Ж.Мөнхбат: Эвийг хангаж чадах хүн дарга болоосой

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

МАН – XXVIII их хурал

Ж.Мөнхбат: Эвийг хангаж чадах хүн дарга болоосой

Ж.Мөнхбат: Эвийг хангаж чадах хүн дарга болоосой

Гурван өдөр үргэлжлэх МАН-ын Их хурал өнөөдөр эхэлсэн. Хуралд 1300 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ хурлаас төлөөлөгчид ямар хүлээлттэй байгаа талаар тодрууллаа.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: 

-Их хуралд би тав дахь удаагаа оролцож байна. Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай. Хурлаар намд тулгамдаж байгаа асуудал, шинэчлэлийн зорилтуудыг ярилцдаг. Хоёрдугаарт,  эрх баригч нам дараагийн жилүүдэд ямар бодлого барих, улс орны хөгжлийн бодлогын талаар ярилцдаг. Бидэнд нийгэм, эдийн засаг, санхүүгийн шийдвэрлэх асуудал их байна. Намаа шинэчлэх, дүрмээ шинэчлэх шаардлага байна. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд намын анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, анхан болон дунд шатны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг асуудал яригдана. Үүнээс гадна намын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орж байгаа. Бид эрх баригч хүчин учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, сонгуульд тусгасан амлалтуудтай уялдуулж боловсруулах ёстой. 2020 онд ялалт авч ирэхийн тулд, ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхийн тулд тогтвортой байдал эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно.

УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Д.Оюунхорол:

-Энэ Их хурлаар намын даргыг шинээр сонгох байх. Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид намынхаа эв нэгдэл, үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх чадвартай дарга сонгох байх гэдэгт итгэлтэй байна. Одоогоор нэр дэвшигч тодорхой болоогүй байна. Намын Их хурлын зааланд нэр дэвшигчид тодорно. 
Намын үнэт зүйл бол боловсон хүчний бодлого байдаг. Улс төрийн нам бэхжиж, төлөвшихийн тулд боловсон хүчний бодлогоо шатлан дэвших зарчмаар явуулах шаардлагатай. Их хуралд хүрэлцэн ирсэн 1300 төлөөлөгч ч мөн адил ийм хүлээлттэй байгаа болов уу. 

УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Намын Их хурлаас ямар хүлээлттэй байна вэ?

-Намын Их хурал эвтэй сайхан эхлээсэй. Асуудлыг тойроод, илээд өнгөрөхгүйгээр голыг нь барьж аваад, шийдэлд хүрээсэй гэж хүсч байна.  МАН удирдлагын түвшинд бол хоёр тийш харсан нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг эвлэрүүлж чадах чадвартай хүн байгаасай гэж бодож байна. Ямар ч улстөрийн нам гэдэг нь хувь хүний компани биш. Тушаалаар хөдөлдөг цэргийн байгууллага биш. Нам бол мянга, мянган хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйл дээр тогтдог. Тиймээс эв нэгдлийг хангаж чадах хүнийг МАН-ын дарга болоосой. Хэрэв ийм хүн болж чадахгүй бол өнөөдрийн намын нөхцөл байдал улам гүнзгийрэх вий дээ гэсэн болгоомжлол байна. 

-Баян-Өлгийн аймгийн төлөөлөгчид хуралдаа оролцож чадахгүй байна гэсэн гомдол гаргаж байна. Энэ юутай холбоотой вэ?

-Сая би хувцсаа өлгүүлээд зогсож байхад Баян-Өлгий аймгаас сонгогдоод ирсэн 10 гаруй төлөөлөгч хуралдаа орж чадахгүй зогсож байна. Энэ хүмүүсийн нэр дээр 30 гаруй компанийн захирлууд орчихсон байгаа юм. Намын Их хуралд сонгогдсон төлөөлөгч нь сүүлийн зургаан жил тухайн орон нутагтаа ажиллаж, амьдарсан, иргэний харьяаллын бүртгэлтэй байх ёстой. Гэтэл үндэсний цөөнх болсон иргэдийн төлөөллийг оролцуулахгүйгээр Улаанбаатар хотоос хэний ч мэдэхгүй компанийн захирлуудыг оруулж ирсэн байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэх мэт жижиг асуудлаас намын эв нэгдэл хамаарна. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж