүд арваннэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болсон байна. 

Финландын цуврал тэмцээнд оролцож буй цанын шигшээ багийн дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ тамирчдаа дасгалжуулахын зэрэгцээ “START” брэндийн цанын тос тосолгооны сургалтад хамрагдсан байна.

Цанын шигшээ багийн дараагийн тэмцээн Рука хотын Куусаамо цанын баазад болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эхний гараа аж.

Мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж