Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ (XI.13-19)

Хуучирсан мэдээ: 2017.11.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ (XI.13-19)

Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ (XI.13-19)

Долоо хоногийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

(2017.11.13 – 2017.11.19)


ДАВАА /XI.13/

  • Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын ажил хаялт зохион байгуулав. Улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, 11 шинжлэх ухааны байгууллага ажил хаялтад нэгджээ.
     
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа 2017.11.20-нд болох Их хуралд намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв.
     
  • МАН-ын Их хурал зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “Б” танхимд болов. МАН-ын Их хуралд 1309 төлөөлөгч оролцохоор сонгогджээ.
     
  • УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Ц.Нямдорж Монголд зочилж буй Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Сергей Фатеевич Брилка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
     
  • “Тогтвортой хөгжил-статистик” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг Үндэсний статистикийн хороо, УИХ, Дэлхийн банк хамтран зохион байгуулав.
     
  • “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” хуралдлаа. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ.

МЯГМАР /XI.14/

  • УИХ-ын чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын ийн хуулийн хугацаандаа 2018 оны төсөв болон түүнийг дагалдах зарим хуулийн төслүүдийг батлав.
     
  • ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр төрд нь халдсан гэх шалтгаанаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд ханджээ.
     
  • Японы сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржид гар хүрч, танхайрсан хэрэгт буруутгагдаж буй тухай Японы спортын мэдээллийн Sponichi сонин мэдээллээ. Энэ хэрэг аравдугаар сарын 26-нд болжээ.

  • Замын цагдаатай ам мурийж, салаавч гаргасан гэх Ц.Баярцогтод холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Ц.Баярцогт танхайрсан гэдэг нь нотлогдсон тул түүнийг 15 хоног баривчилж, 20 цагийн албадан сургалтад хамруулах шийдвэр гаргажээ.
     
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголын төслийн тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, НИТХ-д өргөн барихаар боллоо.
     
  • Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган есөн боть номын нээлт БСШУСЯ-нд боллоо.
  • Монголын үндэсний олимпийн хороо удирдлагууд Токио-2020 хөтөлбөрт шалгарсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, байт харваа, тэквондогийн 17 тамирчин, дасгалжуулагчдад олимпийн тэтгэлэг гардууллаа.
     
  • Замын цагдаагийн албаны дарга Б.Даваазулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа Д.Амарсайханыг түүний оронд томилов. 
     
  • Налайх дүүрэг дэх иргэн Э-гийн эзэмшлийн уурхайд нуралт үүсч, дөрвөн хүн дарагдсан осол болжээ. Ослын газарт Уул уурхайн аврах ангийн аврагчид гурван цаг гаруй хугацаанд ажиллаж, тэднийг эсэн мэнд гаргасан байна.
     
  • Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан Баянзүрх дүүрэгт байрлах баар, цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийх үеэрээ С.Бямбацогт нарыг мансууруулах бодис хэрэглэсэн байхад нь саатуулав. С.Бямбацогт нь хэд хоногийн өмнө цэнгээний газрын гадаа сэлэм “эргүүлж”, танхайрсан хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байсан юм.
     
  • Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж Фүкүока хотноо болж буй кюүшюү башёг орхилоо. Тэрбээр мөн энэ өдөр дэвжээний багш Исэгахамагийн хамт Таканохана дэвжээнд очиж, албан ёсоор уучлал гуйжээ. Эхний хоёр өдөр дараалан ялагдсан Харумафүжи аварга башёг өнжих шийдвэр гаргасан нь нутгийн бөх Таканоива А.Баасандоржтой маргалдаж, түүнийг бэртээсэнтэй холбоотой.

ЛХАГВА /XI.15/

  • УИХ дахь Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд томилох тухай асуудал хэлэлцэв. БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Батын Хурцыг томилох тухай асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 11 нь буюу 78,6 хувийн саналаар дэмжлээ. ДЭЛГЭРЭНГҮЙГ УНШИХ
     
  • УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга нь УИХ-ын гишүүн Сү.Батболд бол гишүүдэд Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав, Н.Энхболд нар багтдаг. Хоёр гишүүн өөр байнгын хороонд шилжиж байгаатай холбогдуулан шинэ гишүүн нэмэх санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар хамгийн олон санал авч, тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр сонгогдлоо.
     
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын 21 гишүүн дэмжиж, гарын үсэг зурав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ тухай хэлэлцэж, УИХ-ын чуулганаар Элчин сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулахаар болж, сонсголд бэлтгэх ажлын хэсэг байгуулав.
     
  • Засгийн газар хуралдав. Хуралдаанаас БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны есдүгээр сарын 4-7-нд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн дүнг Засгийн газар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
     
  • Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнагдах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал Иргэний танхимд болов. Олимпийн алт, мөнгө медальт, жүдо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярт тэргүүн зэргийн одонг олгохоор болжээ.
     
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
     
  • Хаалттай хуралдсан НИТХ-ын хуралдаанаар есөн Тэргүүлэгчийг батламжиллаа. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж томилов. АН-д хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдэв.
     
  • Үндэсний статистикийн хорооноос сар бүр танилцуулдаг нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийн мэдээллийг хийлээ. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг өрхийн дундаж орлого 929,4 мянган төгрөг байгаа бол зарлага нь 1 сая төгрөг гэж тооцжээ. Мөн чинээлэг өрхийн хэрэглээ хамгийн ядуу өрхийн хэрэглээнээс 5,4 дахин их байна гэж мэдээлэв.
     
  • Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчилсэн бүртгэлээр олгох, хяналт, шалгалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөнийг Төрийн ордны их танхимд боллоо.

ПҮРЭВ /XI.16/

  • УИХ Б.Хурцын томилгоо хэлэлцэх асуудлыг хойшлуулав. УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөхийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Саналыг 49 гишүүний 63.3 хувь нь дэмжсэнээр 2017 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөхийг хойшлууллаа.
     
  • НҮБ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр Ажлын хэсгээ ирүүлжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзав.
     
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга М.Энхболдоос төрийн хамгаалалт хүсчээ. Тэрбээр гэр бүлд нь заналхийлэл учирч байна гэж хүсэлтдээ тайлбарлажээ.
     
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1-р хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэл нь 5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
     
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг хүлээн авч уулзлаа.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 2017 оны арванхоёрдугаар сарын 9-нд болох олон улсын Авлигатай тэмцэх өдрийг АТГ-тай хамтран тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулж, хамтран ажиллахаа хэллээ.
     
  • Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо Харумафүжи аваргын талаар мэдүүлэг өгчээ. Тэрбээр “Харумафүжи Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан” гэж мэдүүлжээ.

БААСАН /XI.17/

  • Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн мэдүүллээ.
     
  • АН-ын бүлэг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үеэр уг асуудалтай холбоотойгоор тав хоногийн завсарлага авлаа.   
     
  • Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой – Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй ‘Мөнх тэнгэрийн бичиг-2017’ монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болов.
     
  • Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улсын хувьд “Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх” өдрийг 4 дэх жилдээ Хүсээгүй дайныг зогсооё” нэгдсэн уриан дор энэ өдөр зохион байгуулав.
     
  • Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах”-ыг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг болголоо.
     
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн нэгдсэн хуралдаан СЕХ-ны хурлын танхимд болов. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын дагуу орон нутаг, дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн талаар хэлэлцлээ. 
     
  • ‘Гар гараасаа атгая’ гэрэл зургийн уралдааны шалгаруулалт, уралдааны үзэсгэлэнгийн нээлт Монголын хүүхдийн ордонд боллоо.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж