ОХУ-ын Төрийн дум Татваргүй барааны тухай хуулийг баталлаа. Энэ хууль батлагдсанаар ЕвроАзийн холбооны гишүүн бус орны иргэд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр худалдан авсан бараандаа татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болж байгаа юм.
Татварын хөнгөлөлт эдлэхийн тулд нэг өдөр дор хаяж 10 мянган рублийн бараа худалдан авснаа баримтаар баталгаажуулах ёстой. Гэхдээ Онцгой албан татвар ногддог архи, согтууруулах ундаа, тамхи зэрэг бараанд татварын хөнгөлөлт хамаарахгүй. Татварын хөнгөлөлтөд хамаарахгүй барааны жагсаалтыг Засгийн газраас гаргах юм.
Бараа худалдан авсан гадаадын иргэн ОХУ-ын нутаг дэвсгэрээс уг барааг худалдан авсан болон хилээр авч гарснаа нотлох баримтаа цахимаар бүртгүүлэх юм. 2018 оны аравдугаар сарын 1-нээс татварын хөнгөлөлтийг автоматаар бүртгэх систем ажиллаж эхлэх бөгөөд тэр болтол дэлгүүрүүд баримтаа Гаалийн байгууллага руу явуулж, дараа нь энэ баримт нь Холбооны Татварын албанд очих ажээ.
Гэхдээ эхний ээлжинд энэ хууль Москва, Санкт-Петербург болон Сочи хотын нутаг дэвсгэрт үйлчилнэ. Энэ хууль нь оросын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой гэж хууль батлагчид үзэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