Гурван өдөр үргэлжлэх МАН-ын Их хурал өнөөдөр эхэлж байна. Хуралд 1300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Их хурлын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, Нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, Хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, Говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан нар хурлыг удирдан зохион байгуулах юм.
МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд хурлыг нээж, улс төрийн илтгэл тавив. Тэрбээр “Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм. Энэ агуулгаар XXVIII их хурлаас ч гэсэн Монголын ард түмэн ихийг хүсэн хүлээж байгаа. Улс орны хийгээд намын амьдралын тулгамдсан олон асуудалд нэг мөр хариулт өгсөн, зорих зам, хандах зүгээ зөв тодорхойлсон түүхэн ач холбогдолтой хурал болно гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, намынхаа улс төрийн бодлого, үйл ажиллагааг шинэчлэн тодорхойлох, нийгмийг шинэ тэмүүлэлд сэрээн дуудах эрхэм зорилгод тань амжилт хүсье” гээд “Улс төрийн намын хүчтэй байх, зорилгодоо хүрэх, бусдыг араасаа дагуулах чадавхийг ард түмэнтэйгээ ямагт хамт, тэдний дунд байх, зөвлөлдөн ярилцаж санаа бодлыг нь сонсох, бодлого үйл ажиллагааны хэрэгжилтээ тэдэнтэйгээ хэлэлцэх, тэднээр дүгнүүлэх арга барил бүрдүүлж өгдөгийн баталгааг 2016 оны УИХ-ын сонгуульд бидний олсон амжилт харуулсан юм” гэлээ.
Намын даргын илтгэл дууссаны дараа Их хуралд оролцож буй төлөөлөгчид асуулт асуух юм. Ингэснээр үдээс өмнөх хуралдаан 12.00 цагт өндөрлөнө.