М.Энхболд намаа босгодог дараа нь адлуулдаг

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

М.Энхболд намаа босгодог дараа нь адлуулдаг

М.Энхболд намаа босгодог дараа нь адлуулдаг

Яг үнэндээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноос хойш төрийн ажил яаж явагдаж байсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Ялагчдын уухайн дуу, гомдогсдын хорсолт үгэн дунд УИХ ажиллалаа. Сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр хоёр ч удаа хориг тавьж, УИХ дахь МАН-ын бүлгийн дунд гарсан ангалыг улам гүнзгийрүүлээд авсан. Нэг намын туган дор яваа гишүүд, сайдууд чуулганы танхимд хулгайч, бацаанаараа дуудалцаж, орон шорон ярьж  зодолдохоос бусдаар нэг нэгнээ “гэмтээлээ”. Энэ бүхнийг харсан хүмүүс “Ийм үед М.Энхболдоос өөр хүн УИХ-ыг даргалж байсан бол юу болох байсан бол” гэж уулга алдахтай ч таарав.

Ердөө л жил гаруйн өмнө нэг хүний тааллаар чанга яригчаа унтраалгадаг, үгэн сумаар нүдүүлдэг байсан улстөрчдийн хувьд УИХ-ын дарга М.Энхболдын удирдсан чуулган яах аргагүй аядуу зөөлөн өрнөсөн байх талтай. Мэдээж энэ нь гишүүдийн муу, муухай үгэнд бус М.Энхболдын тэвчээр, бодолд байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэхээр л аль нэг талын сэлэмчин хурал даргалж байсан бол юу болох байсныг таах аргагүй юм. Төрд ажиллах, төрийн хүн болох хоёрт их л хол зай байдаг аж. Энэ хүн өнгөрсөн хэдэн сард төрийн төв цэг, ноён нуруу нь болон харагдаж байна. Тэгж ч амьдарч байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар “ВВС Cardiff singer of the world” тэмцээнээс хүртсэн цомоо УИХ-ын даргад гардуулсан. Улсынхаа нэрийг гаргасан дуучин төрийнхөө өндөрлөгт шагналаа хадгалуулж буй нь гайхаад байх ч явдал биш л дээ. Гэхдээ энэ үйл явдлыг харсан хүмүүс дуучин залуугийн хүн чанарыг бахдаж байна. Энэ хэрээр дуучны нэр хүнд ч өслөө. Яагаад ингэж байна вэ гэвэл МАН-ын дарга М.Энхболд гэдэг хүний өсгөж, тэтгэсэн улстөрчид нь, өнөөдөр чуулганы танхимд өөдөөс хараад сууж байгаа дүү нар нь нулимж байгаад ард иргэд дургүй байгаагаас тэр юм. Сонгуулийн дараа хариуцлагаа хүлээж намын даргын албан тушаалаа сайн дураараа өгнө гэж мэдэгдчихээд байхад нь элдэв үгээр дэвсэлж байсан хүмүүс үнэхээр дур гутмаар байсан л даа. Өнгөрсөн зуны сонгуулийн өмнө, хойно хоёрт намынх нь гишүүд хэрхэн дүрээ хувиргаснаа өөрсдөө анзаараагүй байж болох ч олон түмэн харсан. Түүнийг тугаа болгож, улс төрийн өндөр тавцанд гарсан хүмүүс одоо М.Энхболд гэдэг улстөрчтэй холбоотой болж харагдах вий, цуг зураг хөрөг авахуулчих вий гээд цэрвэж явна. Урлаг соёлд ёс жудаг нь хадгалагдаж байгаа бол улс төрд алга гэдэг нь харагдаад байгаагаас л энэ явдал ам дамжин яригдаад байгаа юм.

Тэгвэл М.Энхболд гэдэг хувь хүн өмнө ч ийм байдал орж явсан гэдгийг мартах аргагүй. 2007 онд тухайн үеийн МАХН-д “Элсний 13” хэмээх жигүүр байгуулагдаж, М.Энхболдыг МАХН-ын ХХV Их хурлаар намын даргаас нь, Ерөнхий сайдаас нь буулгаж байлаа. Зарим судлаачид түүний ард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг байсан ч гэдэг. Хамгийн гол албан тушаалаасаа буугаад тэрбээр зүгээр л яваад өгсөн юм. Өчигдөр сайдаас буучихаад өнөөдөр чуулган дээр үг хэлэх бүртээ өс өвөртөлсөн үг хэлж суугаа гишүүдтэй огт адилгүй байлаа. 2008-2012 оны хэл амтай УИХ-ын хугацаа өнгөрч, 2012 онд МАН ялагдлаа. Намынх нь аль өнгөтэй лидерүүд нь сурах нэрээр гадагшаа зугтаж, далайн эрэг хавиар казино эргүүлсэн. Бизнесийн томчууд МАН-ыг хялайж харахаа ч байв. Жирийн залуу гишүүд нь ч МАН-ынх гэж хэлэхээсээ ичиж, нуудаг байлаа. Тусгаар тогтнолын ордон ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, цахилгаан, дулааныхаа мөнгийг өгөөгүй хуримтлагдсан өрөнд орчихоод байхад М.Энхболд намдаа ирсэн. Энэ нь гишүүдийнх нь дуудлага ч байлаа. Тухайн үед МАН Их хурлаар даргаа сонгоход Чингэлтэй дүүргийн Засаг даргаар түр ажилласнаас өөр туршлагагүй Т.Аюурсайхан л түүнтэй өрсөлдөхөөр гарч ирж байв. Өнөөдөр гялалзсан гуталтай, толийсон пиджактай намынхаа лидер нь хэмээн улаан хивсэн дээгүүр зөөлөн гишгэлэн яваа хүмүүсээс хэн нь ч ачаа үүрэхийг хүсээгүй. Том жижиг сонгуульд тав дараалан ялагдчихсан намын дарга болно гэдэг улс төрийн амьдралдаа цэг тавина гэсэн үг хэмээн тооцсон ч байж магад. Гэвч ялагдсан, орхигдсон нам өнөөдөр УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй хүчин болжээ. Олныхоо зовлонг ч амсаж, нэг нэгнээ дэгээдэж, элдэвлэж, занаж, зүхэж байна. Харин М.Энхболд намаа босгодог дараа нь адлуулдаг тэгээд чив чимээгүй явчихдаг тэр цикл дээрээ эргээд иржээ. Эндээс харвал тэр эргэж ирэхийг ч үгүйсгэх аргагүй. Ингэхдээ намаа аврах гэж шүү. Түүх, намтар нь тийм учиртай юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж