Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при ангиллын тэмцээн өнөөдөр Нидерландын Гааг хотод эхэллээ. Тус тэмцээнд 43 орны 231 бөх барилдаж байгаагаас манай улсаас 10 жүдоч зодоглож байна.
“Hague 2017” гран при тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорно.
Манай улсаас таван жүдоч татамид гарснаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө ОХУ-ын бөх Якубтай барилдахаар шалгарлаа.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Уранцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдээд байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 12 орны 22 жүдоч барилдаж байгаагаас Ё.Басхүү эхний тойрогт хийлж, Испани, Нидерландын бөхчүүдийг ялж, С хэсгийн аварга болсон. Тэрбээр Ираны бөх Н.Гассемийг цэвэр ялснаар аваргын төлөө ОХУ-ын Шамилов Якубтай барилдахаар боллоо. Энэ жинд барилдсан Б.Эрхэмбаяр хоёрдугаар тойрогт ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж буй манай хоёр бөх хоёул хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, Нидерландын К.Бас, нутаг нэгт Б.Амартүвшинийг ялж, хэсгийн аварга болсон. Манай бөх финалд үлдэх эрхийн төлөө Туркийн Бекирт ялагдсанаар хүрэл медалийн төлөө Нидерландын К.Роюгтай барилдахаар боллоо.
Б.Амартүвшин дагах барилдаанд Нидерландын В.Тибог ялж, Испаний Г.Францискотой нөгөө хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ.
Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 23.00 цагаас эхэлнэ.
- ШУУД ҮЗЭХ: https://live.ijf.org/#!/
Ч.БОЛОР