Италийн Сицилийн мафийн босс Сальваторе “Тото” Риина хорт хавдрын улмаас нас барсан тухай Италийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр 87 настай байв.
Коса Ностра зартай гэмт бүлэглэлийн толгойлогч 1993 онд хорих ялаар шийтгүүлж, гянданд хоригдох болжээ. Түүнийг 150 гаруй хүн амины аллага захиалсан хэрэгт яллаж, 26 удаа бүх насаар нь хорих ял оноосон байдаг.
Риина амьдралынхаа сүүлийн мөчүүдийг Парма хотын эмнэлгийн ялтнуудыг эмчлэх тасагт өнгөрүүлжээ.
Түүний том хүү Жованни мөн шүүхээс бүх насаараа хоригдох ял сонсож, өдгөө шоронд хоригдож байгаа аж.
Ром, Милан, Флоренцид 1993 онд болсон цуврал халдлагын ард Риина байсан гэдэг. Эдгээр халдлагын улмаас 10 хүн амь насаа алдсан юм. Тэр явдлаас жилийн өмнө мафийн гэмт хэргийн шүүгч Жованни Фалконе, Паоло Борселлино нар Риинагийн “төрийн эсрэг тэмцэл”-д алагдсан байна.
С.ЦЭЛМЭГ