Хятад улс 2021 онд ядуурлыг устгана

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Хятад улс 2021 онд ядуурлыг устгана

Хятад улс 2021 онд ядуурлыг устгана

Хятадын коммунист намын сургуулийн орлогч дарга Хө Итин тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2017.11.20) Улаанбаатар хотноо ХКН-ын XIX их хурлын үр дүнгийн талаар танилцууллаа.  Хятадын коммунист намын дарга Си Жиньпиний хоёр дахь таван жилийн бүрэн эрхийг баталгаажуулж, Хятад улсыг удирдах намын удирдлагыг шинэчилсэн намын их хурал аравдугаар сард болж өндөрлөсөн юм.

Хуралд ХКН-ын боловсон хүчнийг бэлтгэдэг намын сургуулийн төлөөлөгчдөөс гадна Монголын улс төрийн намын төлөөлөл, шинжлэх ухааны академи, хоёр улсын Элчин сайдын яамдын дипломат төлөөлөгчид, МУИС-ийн эрдэмтэн багш нар, Оюутолгой ХХК-ийн ажилтнууд, Монгол улсад суралцаж буй хятад оюутнууд болон хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

Хурлыг нээж ХКН-ын намын сургуулийн орлогч дарга Хө Итин хэлсэн үгэндээ “Монгол, Хятад хоёр улс уулсаар хиллэсэн эртний түүхэн харилцаатай улс.  Өнгөрсөн хугацаанд хоёр тал өндөр түвшний харилцан айлчлалаар харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Манай засгийн газар Монгол Улстай харилцах харилцааг чухлаар тавьж ирсэн. Миний зорилго бол ХКН-ын XIX их хурлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. ХКН-ын XIX их хурал намд шинэ үеийг гаргаж ирсэн түүхэн цаг үед болсон чухал хурал. Энэ удаагийн хурал амжилттай болж, Хятадын түүхэнд шинэ эриний эхлэл болж байгаа юм. Улс орондоо төдийгүй олон улсад нөлөө үзүүлж, ард түмний зориг, итгэлийг бадраасан энэ хуралд гадаадын 3000 гаруй сэтгүүлч, сурвалжлагч оролцож, хурлын талаар мэдээлсэн. Өнөөдрийг хүртэл гадаадын улс төрийн 400 гаруй намаас 1300 гаруй баярын цахилгаан ирсэн нь түүхэнд байгаагүй үйл явдал юм” хэмээн дурдлаа.

ХКН-ын намын сургуулийн  орлогч дарга Хө Итин XIX их хурлын хэлэлцэж шийдсэн доорх зургаан үндсэн асуудлыг танилцуулсан юм.

  • “Хятад мөрөөдөл”ийг биелүүлэх  Си Жиньпинээр удирдуулсан коммунист намын шинэ удирдлагыг гаргаж ирсэн.
  • Си Жиньпиний боловсруулсан улс төрийн үзэл онолыг Хятад улсад шинэ эрин эхлүүлэх эхний алхам гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
  • Хятад онцлогтой социализмын шинэ эрин байгуулах тухай улс төрийн үзэл онолыг биелүүлэх зорилт тавьсан.
  • Хятад онцлогтой социализмын шинэ эрин байгуулах хоёр үе шаттай төлөвлөгөө XIX их хуралтай хамт эхлэв.
  • 2050 он гэхэд Хятад улс баян, хүчирхэг гүрэн болох зорилт тавьсан.

ХКН-ын төлөөлөгчид шинэ эрин хэмээх үгэнд өндөр ач холбогдол өгч байсан нь анзаарагдсан. “Хятад онцлогтой социализмын шинэ эрин байгуулах үзэл онол нь манай улсын хувьд суурь онол төдийгүй дэлхийн улс гүрнүүдийн хувьд манай улсын суурь ойлголт болох юм” хэмээн Хө Итин онцолсон. Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг гурван үе шаттай явуулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжид ядуурлыг арилгах асуудал шийдэгдэх шатандаа яваа ажээ. Хятад улс 2021 онд коммунист намынхаа 100 жилийн ойгоор ядуурлыг бүрмөсөн арилгаж, нэг ч ядуу хүнгүй улс болох өндөр амбицтай зорилт тавьсан байна.

Харин 2021-2035 он буюу хөгжлийн хоёрдугаар шатан дахь 15 жилийн хугацаанд шинэ нийгэм байгуулах зорилт тавьж байгаа бол 2035-2050 оны дараагийн 15 жилийн хугацаанд дэлхийн баян, хүчирхэг, эв нэгдэлтэй улс болохоор зорилт тавьсан ажээ. ХКН-ын төлөөлөгчид Си Жиньпиний улс төрийн үзэл онолын дагуу Хятад улс олон улсын хэмжээнд нүүрлэсэн эрсдэл сорилтын талаар тусгаж, гадаадын улстай харилцан уялдаатай хамтран хөгжихийн тулд дэлхийн нийтийн тулгамдсан асуудлыг хятад загвараар шийднэ хэмээн онцолсон.

ХКН-ын төлөөлөгчид мөн сэтгүүлч, олон нийтийн асуултад хариулт өгсөн юм.  2050 он гэхэд дэлхийн супер гүрэн болохоор амбицтай зорилт тавьсан Хятадын улс агаарын болон хөрсний бохирдлын хэмжээгээр дэлхийд дээгүүрт бичигддэг. Бохирдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа тухай сонирхсон сэтгүүлчийн асуултад ХКН-ын төлөөлөгч “Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад Бээжин хотын агаарын бохирдол гайгүй болсон. Нэг хэсэг хүнд байсан. Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах чиглэлээр дорвитой арга хэмжээ авсны дүнд бохирдлын хэмжээг бууруулж чадсан. Хамгийн чухал арга хэмжээ бол байгаль орчныг бохирдуулж, сөрөг нөлөө үзүүлж буй хувь байгууллагад хуулийн хариуцлага тооцох байдаг.

Хятад улс байгаль орчныг хамгаалах маш хатуу хууль баталсан. Байгаль орчныг бохирдуулсан, сөрөг нөлөө үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан  албан тушаалтныг халж, дахин хэзээ ч албан тушаалд дэвшүүлэхгүй байх заалт оруулсан. Биднийг ирэхээс өмнө нэг хотын орлогч дарга агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ аваагүй шалтгаанаар халагдсан. Хятад улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр аравдугаар сараас гуравдугаар сарын хооронд барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргаж, шатахууны чанарыг сайжруулах, хуучин автомашины татварыг нэмэх, хөдөлгөөнд оролцуулахыг хориглох зэрэг шат дараатай олон арга хэмжээ авсны дүнд бохирдол буурсан” хэмээн хариулсан юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж