Нагоя башё өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Нагоя башё өнөөдөр эхэлнэ

Мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башё өнөөдөр эхэлнэ. Олон зуун жилийн түүхтэй Японы сумогийн ертөнцийг донсолгосон даваа наймаалцах хэргийн улмаас гуравдугаар сарын башёг цуцалж, харин тавдугаар сарын башёг банзүкэ гаргах зорилгоор Эзэн хааны цом, шагналгүйгээр зохион байгуулсан билээ. Харин өнөөдөр эхлэх нагоя башё албан ёсных юм.

Энэ сарын 10-24-нд үргэлжлэх башёд макүүчи буюу дээд зиндаанд 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал тэргүүтэй Монголын найман бөх зодоглоно.

Өнөөдөр болох башёгийн эхний өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргал комүсүби Точиношинтой, озэки Харумафүжи Д.Бямбадорж зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Тосаюүтакатай, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М2/ озэки Котоошютай, сэкиваки Какурюү М.Ананд Аминишикитэй, Тамаваши Б.Мөнх-Оргил /М6/ Оросын сумоч Арантай тус тус барилдана. Түүнчлэн Токитэнкү А.Хүчитбаатар /М7/ Гагамарүтай, Асасэкирюү Б.Дашням /М9/ Хомашотой, Шотэнро Д.Нямсүрэн /М13/ Сагацүкасатай барилдах юм.

Сонирхуулахад, даваа наймаалцах хэргийн улмаас 17 бөх сумогийн холбооноос хөөгдөж, дахин дэвжээнээ гарч барилдах боломжгүй болсон учир энэ удаагийн башёд 17 бөх жюүрё зиндаанд дэвшсэн нь бас нэгэн рекорд болоод байна.

Тавдугаар сард болсон туршилтын гэж болох башёд Хакухо аварга 13 даваатай түрүүлснээр их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн дараалан долоо түрүүлсэн амжилтыг давтсан. Тэгэхээр нагоя башёд Хакухо түрүү авахын төлөө, цаашлаад дараалсан найм дахь, нийт 20 дахь удаагаа дээд зиндаанд түрүүлэхийг эрмэлзэх нь гарцаагүй. Түүнчлэн озэки Кайо макүүчи зиндаанд 65 дахь башёдоо барилдах бөгөөд ганцхан ялбал мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 1045 даваа авсан их аварга Чиёнофүжигийн амжилтыг давтаж, сумогийн түүхэнд нэрээ мөнхлөх юм.

Барилдаан уламжлал ёсоор 15.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж