Монголын тулгар төрийн 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын сур харваа долдугаар сарын 8-ны өдөр урианхай сурын харваагаар эхэлж, өчигдөр буриад сурын харваагаар үргэлжилсэн бол өнөөдөр баяр наадмын халх сурын харваа эхэллээ.
Энэ жилийн наадамд хот, хөдөөгийн 350 орчим харваач оролцож байгаагийн 32 нь Улсын мэргэн цолтнууд байгаа бол спортын мастер 120, дэд мастер цолтой харваач 30 гаруй ирсэн байна. Хана харваагаар эхэлсэн халх сурын харваанд харваач бүр нийт 40 сум тавих юм. Маргааш тус наадам хасаа харваагаар үргэлжлэх бөгөөд долдугаар сарын 12-ны мягмар гаригт шигшээ харваа болж, цэц мэргэд тодрох юм.