Мугабег намаас хөөхөд хэн оролцов?

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Мугабег намаас хөөхөд хэн оролцов?

Мугабег намаас хөөхөд хэн оролцов?

Зимбабве улсын эрх баригч намын гишүүд санал хураалт явуулж, ерөнхийлөгч Роберт Мугабег намын даргын суудлаас огцруулж, түүний оронд огцорсон дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг томилох шийдвэр гаргасныг ард иргэд баярлан  хүлээж авчээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын армийн цэргүүд нийслэл хотыг эзлэн авч, тайван замаар төрийн эргэлт хийхээр Мугабег огцрохыг шаардсан боловч тэрбээр татгалзсан юм. Харин эрх баригч Зану намын хэдэн зуун гишүүд ням гаригт тэргүүн хатагтай Грейс нарыг намаас хөөх шийдвэр гаргахад гайхах хүн гарсангүй. Эдийн засаг нь хямралд орж, элгээрээ хэвтсэн энэ улсын үрэлгэн нь дэндсэн, Gucchi хочтой тэргүүн хатагтайг намаас хөөсөн нь ард иргэдийн баярлах бас нэг шалтгаан болжээ. Эрх баригч намын эмэгтэйчүүдийн лигийн даргын албатай  тэргүүн хатагтайг Мугабе ерөнхийлөгч өөрийнхөө залгамжлагчаар үлдээх төлөвлөгөө нь ийнхүү бүтэлгүйтэж байгаа бололтой. Байр суурь нь ганхаж эхэлсэн ерөнхийлөгч Мугабегийн огцрох нь ердөө цаг хугацааны асуудал юм. Хэрэв Мугабе огцрохгүй зөрүүдэлсээр байвал тус улсын парламент даваа гаригт хуралдаж, түүнд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулах юм. Эрх баригч Зану намын хурлаар Мугабег намын даргаас огцруулж, Эммерсон Мнангагваг оронд нь томилохоор  болсонд танхимд намын гишүүд баярлан дуулж, бүжиглэж эхэлжээ. Намын төв хорооны 200 гаруй гишүүн Мнангагвагийн нэрийг дуудан, дуулж, бүжиглэсэн байна. Заны намын орон нутгийн намын хорооны нэгэн дарга энэ үйл явдлыг улс орон хөгжиж дэвжихийн эхлэл гэжээ.

Тус улсын ахмад дайчдын холбооны тэргүүн Крим Мутсванга хэлэхдээ ”Мугабегийн хэлэлцээ хийх цаг дууссан. Тиймээс тэр одоо л боломжтой байгаа дээрээ энэ улсаас явсан нь дээр. Гэхдээ тэр арыг нь даах найдвартай тохироо хийхийг санаархаж байгаа” гэжээ. Зану намын төв хороо  настай Мнангагваг намын даргын орлон гүйцэтгэгчээр түр томилсон байна. Цэргийнхний дэмжлэгийг хүлээсэн Мнангагваг огцруулснаар Мугабе өөртөө гай дуудсан бөгөөд дэд ерөнхийлөгчийг огцруулсан даруйд тус улсын зэвсэгт хүчний командлагч Константино Чевинга нийслэл хотод цэргээ оруулж, парламентын ордон болон ерөнхийлөгчийн ордныг бүсэлж, үндэсний телевизийг хяналтдаа авсан. Байр суурь нь хэдийн ганхсан Мугабег огцорсны дараа Мнангагва ерөнхийлөгч болох магадлал тун өндөр байгаа юм.

Зимбабве улсын армийн командлагчид Мугабетэй ням гаригт хоёр дахь удаагаа хэлэлцээ хийх гэж оролдсон боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.  Эх сурвалжийн мэдээлснээр Мугабе нийслэл Хараре хотод армийн цэргүүд орж ирсэн цагаас хойш гэрийн хорионд орсон байна. Мугабе цэргийн эргэлт гаргасныг хууль бус гэж үзэж, ирэх жилийн сонгууль болтол ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэж байгаа ажээ. Тус улсад ерөнхийлөгчийн сонгууль  ирэх оны наймдугаар сард болох юм. Мугабе одоо зөвхөн орон нутгийн удирдлагуудаас дэмжлэг авна гэж найдаж байгаа аж. Тэд зэвсэгт хүчнийхний цэргийн эргэлт гаргасныг дэмжээгүй бөгөөд үүсээд буй улс төрийн хямралыг үндсэн хуулийн дагуу шийдвэрлэхийг шаардаж байгаа гэнэ.

Харин цэргийн эргэлт хийсэн армийнхан засгийн эрх мэдлийг булаах санаа агуулаагүй гэж мэдэгджээ. Армийн командлагч Чевинга дэд ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж байсан юм. Зимбабве улсын тагнуулын газрын дарга байсан Мнангагва 2000-2008 оны хооронд намаа сонгуульд ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Эрх баригч намын хурал дээр тус улсын сангийн сайд Оберт Мпофугийн хэлсэн үг олныг шуугиулжээ. Мугабегийн дэвшүүлж гаргаж ирсэн, түүнд үнэнч гэгдэж байсан сангийн сайд нь “Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй ерөнхийлөгч Мугабе буруу хүмүүсээр тойрон хүрээлүүлсэн”гэсэн байна. Түүний үгийг армийн командлагч нар өлгөн авч, ерөнхийлөгчийг тойрон хүрээлсэн “гэмт этгээдүүдийг” зайлуулахын тулд цэргийн эргэлт зайлшгүй шаардлагатай байсан хэмээн өөрсдийн үйлдлээ зөвтгөж байгаа ажээ. Гэмт этгээдүүд гэдэгт тэд тэргүүн хатагтай болон түүний фракцийг оруулжээ.

Сөрөг хүчний намын лидерүүд түр засгийн газар байгуулахыг шаардаж байгаа боловч эрх баригч нам болон цэргийнхэний нөлөө эрсдэл учруулахаас эмээж байна. Учир нь Зимбабве улсын эрх мэдэл ирээдүйд цэрэг,армийнханы гарт орох вий гэдэг болгоомжлол байгаа юм.

Зимбабве улсын армийн чөлөөнд гарсан генерал Мартин Рупияа “Эрх баригч нам цэргийнхэнд улс төрийн эрх мэдэл олгохыг зөвшөөрсөн. Миний таамаглаж буйгаар зэвсэгт хүчний улс төрд эзлэх байр суурь хэсэг хугацаанд үргэлжлэх байх” хэмээн ярьжээ.

Зимбабве улсын зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт цэргийн эргэлт хийснээс хойш тэргүүн хатагтайн ойрын хүрээллийн хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Тэдний заримыг мөн ням гаригт болсон намын хурлаар намаас хөөсөн ажээ. Тэргүүн хатагтай Грэйс Мугабе тус улсад цэргийн эргэлт гарснаас хойш олон нийтийн өмнө гараагүй гэнэ. Түүнийг нөхрийн хамт ерөнхийлөгчийн ордонд гэрийн хорионд оруулсан гэх таамаг байгаа юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж