‘Хөөрхөн хүүхэн’ киногоороо монголчуудын танил болсон Холливудын алдарт жүжигчин Ричард Гир Төрийн ордонд өнөөдөр /2017.11.17/ зочилжээ. Өдгөө 67 настай тэрбээр Монгол Улсад дөрөв дэх удаагаа зочилж буй юм.
Энэ удаад тэрбээр шинэ киноны судалгааны ажлаар ийнхүү Монгол Улсад ирсэн юм байна. Өмнө нь 2010 онд Ричард Гир Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулж буй ‘Монголын бурхан шашин’ нэртэй олон улсын хэмжээний бага хуралд оролцож байсан юм. Учир нь Ричард Гир нь олон улсын шашны чиглэлийн эрдэмтэн судлаач билээ.
Хүмүүнлэгийн үйлстэн тэрбээр Голланд, Ирланд, Англи гээд олон цус холилдсон удамтай. Европчууд түүнийг “өөрийн хүн” гэж тооцдог бол америкчууд “манай жиголо” хэмээн дотносдог аж. Олон хүүхэдтэй фермерийн гэр бүлд мэндэлсэн тэрбээр Хойд Сиракьюзын дунд сургуулийг төгсөөд Амсхерт дэх Массачусетсийн Их сургуулийн Гүн ухааны факультетид тэтгэлэгтэйгээр суралцах эрхтэй болсон байна. 1993 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр БНХАУ-ын Түвдийн талаар баримталж буй бодлогыг шүүмжилсэн үг хэлснийх нь төлөө Ричард Гирийн энэ шагналд өрсөлдөх эрхийг нь хасч байсан гэнэ.
Д.ЖАГАР