МОНГОЛ АРДЫН НАМЫН ХХVIII ИХ ХУРАЛД МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ТАВЬСАН УЛС ТӨРИЙН ИЛТГЭЛ
Эрхэмсэг ноёд, хатагтай, хүндэт зочид оо!
Их хурлын төлөөлөгчид, журмын нөхөд өө!
Үзэсгэлэнт сайхан эх орныхоо өнцөг булан бүрт аж төрж, амьдран суугаа намынхаа мянга мянган гишүүдэд, тэдний төлөөлөл болж сонгогдон ирсэн 1300 гаруй төлөөлөгч Та бүхэндээ намынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Нэгэн зууны түүхтэй Монгол Ардын Намын 28 дахь их хурал эхэлж байна. Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм.
Энэ агуулгаар XXVIII их хурлаас ч гэсэн Монголын ард түмэн ихийг хүсэн хүлээж байгаа.
Улс орны хийгээд намын амьдралын тулгамдсан олон асуудлуудад нэг мөр хариулт өгсөн, зорих зам, хандах зүгээ зөв тодорхойлсон түүхэн ач холбогдолтой хурал болно гэдэгт би итгэлтэй байна.
Тиймээс улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, намынхаа улс төрийн бодлого, үйл ажиллагааг шинэчлэн тодорхойлох, нийгмийг шинэ тэмүүлэлд сэрээн дуудах эрхэм зорилгод тань амжилт хүсье.
Эрхэм нөхөд өө,
Их хуралд тавьж буй энэхүү илтгэлээрээ миний бие улс орныхоо нийгэм-эдийн засгийн байдал, намынхаа бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн тулгамдсан асуудлыг нэгдүгээрт, МАН-ын хоёр Их хурлын хоорондох бодлого, үйл ажиллагааны үр дүн, туршлага сургамж, хоёрдугаарт,Намын дотоод амьдралын асуудлууд, шийдвэрлэх арга зам, шинэчлэлийн зорилтууд гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваан танилцуулж байна.
НЭГ. НАМЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН, ТУРШЛАГА СУРГАМЖ
1. НАМЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН
Эхлээд би Та бүхэндээ МАН-ыг удирдан ажилласан өнгөрсөн 4 жилийн тайлангаа товч танилцуулъя.
2013 оны 10-р сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Ардын Намын XXVII их хурал болж, 29-ний өдөр миний бие Намынхаа тамгыг гардан авч байлаа.
Үндэсний хэмжээний, Монголын улс төрд манлайлагч, түүчээлэгч үүрэгтэй том намыг удирдах өндөр хариуцлага надад ийнхүү хоёронтаа тохиосон билээ. Тэр үед манай нам 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд дараалсан ялагдал хүлээж, сөрөг хүчний байр сууринд шилжээд байв.
Засгийн эрхийг барьж байсан Ардчилсан Нам хүчээр түрээ барих бодлогодоо МАН-ын байр суурийг ганхуулах, парламент дахь намын үйл ажиллагааг хясан боох, хууль ёсыг үл тоомсорлон дураар авирлах, гишүүд дэмжигчдийг маань хавчин гадуурхаж, хэлмэгдүүлэн харлуулах зэрэг тэдний өөрсдийнх нь ил шулуухан тодорхойлсноор “МАН-ыг түүхийн тавцангаас арчих” үйлдэл хийж, нэг ёсондоо цагаандаа гараад байв.
Ээдрээ төвөгтэй, амаргүй цаг үед болсон МАН-ын XXVII их хурал шинэчлэлийн хурал болсон юм.
Алдаа оноондоо нухацтай дүгнэлт хийж, зорилгоо зөв тодорхойлсон. Үндсэн дүрэмдээ шинэчлэлийн агуулгатай олон чухал өөрчлөлтийг оруулсан.
Үйл ажиллагааны үндсэн мөрдлөг болсон “Урагшаа” хэмээх чухал баримт бичиг баталж, намын дотоод үйл ажиллагааны шинэчлэлийн зорилтуудыг тусгасан билээ.
Түүнчлэн “Монгол Улс-2021: Хөгжлийн зорилтууд” бодлогын баримт бичгийг хэлэлцэн сайшаасан бөгөөд энэ нь Монгол Улсаа тогтвортой хөгжүүлэх хөгжлийн загварыг багтаасан цогц бодлого болсон юм.
Энэ бодлого манай намын 2016 оны УИХ-ын сонгуулийн Мөрийн хөтөлбөрт бүрэн тусгалаа олж, өнөөдөр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон хэрэгжиж байна.
2014 онд МАН-ын Бага хурлын II хуралдаанаар Дунд хугацааны стратеги төлөвлөгөө буюу үйл ажиллагааны бодлогын баримт бичгээ баталсан.
Энэ бол МАН дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртэй Монголын анхны улс төрийн хүчин болсон хэрэг байлаа.
Дээрх баримт бичгүүдэд туссан бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажилд намын үйл ажиллагаа бүхэлдээ чиглэсэн.
Юуны өмнө намын Удирдах зөвлөл болон аппаратын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн өөрчилсөн.
Орон тооны дөрвөн нарийн бичгийн даргыг хоёр, Удирдах зөвлөлийн 35 гишүүнийг 21, улс төрийн 70 ажилтныг 50 болгож цомхон, чадварлаг бүтэцтэй болгох чиглэлд хийсэн алхам үр дүнгээ өгсөн гэж бодож байна.
Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ажилтнуудыг сонгон шалгаруулалтаар томилдог болсон.
Төр, засгийн болон намын өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Зөвлөхүүдийн танхимыг байгуулан, бодлогын баримт бичиг, тулгамдсан асуудлуудаар байр суурийг нь сонсон, шийдвэртээ тусгаж байлаа.
“Ардын индэр” хэлэлцүүлэг, “Бид хамтдаа” аян, форум, “Нэг баг-Нэг зорилго” зөвлөлгөөн, “Манлайлал-500” хөтөлбөр гэх мэт гишүүд, олон түмэн рүүгээ хандсан арга хэмжээ, кампанит ажлууд сайн үр дүнд хүрсэн.
Эх орон даяар “Ардын индэр” уулзалтыг зохион байгуулж, Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ дахь намын бүлгийн гишүүд 21 аймгаараа хэд хэдэн удаа тойрч, цөөнгүй суманд хүрч ажиллан гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчидтой уулзаж, санал солилцсоныг Та бүхэн санаж байгаа байх аа.
“Бид хамтдаа” аян улсын хэмжээнд бүх аймаг, сум, нийслэлийн 9 дүүргийг хамран 6 сарын хугацаанд өрнөж, 520 шахам мянган хүнийг хамарсан.
НАМЗХ, НАМЭХ, НАМОХ, Намын дэргэдэх Ахмадын байгууллага, Шинэчлэлийн хороо, Зүүний хүчний холбоо зэрэг бүтцийн болон үүсгэл санаачилгын байгууллагууд тус бүрдээ хүмүүст хүрэх энэ чиглэлийн арга хэмжээ зохион байгуулсан.
Улс төрийн намын хүчтэй байх, зорилгодоо хүрэх, бусдыг араасаа дагуулах чадавхийг ард түмэнтэйгээ ямагт хамт, тэдний дунд байх, зөвлөлдөн ярилцаж санаа бодлыг нь сонсох, бодлого үйл ажиллагааны хэрэгжилтээ тэдэнтэйгээ хэлэлцэх, тэднээр дүгнүүлэх арга барил бүрдүүлж өгдгийн баталгааг 2016 оны УИХ-ын сонгуульд бидний олсон амжилт харуулсан.
Улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид оролцсон “Бид хамтдаа” форумыг 2015 оны 10-р сард зохион байгуулж, Тунхаг бичиг гаргаж байлаа.
Түүнчлэн Үндэсний зөвшилцлийн уулзалтыг санаачлан зохион байгуулж, тодорхой сэдвүүдээр Монголын улс төрийн бүх намууд болон бусад институцүүд хэлэлцэн зөвшилцөж, санал дүгнэлт гаргадаг болсон нь монголчуудын үндэсний хэмжээний асуудлаар нэгдмэл байр суурь, нэг зорилготой байх, улсаараа нэг зүгт хардаг болох эрмэлзлийг нэгтгэн зангидсан түүхэн санаачилга байлаа.
Өдгөө энэ арга хэмжээ тогтмолжиж, 13 удаа болоод байгаа бөгөөд санаачлагчийн хувьд миний бие цаашид тогтвортой үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна.
Бүх шатны намын ажлыг идэвхжүүлэх, удирдлагыг чадавхижуулах, дотоод зохион байгуулалт, ажлын уялдаа холбоогоо сайжруулахад онцгой анхаарсан.
Тухайлбал, “Нэг баг, нэг зорилго” уриан дор намын бүх шатны 500 гаруй удирдах ажилтныг хамарсан зөвлөлгөөн Улаанбаатар хотод болж, НАШБ-уудын зөвлөлгөөнийг янз бүрийн хэлбэрээр 10 шахам удаа зохион байгуулсан.
Бид 2012 оны УИХ-ын болон орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлд хамгийн том ялагдал хүлээсэн сургамждаа дүгнэлт хийж, Бага хурлын гишүүдтэй санамж бичиг байгуулан, нийслэлийн 152 намын үүрийг хариуцуулсан.
УИХ-д жагсаалтаар сонгогдсон бүлгийн гишүүд нийслэлийн 9 дүүргийг хариуцан ажилласан нь 2016 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд манай намын гишүүд нийт суудлын 3/4-ыг бүрдүүлэхэд нөлөө үзүүлсэн гэж бодож байна.
Хүний нөөцөө бэлтгэх чадавхижуулах зорилгоор их, дээд сургуулиудтай гэрээ байгуулан бакалавр, магистрын сургалтад 200 гаруй оюутан сургаж, намын дэргэдэх “Стратеги” академи Удирдлагын академитай хамтран “Манлайлал 500” хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн 300 орчим залуусыг хамруулсан билээ.
Хүнээ сургах, намын гишүүдээ чадавхижуулах, сургаж бэлтгэсэн хүмүүсээ намын ажилд оролцуулах, ажил албанд томилох, шударга өрсөлдөөний зарчмаар намын бүх шатны байгууллагын удирдах ажилтнуудыг сэлбэн шинэчилж байх нь манай намын хүний нөөцийн бодлого, менежментийн жанжин шугам байх зарчмыг баримталсан нь бодит үр дүн өгсөн юм.
МАН 2014 оны 12-р сард хамтарсан Засгийн газарт орж ажилласныг Та бүхэн мэднэ.
Энэ шийдвэрийг иргэд, намын гишүүдийн дунд хэд хэдэн удаагийн судалгаа явуулж, Бага хурлаараа хэлэлцэж, олонхийн саналаар гаргасан юм.
Харамсалтай нь 8 сарын дараа АН-ын санаачилгаар Засгийн газрын бүрэлдэхүүнээс шахагдаж гарсан.
Энэ шийдвэр АН-ын удирдлагын дундах үл ойлголцол, бодлогын тогтворгүй байдал, хоосон улс төр, итгэлцлийг эрхэмлэж чаддаггүй, гуйвж дайвсан хувирамтгай чанараас үүдсэн үйлдэл байв.
Манай нам улс үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэж, эдийн засаг хүндэрсэн үед нэгдмэл бодлогоор хамтран зүтгэж, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгыг удирдлага болгож Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон бөгөөд манай намаас томилогдсон сайдууд сайн ажилласныг тухайн яам, салбарынхан төдийгүй тухайн үеийн эрх баригч хүчин өөрсдөө ч үнэлж байв.
Энэ үйл явдал АН-тай аливаа асуудлаар хамтрахдаа тэдний бодлогогүй, тогтворгүй, итгэл үл даах мөн чанарыг ямагт харгалзан үзэж байх сургамжийг үлдээсэн бөгөөд манай намын нэр хүндэд муугаар нөлөөлж чадаагүй юм.
Засгийн газраас гарсны дараах рейтингийн судалгаагаар МАН-ын нэр хүнд аажмаар өсөх хандлагыг илэрхийлж байсан нь олон түмэн асуудлыг мэргэн ухаанаар, зөв ойлгож байсны илрэл биз ээ.
Монгол Ардын Намын гадаад харилцаа өргөжин хөгжлөө. Дэлхийн 365 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн Ази, Номхон далайн бүсийн орнуудын улс төрийн намуудын чуулга уулзалт хэмээх том байгууллагын гишүүнээр элсэж, улмаар Тэргүүлэгч гишүүн 22 намын нэгээр сонгогдлоо.
СоцИнтерний гишүүн намуудын дунд манлайлах байр суурьтай болж, Дэд ерөнхийлөгчийн статус Монгол Ардын Намд ногдсоноор манай намын даргаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболд энэ албан тушаалыг хашиж байна.
Олон улсын хэмжээний улс төрийн томоохон байгууллага болох “Прогрессив Алъянс”-ын болон СоцИнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын хурлыг Улаанбаатао хотноо амжилттай зохион байгууллаа.
Хөрш болон найрсаг харилцаатай улс орнуудын эрх баригч намуудтай тогтоосон уламжлалт харилцаа шинэ агуулга, хэлбэрээр баяжлаа.
Тухайлбал, 2016 оны сүүлчээр ОХУ-ын эрх баригч “Нэгдмэл Орос” намтай 5 жилийн хугацаанд хамтран ажиллах шинэ гэрээнд миний бие тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Борис Грызловтой гарын үсэг зурсан.
Бид 2015 онд Удирдах зөвлөлийн хуралдаанаар сонгуулийн бэлтгэлийг хангах асуудлыг тусгайлан хэлэлцэж, Ажлын хэсэг байгуулан, нарийвчилсан төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажилд бүтэн нэг жилийг зарцуулж, олон хүний хүч хөдөлмөр, оюун санаа, мэдлэг туршлага, санал зөвлөмжийг шингээсэн нь монгол хүнээ хөгжүүлэх, иргэдээ ажилтай орлоготой байлгах, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, улс орны салбар бүрийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэх гарц, арга замыг тусгаж чадсан цогц баримт бичиг болж чадсан.
Нэр дэвшигчдийг тодруулах арга хэмжээг хэд хэдэн үе шаттай зохион байгуулсан бөгөөд холбогдох журмуудыг баталж мөрдүүлсэн.
Улс орныг бүхэлд нь хамарсан томоохон судалгааг 2014 оны сүүлчээс эхлэн 8 удаа хийж, тухайн тойргийн сонгогчид, намын гишүүдийнхээ саналыг сонсох хэлэлцүүлгийг намын анхан шатны байгууллагуудын хэмжээнд ил тод нээлттэй хийсэн билээ.
Энэ бүхний эцэст нэр дэвшигчид шударга өрсөлдөөнөөр, ил шалгаруулалтаар тодорсоннь сонгуульд амжилттай оролцох нэг нөхцөл болсон юм.
Ерөөс өнгөрсөн 4 жилд бид сонгуульд нэр дэвшүүлэх, албан тушаалд хүнээ сонгох зэрэгт өрсөлдөөний зарчмыг л баримталж байсан нь Дэд сайдын 13 орон тоон дээр 65 хүн өрсөлдөж байснаас тодорхой харагдах байх аа.
Энэ бүхний үр дүнд 2016 оны УИХ-ын сонгуулиар парламентад 65 суудалтай болж, орон нутгийн сонгуулиар нийслэлийн 45 суудлын 34-ийг авсан.
Эдүгээ аймаг, нийслэлийн ИТХ-ын нийт бүрэлдэхүүний 70 хувийг манай намын гишүүд эзэлж байна.
