“Монгол ардын нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ доорх гурван шаардлагыг гаргажээ. Үүнд нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.-д заасныг зөрчсөн С.Молор-Эрдэнэ нь МАХН-ын Түр штаб нэрийн дор МАХН-ын нэр, бэлгэдэл, далбааг ашиглаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, хоёрдугаарт, хариуцагчид цаашид МАХН-ын нэр, бэлгэдэл, далбааг ашиглахгүй байхыг үүрэг болгох, гуравдугаарт, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн дагуу хариуцагчид захиргааны хариуцлага ногдуулах гэсэн шаардлагыг гаргасан аж. Шүүх хуралдааны явцад зохигчид буюу нэхэмжлэгч, хариуцагч талууд эвлэрсэн тул шүүх зохигчдын буюу нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталсан тогтоол гаргажээ.
Нэхэмжлэгч тал буюу МАН гуравдах шаардлагаасаа буюу “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн дагуу хариуцагчид захиргааны хариуцлага ногдуулах” гэсэн шаардлагаасаа татгалзсан байна. Харин хариуцагч С.Молор-Эрдэнэ нэхэмжлэлийн “Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.-д заасныг зөрчиж, МАХН-ын Түр штаб нэрийн дор МАХН-ын нэр, бэлгэдэл, далбааг ашиглаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох”, “цаашид МАХН-ын нэр, бэлгэдэл, далбааг ашиглахгүй байхыг үүрэг болгох” гэсэн хоёр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх энэхүү эвлэрлийг хууль зөрчөөгүй гэж үзэж, эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН хуучин нэр буюу МАХН гэсэн нэрээ, бэлгэдэл, далбаагаа өмчлөх эрхтэйг Сүхбаатар дүүргийн шүүх нотоллоо хэмээн мэдээлж байгаа нь үнэнд нийцэхгүй байна” гэх тайлбарыг өгч байна. Дашрамд дуулгахад, МАН-ын уг нэхэмжлэл 2011 онд үүсгэн байгуулах хурлаа хийсэн МАХН-ын бүртгэлд хамааралгүй, энэ нам байгуулагдахаас өмнө “МАХН-ын Онц их хурлыг хуралдуулах түр штаб” нэрийн дор зарим иргэдээс явуулж байсан үйл ажиллагаатай холбоотой юм байна.