Хойд Солонгосын цэргийн биеэс олон тооны шимэгч хорхойг гарган авснаа Сөүлийн эмч нар мэдэгджээ. Хойд Солонгосын цэрэг өнгөрсөн даваа гаригт /2017.11.06/ хил даван ирэхдээ цээж, хөлдөө олон сумны шархтай байв. Эмч нар цэргийг хоёр удаа хагалгаанд оруулан зургаан сумыг авчээ. Гэвч түүний биед олон тооны шимэгч байсан нь эрүүл мэндийг нь доройтуулж байсныг хэлжээ. Өмнөд Солонгосын эмч И Кук Жон 20 жил ажиллахдаа анх удаа ийм олон шимэгч харлаа. Бид түүний биеэс гарган авсан хамгийн урт шимэгч 27 см байсан гэжээ.
Хүмүүс бохирдсон хоол хүнс хэрэглэх, шавж хорхойд хатгуулснаас шимэгчээр халдварладаг аж. Хойд Солонгосын цэргийн хувьд ихэвчлэн өт хэлбэрийн хорхойгоор өвчилснөөс харвал бохирдсон хоол хүнсээр халдвар авсан байх өндөр магадлалтай гэнэ. Хойд Солонгост хүний өтгөнийг бордоо болгон ашиглах нь түгээмэл аж. Энэ нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнийг дутуу цэвэрлэж, гүйцэт болголгүй хэрэглэвэл шимэгчээр өвчлөх эрсдэлтэй.
Хойд Солонгос нь ядуу орны тоонд багтдаг ч нэг хүнд ноогдох орлогын хэмжээгээр Бангладеш эсвэл Африкийн олон оронтой харьцуулахад иргэд нь илүү эрүүл байх боломжтой талаар Сөүлийн Кукмин Их сургуулийн профессор Андрей Ланков ярьжээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА