Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при ангиллын тэмцээн Нидерландын Гааг хотод болж байна. “Hague 2017” гран при тэмцээний хоёр дахь өдөр буюу бямба гаригт болсон барилдаанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Н.Хадбаатар алт, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.
Н.Хадбаатар Испани, Иран, Германы бөхчүүдийг ялж, “С” хэсгийн аварга болсон. Улмаар манай бөх Нидерландын Ван Вестенде Сам, АНЭУ-ын Виктор Сквортовыг ялснаар жиндээ түрүүллээ. Энэ жинд барилдсан Ц.Цогтбаатар Н.Хадбаатарын ялсан АНЭУ-ын Виктор Сквортовд ялагдсан ч Канад, Недарландын бөхчүүдийг дараалан ялж, медалийн тавцанд зогссон юм.
Тэмцээний хоёр дахь өдөр манай гурван жүдоч татамид гарснаас хоёр жүдоч медаль хүртлээ.
Монголын баг тамирчид тэмцээнийг зохион байгуулагч Нидерландын араас хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттай удаалж байна.
41 орны 231 жүдоч оролцож байгаа тус “Hague 2017” гран при тэмцээнээс 16 орон ямар нэгэн медаль хүртээд байна.
Манай улсаас Ё.Басхүү \66 кг\, Н.Хадбаатар \73\ алт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин \60\, дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг \эмэгтэй, 52\, залуу жүдоч Б.Амартүвшин \60\, Ц.Цогтбаатар \73\ нар хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гаригт хүнд жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Э.Мөнхжаргал барилдана.
\
Ч.БОЛОР