МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, МАХН-ын хуульч Л.Мөнхсайхан, намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар өнөөдөр /2017.11.20/ мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын нэр хүнд унагаж, Улстөрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн үйлдэл нь МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл бүрдүүлж байгааг онцоллоо. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, бусдын гар хөл болдог зэрэг үндэслэлүүд нь намын гишүүн байх ёс зүйг зөрчиж байгаа гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Бага чуулган, намын их хурлыг хуралдуулахыг бусдад уриалж, хуурамч, намын бус гишүүдийн гарын үсгийг цуглуулсан зэрэг олон үйлдэл гаргаж байгаа аж.
Намын Их хурлыг зарлан хуралдуулах эрх нь зөвхөн намын дарга, намын Бага чуулганд байдаг учраас хэн нэгний зохион байгуулалттай, МАХН-ыг хагалган бутаргах гэсэн оролдлогод намын гишүүд автахгүй байхыг сануулж байгаа гэлээ.
Ш.ОЧ