Улаанбаатар өвөлдөө утаандаа, зундаа өмхий үнэртээ дарагддаг. Цэвэрлэх байгууламжийн асуудал бол үе, үеийн Засгийн газрын толгойны өвчин байсан. Тэгвэл БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна.
Тиймээс хуучин төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах, тоног төхөөрөмж, барилгын байдалд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, цаашид хэрхэх талаар судлах зэргийг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хариуцаж ажиллахаар боллоо.
Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор Улаанбаатар хотод амьдарч байгаа сая гаруй хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, хүрээлэн буй орчны бохирдол буурна гэж Засгийн газар үзэж байна.
Одоогийн байдлаар 225 үйлдвэр, аж ахуйн газар зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.8-4.1 дахин их химийн бохирдолттой усыг цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Үүнээс болж хотын ундны усны эх үүсвэр болох Туул голыг их хэмжээгээр бохирдож байна гэж мэргэжилтнүүд үздэг.
Б.БАТ