
Парадын эхэнд Батлан хамгаалахын сайд Л.Болд Сүхбаатарын талбайд задгай машинтай гарч ирж рапорт хүлээн авсан юм. Үүний дараа зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар, дотоодын цэрэг, НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оролцсон дайчдын цоглог жагсаал Төрийн ордон, Сүхийн талбайд хуран цугласан олны өмнүүр ёслол төгөлдөр явж өнгөрлөө. Эмэгтэй дайчдын цоглог дэгжин алхаа, дэлхийн тавцанд шинэ цагийн монгол цэргийн ур ухааныг харуулж Монголынхоо нэрийг дуурсгасан энхийг сахиулагч цэнхэр дуулгатнуудын жагсаалыг талбайд хурсан олон онцлон таашааж алга нижигнүүлэн ташиж талархан хүлээн авч байлаа.
Сүрт жагсаалыг үе үеийн морьт цэргийн түүхийг харуулсан морин цэргийн жагсаал үргэлжлүүлсэн юм. Дэлхийн талыг туурайн төвөргөөнөөр бөмбөрдөж хязгаар нутгаа тэлсэн Чингисийн үеийн дайчид хуяг дуулга, нум сумаа агсан, жадаа өргөж өнгөрлөө. Хээр, хонгор зүсмийн морьд унасан дайчдын царай хөрслөг бор. Өмсгөл зүүсгэл сүрдэм. Бие жижигхэн ч шөрмөслөг морьдтой хөрслөг бор монгол цэргүүд тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөж байсан нь 800-гаад жилийн тэртээ. Түүний араас хонгор морьт Сүх жанжны цэргүүд орж ирэв. Жагсаал удирдагч наран хонгор морьтой. Жанжин малгай, хантааз, дээлтэй, сэлэм зүүсэн морин цэргүүдийг хараад жагсаал үзэж байсан жаал хүү “ Сэлэм Тогмид” хэмээн дуу алдахад жанжин малгайт цэргүүдийн нэг инээд алдаж харагдав.
Араас нь алаг морьт Дандар баатарын цэргүүд орж ирлээ. Хар алаг морьтой офицер жагсаалыг тэргүүлжээ. Халхын голын 1939 оны тулгаралт, 1945 оны чөлөөлөх дайнд монгол морь, монгол цэргийн тэсвэр тэвчээр, оновчтой тактикийг үзүүлж явсан дайчдын тэр үеийн хувцас хэрэглэл болох улаан, цэнхэр хосолсон захны тэмдэг, ногоон гимнастерка, пилотка малгайгаар тэд жигдэрч винтов буу агсчээ. Зөвхөн монгол хүний л мэдрэх адууны хөлсний зөөлөн үнэрээр Сүхийн талбайг сүлээд тэдний жагсаал өндөрлөлөө. Төрийн хийморь адууны хөлсний үнэрт сэргэсэн байх аа.
Цэргийн техник үе үед хэрхэн хувьсч ирснийг дараах жагсаал харууллаа. БТР машинууд, танк, хуягт, пуужинт цэргийн жагсаалууд цуварч өнгөрлөө. Хамгийн сүүлд монгол цэргийн зэвсэглэлд орж ирээд удаагүй пуужингийн жагсаал өнгөрөхөд хуучин дайчид лутыг нь гайхан алга нижигнүүлж байв.
“Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” гэдгийг монгол цэргийн сүрт жагсаал өнөөдөр дахин харууллаа. Наадамчид жагсаал үзэхээр дотогш тэмүүлж, жагсаалын талбайд цөмөрч орсныг эс тооцвол жагсаал сайхан болж, монгол цэргийн сүрийг үзүүллээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.