Улсын хэмжээний 330 сумын 232-т, нийслэлийн 9 дүүргийн 6-д нь бид ялсан. Нэгтгэн дүгнэж хэлбэл энэ нь МАН-ын хувьд сүүлийн 10 гаруй жилд гарч байгаагүй том амжилт, үнэмлэхүй ялалт байлаа.
2. ЭРХ БАРИГЧ НАМЫН ХУВЬД ХЭРЭГЖҮҮЛСЭН БОДЛОГО,
ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН
Манай намын дийлэнх олонхийг бүрдүүлж буй Улсын Их Хурал улс орны хэмжээнд нэн тулгамдсан, бэрхшээлт асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэх, энэ чиглэлээрх хууль эрх зүйн орчныг өөрчлөн шинэчлэх, улс орноо хямралаас гаргах Засгийн газрын хүчин чармайлтыг цаг алдалгүй дэмжих, парламентын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, олноороо түрээ барилгүй ойлголцол зөвшилцлийг эрхэмлэж, цөөнхийн дуу хоолойг сонсох, боловсруулж, батлан гаргаж байгаа хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын үүргээ илүү сайн хэрэгжүүлэх зэрэг зорилтыг тавин ажиллаж байна.
Шинэ парламент 2016 оны намрын чуулганаараа 274, 2017 оны хаврын чуулганаар 183 хууль, тогтоол баталсан нь өмнөх парламентаас даруй 68-97 хувийн илүү үзүүлэлттэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Монгол Улсын хилийн тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Прокурорын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, сонгогдож томилогддог төрийн албан тушаалтны оффшор бүсэд үйл ажиллагаа явуулах эрхийг хориглосон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Арбитрын тухай, Биеийн тамир, спортын тухай зэрэг томоохон хуулиудыг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Хэдийгээр улсын эдийн засаг хямралтай, төсөв санхүүгийн боломж хэт хумигдмал байгаа ч ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд, өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамгаалах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, залуус оюутнуудыг дэмжих хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.
“Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэг ялгаваргүйгээр бүх хүүхдэд, “Насны хишиг”-ийг өндөр настан ахмадууддаа олгодог боллоо.
Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгон буурууллаа. Ахмадууд тэтгэврээ барьцаалж банкнаас зээл биш 1.5 сарын тэтгэврээ урьдчилан авдаг шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцон нэг удаа нөхөн төлөх боломжийг хангаж, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулав.
“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх амлалтаа биелүүллээ.
Гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, сар бүр 50.000 төгрөг олгох, эхчүүдийн улсад ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлж тооцохоор боллоо.
Түүнчлэн 0-18 насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240.000 төгрөгийн тэтгэмж олгохоор хуульчилсан.
Их, дээд сургуулийн оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөх бодлого хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Энэ зорилгоор 2018 онд 32 сургууль, 86 цэцэрлэгийг шинээр барьж, 29 сургууль, 16 цэцэрлэгт өргөтгөл хийхэд зориулан улсын төсөвт 157.9 тэрбум төгрөгийг тусгалаа.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
Бага насны хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай 30 эм бэлдмэлийг үнэгүй олгох Гемодиализ эмчилгээнд иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болсон.
Тэтгэврийг 2018 оноос эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улсын төсөвт 137.4 тэрбум төгрөгийг нэмж тусгалаа.
Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ажлын үр дүн, ачаалал, ур чадвартай нь уялдуулан урамшуулаж байхаар шийдлээ.
УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан шинэ Засгийн газар нэн төвөгтэй байдалтай нүүр тулсан.
Төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөг болж, ДНБ-ий 18.0 хувьд хүрснээр дампуурлын ирмэгт ирсэн эдийн засаг, өрийн дарамт, төр, засгийн болон төсөв санхүүгийн бүх түвшинд нүүрлэсэн хариуцлагагүй, замбараагүй байдлыг гэтлэн давахын тулд асар их хүчин зүтгэл гаргах хэрэгтэй болсон.
Боломж нөөцөө дээд зэргээр дайчлах, хэмнэлтийн горимд шилжих, алдаагүй зөв, оновчтой шийдвэрийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх, өрийн тушаанаас гарах эх үүсвэрийг олж бүрдүүлэх, энэ чиглэлээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээ өрнүүлэх, шийдэлд хүрэх нь санасны зоргоор бүтчих ажил биш байв.
Нийгэм-эдийн засгийн хүнд нөхцөл, хямралын ийм том сорилтын үед Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар муугүй ажилласан гэж дүгнэж болно.
Эдийн засгийн хямралаас гарахын тулд иргэд нь санаачлан хуримтлал үүсгэж, Их хурлын гишүүд нь цалингаа хандивлахад хүрч байсан үеийг бодвол амьсгаа авахтайгаа боллоо.
Хасах руу чиглэж, 2016 оны III улиралд -1.6 хувь, жилийн эцэст дөнгөж 1.0 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт богино хугацаанд нэмэгдсээр 5.8 хувь болоод байна.
Нэгдсэн төсвийн орлого 2012 оноос жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгөөр тасарч байсан бол 2016 оны 11 дүгээр сараас хойш сар дараалан биелж, төсвийн орлого 2016 онд 504 тэрбум, 2017 оны эхний 9 сарын байдлаар 516.6 тэрбум төгрөгөөр давж биеллээ.
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.7 их наяд төгрөгөөр сайжирлаа.
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтворжлоо.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх эхлэл тавигдаж, ажилгүйдлийн түвшин буурч, бизнесийн орчин харьцангуй идэвхжиж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдэж эхэллээ.
Үүссэн хямралт нөхцөл байдлыг гэтлэн давах, өрийн дарамтыг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулж, нэгдмэл байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах гарцаагүй шаардлагын улмаас ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан.
2017 оны 3-р сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлж, “Хуралдай” бондыг амжилттай арилжаалсан.
Энэ оны 10-р сард олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 800 сая ам.долларын 5.6%-ийн хүүтэй “Гэрэгэ” бондын эрэлт 7 дахин их байлаа.
Ийнхүү шинээр бонд гаргаж амжилттай арилжаалсны үр дүнд 2019 он хүртэл зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн эрсдэлээс ангижирлаа.
Цаашид өрийг хөрвүүлэх замаар өрөөр солих бус, дотоод эх үүсвэрээс төлж барагдуулах нь бидний тавьж буй зорилт юм. 2012 оны эцэст 4.1 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаад валютын албан нөөц жил дараалан буурсаар 2016 оны 9-р сарын байдлаар 1.0 тэрбум гаруйхан болоод байлаа.
Нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө Монголбанк, Засгийн газар хамтран ажилласны үр дүнд өнөөгийн байдлаар 2.2 тэрбумд хүрч, 2 дахин нэмэгдээд байна.
Хэдийгээр өрийн дарамт буурч, эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж буй ч Засгийн газарт сорилт, бэрхшээлийн аль аль нь 2020 он хүртэл хэвээр байсаар байх нь.
Түүнийг даван туулахад улс орон, ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн нэгдмэл бодлого, харилцан ойлголцсон эв нэгдэл, хамтач үйл ажиллагаа нэн чухал гэдгийг төр, засгийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй намын гишүүд, ялангуяа парламент, Засгийн газарт намаа төлөөлөн сууж буй эрхэм гишүүд онцгой анхаарвал зохино.
Манай намын парламент дахь гишүүд өөрсдөө санаачлан Засгийн газрыг огцруулсан нь намын амьдралд түүхэн сургамж бүхий содон үйл явдал боллоо.
Огцруулах шалтгаан болгож тавьсан асуудлууд шалтаг л байж гэсэн дүгнэлтийг намын Бага хурлын IX хуралдаан өгсөн.
Харин одоо нэгэнт болоод өнгөрсөн үйл явдалтай эргэж зууралдаад, дахин дахин сэдрээгээд байх хэрэггүй гэж бодож байна.
Тэр тусмаа шинээр байгуулагдсан Засгийн газраараа оролдох, үйл ажиллагааг нь үл дэмжих, буруутган сөргөлдөх байдал байж болохгүй гэдгийг сануулан хэлье.
Ингэж хэлснээрээ буруу үйлдэл, алдаатай шийдвэр гарвал хаацайлах, ая тал засах аливаа үйлдлийг өөгшүүлж буй хэрэг биш ээ.
Хэрвээ алдаатай буруу шийдвэр гаргаж, тэр нь улс орон ард түмэнд хохирол учруулахаар байвал нам нэн даруй засан сайжруулах үүргээ биелүүлж, улс төрийн хариуцлага тооцож ажиллах нь зарчимд нийцнэ.
3. СОНГУУЛИЙН ДҮНГЭЭС ХИЙХ УЛС ТӨРИЙН ДҮГНЭЛТ, ТУРШЛАГА СУРГАМЖ
2014 оноос хойш бид 3 томоохон сонгуулийн ард гарлаа. Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн ИТХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулиудад бид амжилттай оролцсон. Ялагчийг шүүх хэрэггүй гэсэн үг бий.
Гэхдээ энэ нь зөвхөн ялагдагчийг шүүх ёстой гэсэн үг ч бас биш. Амжилт ялалтын ард ч алдаа байдаг.
Түүнчлэн яагаад ялав, юун дээр бид онов гэдгээ ч тунгааж, үнэ цэнийг уламжлан хадгалж байх нь Намын ирээдүйд хэрэгтэй.
2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан хамгийн том шалтгаан нь ард олон, иргэд сонгогчидтойгоо амьд холбоотой, тэдэнтэйгээ ойр байсанд оршино.
Намынхаа гишүүд, дэмжигчидтэй хамгийн их ойртож очсон он жилүүд бол 2014-2016 он байсан гэдэгтэй та бүхэн маргахгүй байх аа.
Нөгөө талаар 2012 оны ялагдлын дараа ирэх сонгуульд ялалт байгуулах зорилгод бид нэгдэж чадсан.
Ялагдлын шалтгаан, алдаагаа сөрөг хүчин байхдаа боломжит хэмжээнд засаж залруулж чадсан нь 2016 оны сонгуулийн ялалтын үндэс болсон.
Шударга, үнэн бидний талд байсан учраас ард түмэн МАН-ын талд зогссон. Нийгэмд МАН үнэт зүйлтэй, зарчимтай гэдэг нь харагдаж, гишүүд маань энэ үнэт зүйл, зарчимдаа үнэнч байж чадсан.
