Японы сүмогийн холбооны Хямралын менежментийн зөвлөлийн гишүүд өчигдөр /2017.11.19/ ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржоос болсон явдлын талаар тайлбар авсан байна.
Хямралын менежментийн зөвлөлийн тэргүүн Кагамиямагийн хэлснээр ёкозуна Харумафүжи сүмоч Таканоивагийн толгой тус газарт шар айрагны шилээр цохисон эсэх нь бүрэн нотлогдоогүй, эцсийн шийдвэр гаргахын наана шалгаж тодруулах зүйл цөөнгүй байгаа ажээ.
Токио хотын Рёогокү Кокугикан ордонд хоёр цаг гаруй үргэлжилсэн “байцаалт”-ын дараа зөвлөлийн гишүүн Тошио Такано хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, нөхцөл шалтгаан тодорхой болмогц мэдээлэл өгөх болно гэсэн байна.
Өмнө нь прокуророор ажиллаж байсан Такано “Харумафүжи болсон явдлын талаар нэгэн энгийн бөгөөд ил тод, бодитоор ярьсан. Бид түүнийг үнэн зөвөөр ойлгож сонссон” гэжээ.
Үүний өмнө Японы сүмогийн холбооноос ёкозуна Харумафүжигийн хэргийн талаар Хямралын менежментийн зөвлөл нарийн шалгалт явуулж, зохих шийтгэлийг онооно гэж байсан юм.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Харумафүжи өнгөрсөн баасан гаригт /2017.11.17/ болсон явдлын талаар цагдаад мэдүүлэг өгсөн байна. Ёкозуна Тоттори хотын нэгэн ресторанд нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, гэхдээ шар айрагны шилээр толгой руу нь цохисон асуудал байхгүй, зөвхөн нүцгэн гараар цохисон гэж мэдүүлсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлсэн юм.
С.ЦЭЛМЭГ