БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-иний улс төрийн асуудал эрхэлсэн ахлах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жун Бюн-хуныг авлигын хэргээр шалгаж байна. Түүний хоёр туслахын нэр холбогдсон хэрэгт холбогдуулан Жун овогтоос өнөөдөр байцаалт авчээ.
59 настай, ахмад улстөрч тэрбээр өнөөдөр өглөө /2017.11.20/ Сөүл хотын тойргийн прокурорын газарт очиж, мэдүүлэг өгсөн байна. Дээрх дуулиантай холбоотойгоор Жун Бюн-хун өнгөрсөн пүрэв гаригт /2017.11.16/ өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон юм.
“Би дахин хэлье. Би хэзээ ч хууль бус үйлдэл хийж явсангүй. Намайг сэжиглэж буй хэргийн талаар, энэ үл ойлголцлын талаар би прокурорт бүгдийг тайлбарлах болно. Хоёр туслах маань ийм хэрэгт холбогдсон явдалд гүнээ уучлал хүсч байна. Тэднийг ерөнхийлөгчийн засаг захиргааны ажилд томилсондоо харамсаж байна” гэж Жун овогт сэтгүүлчдэд хэлжээ.
Жун Бюн-хуны туслахаар ажиллаж байсан хоёр эрхмийг арваннэгдүгээр сарын 10-нд баривчлан саатуулсан юм. Тэднийг 2015 онд дотоодын дэлгүүрийн сүлжээ компанийг дарамталж, Өмнөд Солонгосын цахим спортын холбоонд 330 сая вон хүчээр хандивлуулсан хэрэгт буруутгаж байгаа аж. Тухайн үед Жун Бюн-хун Цахим спортын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Хэрэгт холбогдуулан авлига өгсөн гэх Lotte Homeshopping компанийг мөн шалгаж эхэлсэн байна. Телевизийн сувгаар бараа бүтээгдэхүүн танилцуулан сурталчилж, хаягаар хүргэлт хийх үйлчилгээ эрхэлдэг тус компанийг зөвшөөрлөө сунгуулахын тулд Жун овогтоос дэмжлэг авах зорилгоор авлига өгсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Жун тэр үед парламентын гишүүн байсан төдийгүй медиа салбарын бодлого, зохицуулалтыг хариуцсан байнгын хороонд харьяалагдаж байжээ.
Өнгөрсөн тавдугаар сард 9-нд БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүн Жэ-иний тэргүүлсэн засгийн газраас авлигын хэрэгт холбогдсон анхны тохиолдол нь энэ болж байна. Жун Бюн-хун өөрөө хэргийг няцааж байгаа ч прокурор хөдөлшгүй баримт илрүүлсэн тухай Йонхап агентлаг мэдээлжээ. Мөрдөн байцаалтын явцаас шалтгаалж түүнийг баривчлан саатуулах хүсэлт гаргаж болзошгүй гэнэ.
С.ЦЭЛМЭГ