
Өнгөрөгч зургадугаар сарын 23-нд “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар, М.Баатархуяг нарыг бусдын эд хөрөнгийг санаатай эвдсэн гэх үндэслэлээр цагдан хорих 461 дүгээр ангид, Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарыг жагсаал цуглаан зохион байгуулахдаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатай албадан саатуулах шийдвэр гаргасан юм. Одоогийн байдлаар албадан саатуулагдаад байсан Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нар Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар, М.Баатархуяг нар цагдан хорих төвөөс батлан даалтад гарна. Тэднийг цагдан хорих болсон үндэслэлийн талаар эргэн сөхвөл: “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар нарт энэ сарын 22-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг “Гурван тамга” компанийн усан бууны генератор руу буудаж, бусдын өмч хөрөнгөд санаатай халдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 153.2 зааснаар хэрэг үүсгэсэн АЖ. Тэд өнгөрсөн оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник рүү 22 удаа, “Сентерра гоулд” компанийн техник хэрэгсэл рүү гурван удаа буудсан хэмээн эрүүгийн хэрэгт татагдаад байсан юм. Өмнө нь үйлдсэн хэрэг эцэслэн шийдэгдээгүй, хэрэгт холбогдогчид батлан даалтад гадуур байцаагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь цагдан хорих үндэслэл болсон байна. Харин М.Баатархуяг, Д.Төмөрбаатар нарыг өнгөрөгч зургадугаар сарын 03-нд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Төрийн ордны гурван давхрын 36 тоот өрөөний цонх руу нум сумаар харваж танхайрсан хэрэгт буруутгаж, эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.