Модель Жижи Хадид энэ сарын сүүлээр Шанхайд болох Victoria’s Secret-ийн загварын шоунд оролцох боломжгүй болсноо мэдэгджээ. Тэрбээр “Энэ жил Хятад явж чадахгүй болсондоо ихэд харамсаж байна. Victoria’s Secret-ийнхэндээ хайртай шүү. Сэтгэл зүрхээрээ та нартайгаа хамт байх болно. Шоу ямар гайхалтай болохыг тэсэн ядан хүлээж байна. Ирэх жилийн шоуг ч мөн хүлээж ядаж байна” хэмээн твиттертээ бичжээ.
Жижи Хадид ямар шалтгаанаар Хятадад болох шоунд оролцох боломжгүй болсноо тайлбарласангүй. Гэхдээ түүнээс өөр хэд хэдэн модель ч мөн шоуны тайзнаа алхах боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Эх сурвалжийн мэдээллээр моделиудын заримд нь Хятадад нэвтрэх виз олгоогүй гэнэ.
Сануулахад, Victoria’s Secret-ийн загварын шоу арваннэгдүгээр сарын 20-нд болно.
С.ЦЭЛМЭГ