Дэлхий дахин жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/ -д анхаарлаа хандуулах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Дээрх өдөртэй холбогдуулан Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн эмч, мэргэжилтнүүд өнөөдөр /2017.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсад анх 1992 онд ДОХ-ын вирусын халдвар илэрч байсан. Гэвч энэ талаарх залуусын ойлголт дутуугаас залуучууд ДОХ, бэлгийн замын халдварт өртөх нь нэмэгдсээр байна. Өнөөдөр улсын хэмжээнд 249 хүн ДОХ-ын вирусын халдвартай хэмээн бүртгэгдсэний 56 орчим хувь нь 20-44 насны залуус эзэлж байна .Бэлгийн чиг хандлагын хувьд 80 орчим хувь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог буюу бэлгийн цөөнх эзэлж байгаа” гэж ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны эмч П.Түмэндэмбэрэл хэлж байлаа.
ХӨСҮТ-ийн ДОХ,БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалаг “Нийт хүн амын дунд бэлгийн замын халдварт өвчин тээж яваагаа мэдэхгүй олон хүн байх магадлалтай. Тэдгээр хүмүүс шинжилгээ үйлчилгээнд хамрагдах бүрэн эрхтэй. Бид өнөөдөр бэлгийн цөөнх хүмүүс рүү анхаарлаа хандуулах биш, нийт хүн ам руугаа анхаарлаа хандуулмаар байна” гэв.
Улсын хэмжээнд ДОХ-ын вирусын халдварыг илрүүлэх шинжилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байгаа аж. Хэрэв өөрийгөө эрсдэлтэй гэж үзвэл халдвар илрүүлэх шинжилгээ, үйлчилгээнд хамрагдах боломжтой.
Мөн 2017 он гарснаас хойш ДОХ-ын халдвартай эхчүүдээс төрсөн 19 хүүхэд эрүүл бойжиж байна. Шинжилгээгээр бүх хүүхэд ХДХВ -ийн халдваргүй болох нь батлагджээ.