Эмчилгээний тоног төхөөрөмж бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Эмчилгээний тоног төхөөрөмж бэлэглэнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага долоон төрлийн эмчилгээний тоног төхөөрөмжийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Сэргээн засалтын үндэсний төвд бэлэглэх болсноо өчигдөр мэдэгдэв. Энэ нь хэт улаан, ягаан болон инфра улаан  туяа эмчилгээний, хэт авиа, электросимуляцийн, хувьсах гүйдлийн болон лазер эмчилгээний тоног төхөөрөмжүүд юм байна. Орчин үеийн эмчилгээний эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлснээр тус төвийн эмчилгээ, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр болно хэмээн албаныхан ихэд сайшаан хүлээн авч байна. Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа улсын баяр наадмын дараа болох гэнэ.

Сэргээн засалтын үндэсний төв нь улсын хэмжээнд сэргээн засалтын чиглэлээр зөвлөх, чиглүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сэргээн засалтын эмчилгээ, сувилгаа хийх, протез, ортопедийн хэрэгсэл хийж үйлчлэх үүрэг бүхий нийгмийн хамгаалал,  эрүүл мэндийн үйлчилгээний мэргэжлийн төв байгууллага бөгөөд жилд 4500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг ажээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж