
Литва улсын Вильнюс хотноо зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-нд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн зургадугаар бага хурлаас Монгол Улс хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаанд удирдах тугаа гардаж авсан. Энэхүү тугийг Литва улсын Гадаад хэргийн сайдаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардаж авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр таван чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулах болно гэдгээ мэдэгдсэн билээ. Шүүх, прокурорын тогтолцоог сайжруулж, шударга ёс тогтооно. Иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ. Байгаль орчинг хамгаалах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө идэвхитэй ажиллана гэдгээ амласан юм.
Гадаад харилцааны яаманд болсон энэ удаагийн уулзалтыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар удирдаж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Д.Балдан-Очир, З.Энхболд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо.