Тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг томилох асуудал яагаад гацав

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг томилох асуудал яагаад гацав

Тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг томилох асуудал яагаад гацав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2017.11.17/ 17 цагт хуралдах тов гарчээ. Тус байнгын хороо өчигдөр /2017.11.16/ тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хуралдаж чадаагүй юм. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болдыг оруулах санал гаргасан бол МАН-ын зүгээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нарыг дэд хорооны гишүүнээр томилох саналыг гаргаад байгаа юм. Чухам яагаад энэ хорооны гишүүдийг томилох асуудал ингэтлээ удаж, маргаан дагуулна вэ.

Тусгай хяналтын дэд хорооны гишүүн ямар үүрэгтэй вэ?

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын дэд хороо харьяалагддаг. УИХ-ын тухай хуулийн 24-р зүйлд зааснаар энэхүү дэд хороо нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах, бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах байнгын хороонд, шаардлагатай бол байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй. Тодруулбал, Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг хариуцах бөгөөд эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах “давуу” эрхтэй.

Дэд хорооны бүрэлдэхүүнд хэн багтах вэ

Дэд хороонд зөвхөн харьяалагдах байнгын хорооны гишүүд орох бөгөөд бүрэлдэхүүний тоо тухай байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүү байна. Өөрөөр хэлбэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд л Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр сонгогдоно. Тусгай хяналтын дэд хороо нь таван гишүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн С.Батболд ахалдаг. Мөн гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Занданшатар, Я.Санжмятав, Н.Энхболд нарын гишүүд багтаж байсан. Гэхдээ УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар Засгийн газрын гишүүнээр томилогдож, өөр байнгын хороодод шилжсэн учраас тэдний оронд байнгын хорооны хоёр гишүүнийг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилох асуудал яригдаж байна.

УИХ-ын тухай хуулийн 24.8-д “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяадагдах байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно” гэжээ. Өөрөөр хэлбэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Тусгай хяналтын дэд хорооны гишүүн чөлөөлөгдсөн тохиолдолд шууд дэд хорооны гишүүнээс ч чөлөөлөгдөнө гэсэн үг. Өнгөрсөн лхагва гаригт буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Л.Болд нарыг нэр дэвшүүлж, нууцаар санал хураасан. Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилох саналыг УИХ-д өргөн барьсан ч АН-ын бүлэг өөрийн нэг гишүүнийг оруулахгүй бол тав хоногийн завсарлага авахаар санал гаргасан ч УИХ-ын дарга нэг хоногийн завсарлага өгсөн юм. Үүний дагуу өнөөдөр /2017.11.17/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах ёстой ч одоогоор товлогдоогүй байна. Хэрэв Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилбол УИХ-ын чуулганаар томилох шийдвэр гарч, БНСУ-д суух Элчин сайд Б.Хурцын асуудлыг ч хэлэлцэх эсэхээ УИХ тодорхой болгох учиртай. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж