Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Өнөө жилийн тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр хүртэв.
Төрийн ордонд болсон одон гардуулах ёслолын арга хэмжээнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, Н.Түвшинбаяр аваргын аав, ээж, гэргий, анд нөхөд, спортын алдартай тамирчид хүндэт зочноор уригдсан юм.
Монгол бахархлын өдрөөр Төрийн ордонд зочилсон хүмүүсийн ихэнх нь монгол дээлээр гоёсон байв. Одонгийн эзэн Н.Түвшинбаяр аваргын гэргий Б.Оюунбилэг хүрэн торгон дээл сонгож өмссөн бол Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Д.Сумъяа, П.Орхон нар монгол дээлтэй ирсэн байлаа. Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар булган дотортой, хүрэн торгон дээлээр гангарсан нь ч мөн өнөөдрийн ёслолын дэгжин харчуулын нэг байв.
Т.НОМИН
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