МАН-ынхан дотроо эв нэгдэлтэй, сахилга баттай, хамтын шийдвэрээ ягштал дагадаг, эрх ашгаа эрэмбэлж чаддаг гэдгээ сөрөг хүчин байхдаа Монголын ард түмэнд батлан харуулж, сонгогчдынхоо сэтгэлд нийцэж ажиллаж чадсан.
Энэ дашрамд хэдийгээр цөөхүүлээ ч эрх баригчдын цадиггүй үйлдэл, шийдвэрүүдийг сөрөн зогсож, илчлэн шүүмжилж, шударга ёсны өмгөөлөгч байх үүргээ нэр төртэй биелүүлсэн 2012-2016 оны парламентын 26 гишүүндээ МАН-ын XXVIII их хурлын энэ хүндэт индрээс талархал дэвшүүлье.
Нэгэн цагт нэг тугийн дор хамтран жагсаж явсан МАХН-тай нэгдэх оролдлогыг хэд хэдэн удаа хийснийг энд дурдах ёстой гэж бодож байна.
2016 оны гуравдугаар сарын 1-нд “Эх орончдын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэж, сонгуульд хамтран оролцох саналыг тавьж, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байв. Манай намын зүгээс боломжит хувилбаруудыг дэвшүүлж байсан ч МАХН-ын удирдлагын цөөн хүний явцуу бодлогын улмаас боломжийг ашиглаж чадаагүй юм. Харин журмын 4 нөхөр маань уугуул намынхаа эгнээнд эргэн ирсэнд талархах ёстой.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд ялалтын төлөө нэг зорилгоор зүтгэж чадсан уу, гишүүд, сонгогчдодоо бүрэн хүрч ажилласан уу, мэдээлэл сурталчилгааны ажлыг хэдхэн хүнд найдаж орхиод, цэгцтэй, шат дараатай үйл ажиллагаа өрнүүлж чадаагүй юм биш биз, ихэнхдээ цөөнхийг энэрэн өмөөрөх талд зогсдог монголчуудын сэтгэл зүйн онцлогийг анзаараагүй юм биш үү гэх мэт олон асуулт урган гарч байгаа.
Энэ бүхэн нь сонгуулиас сонгуульд бид юун дээр алдаж, ямарт нь онов, нөхцөл байдал яаж өөрчлөгдөв, хууль эрх зүйн болон сурталчилгааны орчинд ямар согог байна гэх мэтийн асуудлыг цогц байдлаар судлан дүгнэлт хийдэг болох зайлшгүй шаардлагыг төрүүлж байгаа юм.
Миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд Намаа төлөөлөн нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүйн бурууг бусдаас эрэх санаа зорилго агуулаагүй ээ. Ялагдалд янз бүрийн шалтгаан нөлөөлсөн байж болох ч намын эв нэгдлийг хангаж, үүссэн нөхцөл байдалд зөв үнэлэлт өгөх, стратеги тактикийн хөрвөх чанарыг бүрдүүлэх, намын хамт олны хүчийг бүрэн дайчлах, гишүүддээ эн тэргүүнд тулгуурлах, өрсөлдөгчийн гүтгэлэг, доромжлолыг сөрөх чадамжтай байх зэрэг үйл ажиллагааны уян хатан, шуурхай, оновчтой байдлыг хангаж чадаагүй нь намын даргын дутагдал мөн.
Түүнчлэн нэр дэвшигчийн сул тал, зарим алдаа дутагдал нөлөөлсөн нь ч тодорхой. Сонгуульд намаа ялалт байгуулах хэмжээнд удирдан ажиллаж чадаагүй, өөрөө дэвшээд унасан намын даргын хувьд улс төрийн хариуцлага хүлээх учиртай гэдгийг би ойлгож байна.
Энэ намын амжилт ялалт, алдаа оноо бүхнийг хуваалцах ёстой гэдгээ би гүнээ ухамсарлан ойлгож байна.
Эрхэм нөхөд өө,
Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль 7 удаа явагдахад МАН 4 дэх удаагаа ялагдлаа.Ялагдлын учир шалтгааныг судлан, нэгтгэж үзвэл дараах дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд:
1. Монголын сонгогчдод төрийн дээд байгууллагуудад улс төрийн хүчний тэнцвэрийг буй болгох гэсэн хандлага байсаар байна. Нийгмийн сэтгэл зүйн энэ хандлагыг сайн тооцож, төрийн дээд байгууллагад улс төрийн хүчний зохион байгуулалтын нэгдмэл хүч, бодлогын цогц байдал тогтох нь улс орны хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг ойлгуулж, шинжлэх ухааны тодорхой судалгаанд тулгуурлаж, стратеги тактикаа боловсруулж чадсангүй.
2. Ерөнхийлөгчийн сүүлийн 2 сонгуульд биднийг дэмжигчдийн санал МАН, МАХН-д хуваагдсан дүр зураг ажиглагдаж байна. 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд энэ санал хуваагдал ноцтой нөлөөлсөнтэй харьцуулахад 2017 оны сонгууль эрхбиш өөр нөхцөлд болсон ч нэр сольсны дараах улс төрийн нөхцөл байдал, үр дагавар үргэлжилсээр байна.
Энэ бол манай намын хувьд улс төрийн нухацтай дүгнэлт хийж, зөв шийдэл олохыг шаардаж буй өвөрмөц асуудал мөн. Үүнийг зөвхөн МАХН хэмээх нэрд үнэнч үлдсэн, хоёр нэрийг сольж хольсон, будилж төөрөлдсөн хэсгийн асуудал мэтээр өнгөц ойлгож, тийм байр сууринаас хандаж болохгүй гэдгийг сүүлийн үеийн сонгуулиудын дүн тодорхой харуулж өглөө.
3. Гишүүн бүртээ хүрч ажиллаж, жаргал зовлонг нь хуваалцах, шаардлагатай асуудлаар дэмжин туслах, үйл ажиллагааг нь урамшуулан сайшаах ажил урьдын адил орхигдсоор байна.
Үйлдвэрт хэвлүүлж, орон нутагт хүргүүлсэн бат илэрхийлэхийнхээ тоогоор гишүүнээ бүртгэдэг байж болохгүй.
Намын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг, манай намын оршин байхын үндсийн үндэс, улс төрийн хүч нөлөөтэй, хариуцлагатай хүчин байхын хамгийн гол баталгаа болсон гишүүдээ анхаарлын гадна орхигдуулж, урмыг нь хугалж сэтгэлийг нь сэвтүүлэх явдал байсаар байна. Ийм байдал их ялалтын дараа бүр ч их болдог бололтой. Нам бол гишүүд, дэмжигчдийнхээ хамтын хүчин чармайлт, зөвхөн тэднийхээ оролцоо, дэмжлэгээр оршин тогтнож, хөгжиж байдаг улс төрийн амьд организм гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй ээ.
4. УИХ, Засгийн газраас хийж, хэрэгжүүлсэн ахицтай ажил, арга хэмжээнүүд бүгд ард түмэнд хүрч, тэдний дэмжлэгийг авч байгаа мэт төсөөлөх, “Болно биз дээ” гэсэн сэтгэл зүйгээр тайвшрах, сөрөг хүчнээ дутуу үнэлэх хандлага хэвээр байна. Нийгмийн улс төрийн сэтгэл зүй зөвхөн эрх баригчидтай л хариуцлага тооцдог гэдгийг алхам тутамдаа мартахгүй байх ёстой гэдгийг онцлон анхааруулж хэлье.
5. Гишүүд дэмжигчдээ нийтэд нь идэвхжүүлж, тэднээр дамжуулан сонгогч олон түмний, ялангуяа “хөвөгч хэсэг”-ийн гүнд орж нөлөөлж чадахгүй, НАШБ-уудын хүчийг зөв ашигладаггүй, сонгуулийн санхүүжилтийг үр дүн муутай ашиглаж, үрэн таран хийсэн нь цөөнгүй байна.
6. Хүн амын олонхи болсон залуучуудтай ойртож, тэднийг татах чиглэлээр хийсэн ажлууд хэлбэрдэхээс цааш хэтэрдэггүй, зарим тохиолдолд тэднээс цэрвэн зугтах байдал үргэлжилсээр байгааг нуух хэрэггүй. Бидний бодлого нийгмийн тодорхой бүлэг, зорилтот хэсэг рүү чиглэх нь тодорхой ч бүх хүнд хүртээлтэй гэдгийг анхаарах ёстой.
7. Сонгуулийн удирдлага, зохион байгуулалт, сурталчилгаа, ПИАР-ын ажил сул, орчин цагийн сонгуулийн менежмент, арга технологи, мэдээллийн хэрэгсэл, түүний дотор нийгмийн сүлжээний давуу талыг эзэмших тал дээр хоцрогдож байна.
8. Намын дэмжлэгээр томилогдсон удирдах албан тушаалтнуудын дунд хүнд сурталтан, ард түмнээсээ тасарсан, авлига авдаг түшмэдүүд болж хувирсан хүмүүс цөөнгүй, тэдний мэдлэг, чадвар, удирдах арга барил, туршлага ажиллагсад болон иргэддээ гологдож, итгэлийг нь алдах байдал байсаар байна.
9. Монголчуудын сэтгэлийг зовоож бухимдал, дургүйцлийг төрүүлсээр байгаа авлига, хууль завших үзэгдлийг таслан зогсоох талаар олны нүдэнд харагдахаар дорвитой ажлуудыг хийж чадаагүй, алдаа дутагдал гаргасан хүмүүст хатуу хариуцлага тооцох, шударга ёс, хууль журам иргэн бүхэнд ялгаваргүй үйлчлэх зарчим алдагдсаар байхад түүний эсрэг дорвитой арга хэмжээ авч чадсангүй.
Бидний дахин давтан алдсаар байгаа алдаа, цаашид онцгой анхаарах асуудлыг ерөнхийд нь ингэж хураангуйлж болох бөгөөд цаг үеийн шинжтэй, тухайн сонгуулийн онцлогт хамаарах хүчин зүйлүүд ч бий.
Сонгуулийн сурталчилгааны явцад өрсөлдөгч маань нийгмийн сүлжээг ашиглан тасралтгүй бууд, шүрш, хар будгийг алхам тутамдаа цац гэсэн технологийг үндсэн хэрэгслээ болгож ашигласан.
