Э.Мөнх-Очир албаа өгч, Н.Энхболд буудлагын холбоог удирдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Э.Мөнх-Очир албаа өгч, Н.Энхболд буудлагын холбоог удирдахаар боллоо

Э.Мөнх-Очир албаа өгч, Н.Энхболд буудлагын холбоог удирдахаар боллоо

Монголын буудлага спортын холбооны Их хурал өчигдөр /2017.11.19/ болж, ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах ерөнхийлөгчөө сонголоо.

Хуралд 60 төлөөлөгч оролцохоор сонгогдсон ч 42 төлөөлөгч иржээ. Холбооны ерөнхийлөгчид тус холбоог 2008 оноос хойш удирдсан Э.Мөнх-Очир, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Магнай Трейд” группийн ерөнхийлөгч Р.Ганзориг нар өрсөлдөхөөр мэдүүлсэн ч хурлын явцад Э.Мөнх-Очир, Р.Ганзориг нар нэрээ татаж, Н.Энхболд ганцаар өрсөлдсөн юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлын шаардлагын улмаас өөрийн биеэр хуралд оролцож амжаагүй бөгөөд түүний мөрийн хөтөлбөрийг танилцуулж, төлөөлөгчдөөс санал хураасан. Ингээд 39 хүний буюу олонхийн саналаар Н.Энхболдыг Монголын буудлагын холбооны ерөнхийлөгчөөр сонголоо. 

Олимпийн дараах улиралд хуралдах ёстой ч дөрвөн ч удаа хойшилсны эцэст буудлагынхан ийн Их хурлаа хийв. Ахмадууд болон орон нутгийнхныг Их хурлын төлөөлөгчөөр сонгоогүй, Техник спортын төвийн багш нарыг оруулаагүй гэх шүүмжлэл байсан бөгөөд өмнө нь нилээд маргаан дагуулан хойшилж байсан Их хурлын уур амьсгал энэ удаа ямар нэгэн санал шүүмжлэлгүй болж өнгөрсөн байна. 

Хурлаас мөн Удирдах зөвлөлийн 13 гишүүнийг томилсон. Дасгалжуулагчдын зөвлөлийн даргаар Л.Ундралбат, Тамирчдын зөвлөлийн даргаар О.Гүндэгмаа нар сонгогдож, тэднийг Удирдах зөвлөлийн гишүүнээр баталжээ.

Б.БАЯСАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж