“Хаана хамгийн их ном уншиж байна вэ?” гэсэн уралдаанд Санкт Петербург хот түрүүлсэн гэж тус хотын Захирагчийн алба мэдээллээ.
ОХУ-ын Номын нийгэмлэгийн ерөнхийлөгч Сергей Степашин уралдаанд түрүүлсэн батламж, цомыг хотын Захирагч Георгий Полтавченкод гардуулан өгсөн байна.
“Интернэтийн эрин үед ч петербургчүүд номоо уншсаар байна. Соёлын нийслэл гэгддэг Санкт Петербург маань уран зохиолын нийслэл боллоо” хэмээн хотын Захирагч Георгий Полтавченко шагналаа гардаж авсны дараа хэллээ.
Энэ шагнал урам зоригийг нь бадраасан тул 2020 онд ЮНЕСКО-гоос зохион байгуулах “Дэлхийн номын нийслэл” уралдаанд оролцоно хэмээн Захирагч хэллээ.
Хотын захиргааны зүгээс ном унших дадлыг суулгах зорилгоор их ажил хийдэг гэдгийг Захирагч онцоллоо. Жил бүр Санкт Петербург хотод Олон улсын номын үзэсгэлэн зохиогддог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд номын 20 гаруй дэлгүүр шинээр нээгдсэн байна. Мөн Санкт Петербург хотын метронд цахим номын санг нээжээ. Энэ 2017 онд гэхэд номтой холбоотой 100 гаруй төслийг дэмжин ажилласан байна. Өнөөдөр тус хотын номын сангуудаар нэг сая орчим хүн үйлчлүүлж байгаа ажээ.
ОХУ-ын Номын нийгэмлэг, ОХУ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах агентлаг хамтран “Хаана хамгийн их ном уншиж байна вэ?” уралдааныг гурав дахь удаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Гурав дахь удаагийн уралдаанд ОХУ-ын 84 нэгж оролцсоноос Санкт Петербург тэргүүлжээ. Өмнөх хоёр уралдаанд Ульяновск болон Воронеж муж түрүүлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