Ийм эрээ цээргүй арга барилаас аль болох татгалзах чиглэлийг баримталснаа би буруу гэж үзэмгүй байна. Сонгуулиар засаг төрөө эмхлэн байгуулдаг, нэр дэвшигчдээ сонгодог ардчилсан засаглалтай улс орон бол Монгол. Цаашид сонгууль болдгоороо болно.
Ялж л байвал ямар ч муу арга хэрэглэж болно гэсэн увайгүй хандлагаас монголчууд ядаж саахалтын зайтай явах ёстой гэж би боддог. Бид цөөхүүлээ. Талцал хуваагдал монгол үндэстнийг мөхөл рүү чиглүүлж, бусдын идэш болоход хүргэнэ гэж үздэг.
Эвийг эрхэмлэх, нөхрийг хайрлах, гүтгэлэг доромжлолын өөдөөс хүлцэл тэвчээрээр хариу барих миний амьдралын зарчим үүнээс эхтэй юм аа.
Манай нам Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд дараалан 3 дахь удаагаа ялагдлаа. 2009 онд Ц.Элбэгдорж 51.2 хувийн саналаар ялж байсан бол 2013 оны ялалт дөнгөж 50.2, 2017 оных 50.6 хувьтай байна.
Энэ бол бидэнд боломж байсны, МАН-ын нэр дэвшигчид ирэх санал гурав дахь өрсөлдөгч рүү шилжсэний илэрхийлэл юм. Түүнчлэн сүүлийн сонгуульд “цагаан сонголт” гэсэн нэгэн шинэ хэлбэр гарч ирлээ.
Энэ арга цаашид даамжирвал Ерөнхийлөгчийн сонгуульд хортой үр дагавар учруулж мэднэ гэдгийг одооноос бодолцох учиртай биз ээ.
Энд бас манай сонгуулийн тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг ч бодлогын түвшинд анхаарах шаардлагатай.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажил сонгуулийн үеэр л “буцалдаг” биш, бүхий л цаг үеийн турш тасралтгүй, идэвхтэй, амьд хэлхээ холбоотой байж чадаж гэмээнэамжилт авчирна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нийгмийн бүлгүүдийн хүсэл сонирхолд нийцсэн контент боловсруулах, түгээх асуудал учир дутагдалтай байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Цаашдаа мэдээллийн технологи ашигласан, контент дээр төвлөрсөн сонгууль явагдах нь тодорхой байна. Тиймээс бид зөвхөн сонгуулийн үеэр биш, тогтмол ажилладаг нийгмийн сүлжээний үр нөлөөтэй орчин, бүтэц бий болгон ашиглах шаардлагатай болжээ.
Бүх шатны намын байгууллагууд намын бодлого, үйл ажиллагаа, мэдээлэл сурталчилгааны ажлаа хурдтай, далайцтай, чанартай хийхийн тулд мэдээллийн технологийн энэ шинэ салбарт чадварлаг ажиллах мэргэжлийн баг, бүтэц бүрдүүлэх, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, намын идэвхтэн сонгуультнууд өөрсдөө технологийн дэвшилд сайтар суралцах нь зөв юм.
Телевиз, сонин, сэтгүүл, радио зэрэг уламжлалт мэдээллийн хэрэгсэл, вэбсайт, твиттер, фэйсбүүк гэх мэт уламжлалт бус хэрэгслийн аль алины давуу талыг сайтар мэдэрч, оновчтой ашиглах нь улс төрийн намын хувьд үл ойшоох, тээршаах байдлаар хандаж боломгүй асуудал болжээ.
Улстөрчид, намын удирдах ажилтнууд олон нийттэй харилцаж ирсэн арга барилаа шинэчилж, орчин үеийн мэдээллийн технологийг бүрэн эзэмших, нийгмийн сүлжээг олон нийттэй харилцах, тэдэнтэй санал бодлоо хуваалцах хэрэглүүр болгож, тогтмол ашиглах нь зүйтэй юм. Нийгмийн сүлжээ хурдтай хөгжихтэй зэрэгцэн ор үндэсгүй худал мэдээлэл, гүтгэлэг доромжлол тархаж, түүнийг сөргөлдөгч талууд зэвсгээ болгох явдал идэвхжиж байна.
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үеэр цагаандаа гарсан гутаалт доромжлол нэг хүний төдийгүй, нийт нам, гишүүдийн нэр төрд хар мөр үлдээсэн.
Гэтэл “60 тэрбумын” гэх зүйл хууль хяналтын байгууллагуудаар хэд хэдэн удаа шалгагдан, хэрэгсэхгүй болж, иргэн Түвдэнбалжир миний удам угсаа, үүсэл гарлын талаар үндэслэлгүй, буруу зүйлийг бусдын хатгалгаар хийснээ хүлээж, элдэв бичлэгүүдийн эзэн холбогдогч хэзээ хойно тодорхой болж байх жишээтэй.
Ингэлээ гээд байгууллага, хүмүүсийн нэр төрд, нийгмийн харилцаанд учирсан асар том хохирол нөхөгдөх үү.
Ийм бусармаг үйлдлийн буруутанд хариуцлага тооцохгүйгээр хувь хүний эрх чөлөөний орон зай мэтээр тайлбарлаж өнгөрсөөр байх уу.
Энэ байдлаас өөрсдийгөө болон бусдыг хамгаалах чиглэлээр хийх ажил их байгааг харуулж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.