Саудын Арабын ван ирэх долоо хоногт хунтайж Мухаммед бин Салманыг залгамжлагчаар албан ёсоор зарлах гэж буй гэнэ.
Энэ бол 32 настай хунтайжийн эрх мэдлийг баталгаажуулах сүүлчийн алхам юм. Хунтайж Мухаммед бин Салман Саудын Арабт хэн гол хүн гэдгийг харуулж, энэ сарын эхээр авлигын хэргээр хунтайж, засгийн газрын сайд, бизнесмен зэрэг 40 гаруй хүнийг баривчилсан билээ.
Саудын Арабын ван угсаа залгамжлах хунтайжид бүх эрх мэдлийг шилжүүлсэн хэдий ч одоо зөвхөн ёслолын арга хэмжээ л дутуу байгаа ажээ.
Хунтайж эрх мэдлээ баталгаажуулсан даруйд Ойрхи Дорнодын газрын тосны хамгийн том экспортлогч Саудын Арабтай эртнээс дайсагналцсан харилцаатай явж ирсэн Иранд чиглэсэн гадаад бодлого явуулж, цэргийн ажиллагаа ч эхлүүлж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. “Лалын шийт урсгалын Хезболлах бүлэглэл болон Ираны далдуур дэмждэг Ливаны босогчдыг дарахын тулд Саудын Арабын хунтайж Израилиас дэмжлэг хүсэж магадгүй. Ираныг Хезболлахтай хамт замаасаа зайлуулах нь түүний гол зорилго” хэмээн Саудын Арабын вангийн ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман Ливанд цохилт өгөхөөр төлөвлөж байгаа боловч Израилийн цэргийн дэмжлэгт юу юунаас илүү найдлага тавьж байгаа ажээ. Хэрэв Израиль дэмжихийг зөвшөөрвөл хариуд нь хэдэн тэрбум ам.доллар амлаад байгаа гэнэ.