“Егөөтэй 99 тайлбар”-таа “Гадаад үгийг маяггүй хэлье!”, “Хэлсэн шигээ бичье!” гэсэн уриатай нэлээд хэдэн өгүүллэг оруулсан юм.
Маяггүй хэлэхийн тулд маяггүй сонсох, маяггүй сонсохын тулд маяггүй ярих хэрэгтэй болно. Маяггүй ярихыг хүсэгчид маяггүй бичих хэрэгтэй болно. Жишээ нь, оросын “клуб” гэдэг гадааг үг монгол хэлэнд нэвтрэх зөвшөөрөл хүсэж, гааль дээр ирлээ. Монгол авианууд түүнийг хилийн цаанаас хэлэлцээнд урилаа. Монгол Ү “Манай монгол үг давхар гийгүүлэгчээр эхлэх ёсгүй болохоор намайг “К, Л” хоёрыг чинь салгаж дунд нь орохыг зөвшөөрч байна уу?” гэв. К, Л хоёр “Бид усыг чинь уухаар ирсэн болохоор ёсыг чинь дагалгүй яахав. Тэг тэг, та тавтай морил! гэж уриалгахан зөвшөөрснөөр “клуб”-ын эхний хэсэг “күл-” болов. Монгол Ү дахин “Бидэнд эгшиг зохицох гэж өөр нэг нарийн ёс бий. Эм хүйстэй би эр хүйстэй У-тай нэг гэрт байж болохгүй болохоор У-ын чинь байрыг эзлэх нь ээ.” гэв. Орос У “Тэр ёсыг чинь би сайн мэднэ. Харин хар яр хийсэн гийгүүлэгчүүдийг эгшиглүүлэхэд ганц бие минь хүрдэггүй. Манай орос хэлэнд байдаггүй хосоороо эгшиглэх ёс танайд байдаг болохоор ахиад нэг Ү авч “ҮҮ” болбол сайн шүү!” гэв. Монгол Ү орос У-ийн зөвлөгөөг дагаж “күлүү-” боллоо. Хамгийн сүүлд зогсож байсан орос Б “Танай үгийн төгсгөлийн Б-үүд үргэлж зөөлөрдөг юм билээ. Би тэр ёсыг чинь дагана аа. Зөөлөрсөөр байгаад “-В” ч болж магадгүй.” гэв. Хэлэлцээрийн дүнд орос “клуб” монгол “күлүүб” болж, монгол хэлний хил нэвтрэх хугацаагүй вийз авав гэнэ. Авиа хүртэл ингэж удам угсаагаа хамгаалж байхад амнаасаа гаргадаг эзэд нь “күлүүб” гэж хэлснээрээ бичиж, эх оронч авиануудаа дэмжвэл ямар вэ?…
Ганц манайх ч биш, гадны хэлний авианууд ч ингэж унаган шинжээ хадгалж, харийн үгийн ард, урд нь орж, хамаг чадлаараа тэмцдэг. Жишээлбэл, бидний хамгийн сайн мэдэх “чихэр” анх Энэтхэгт үүсэхдээ “шаркара” гэдэг самгард нэртэй болжээ. Дэлхийн олон орноор аялж усыг нь уухдаа персээр “шакар”, арабаар “сухар”, латинаар “суккарум”, италиар “зуккэрө”, испани, португалиар “азукар”, францаар “сукрэ”, орсоор “сахар”, англиар “шүүгээ”, германаар “цука”, мажараар “цукор”, түрэгээр “шэкээр”, монголоор “чихэр” гэж ёсыг нь дагасан байх юм. Ийм түүхийн өөр нэг жишээ нь “оймс”.
Дэлхийн олон орон грекчүүдийн үдээсгүй, “оймс” шигхөлдөө углаж, орж гарахдаа өмсдөг санкнос(sunkhos)-ын “С, К, Н, О” гэсэн дөрвөн авиаг урд хойно нь оруулаад оросууд носки, германууд сокэн(socken), англичууд сок(sock), болгож “оймс”-ыг нэрлэсэн байна. Манай монгол хэлний “оймс” ч “н”-ийг нь “м” болгоод, харь хэлний “к”-г нь хаяад танигдахааргүй болгочихсон л байна.
Ийм болохоор мотоор, заал, масааж, ааз, күлүүб, доолор, пийцаа, боос гэж бичихдээ ичих юм ер байхгүй юм. Энэ нь “Та нар тэгдэг юм уу? Бид нар ингэдэг юм аа!” гэж өөрийн гэж өмчлөх хэл, бичигтэй, туурга тусгаар үндэстэн гэдгээ таниулж байгаа хэрэг болно.
Хүний бус өөрийнхөө хуулийг дээдэлье!
“Егөөтэй 99 тайлбар” номын “Угсаа гарлаа хамгаалсан эх оронч авиануудаа дэмжье!” өгүүллийн хэсгээс