МАН-ын Их хурал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос байр суурийг нь тодрууллаа.
-МАН-ын Их хурлаас та юу хүлээж байна вэ?
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш амаргүй давааг туулж ирлээ. Янз янзын хөдөлгөөн хийгдэж байгаа нь алдаа дутагдлаас ангижирч, элдэв бусармаг үйлдлээс ангижрах зорилгоор явагдаж байгаа юм. Энэ удаагийн Их хурлаар шинэ дарга сонгогдоно, Ерөнхий нарийн бичгийн дарга, Бага хурал, Удирдах зөвлөл гээд шинэ бүрэлдэхүүнтэй болно. Удирдлагын шинэ баг гарч ирж байж шинэчлэл хийгдэнэ. Удирдах зөвлөлд одоо 30 гаруй хүн байгаа. Тоог нь өөрчлөх байх, мөрийн хөтөлбөрийг өөрчилнө. Ер нь энэ намын шинэчлэлээс энэ улсын цаашдын хувь заяа харагдана.
-Намын даргад та нэрээ дэвшүүлэх үү?
-Би дэвшихгүй байх. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар нэр дэвшинэ гэж дуулсан. Би бол Засгийн газрын гишүүн учраас хариуцсан ажлаа чадан яадан хийх юмсан гэсэн зорилго байна. Тиймээс би энэ удаагийн даргын сонгуульд өрсөлдөнө гэсэн тооцоолол надад алга.
-Намын даргад Ерөнхий сайд нэр дэвших ёстой гэдэг заалтаа баримтлах болов уу?
-Одоо үйлчилж байгаа намын дүрмээр бол нам сонгуульд ялах юм бол намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдэг хатуу заалттай. 2016 оноос энэ дүрэм зөрчигдөж, буруу хөдөлснөөс шалтгаалж дараа дараагийн зовлон гарсан. Ер нь намын дарга гэдэг хүн бол сонгуульд орохдоо намаа толгойлж, дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогоо тайлагнах үүрэгтэй байдаг. Тэгэхээр 2016 онд бидний хийсэн гол том алдаа энэ юм. Үүнийг засахгүйгээр цааш явахгүй. Намын дарга нь Ерөнхий сайд байж, тэр хүнээс сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардана. Ингээд дөрвөн жилийн дараа ард түмнээр дүнгээ тавиулдаг дэлхийд тогтсон жишгийг дагахгүй бол цааш ажил явахгүй. Тиймээс Ерөнхий сайд цааш ажиллах ёстой гэж үзээд, энэ өрсөлдөөнөөс татгалзаж байна.