“Унасан” дарангуйлагчид

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

“Унасан” дарангуйлагчид

“Унасан” дарангуйлагчид

Сүүлийн үед Африкийн Зимбабве улсад өрнөж буй улс төрийн үйл явдал, тодорхойгүй нөхцөл байдлаас болж 93 настай дарангуйлагч Роберт Мугабегийн эрх мэдэл дээсэн дөрөөн дээр ирээд байна. Африкийн орнуудад олон жил төрийн эрх барьсан зартай, нөлөө бүхий удирдагчдын тавилан эмгэнэлтэйгээр төгссөн. Эрх мэдэлдээ ташуурч, эд хөрөнгөд туйлж байсан тэдгээр удирдагчид бүгд эцэстээ зугтаж, дүрвэж, торны цаана сууж, босогчдын гарт үрэгдэж дууссан билээ.

Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе

Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе ард түмний хайр хүндлэлийг хүлээх биш, айдас болгоомжлол төрүүлдэг удирдагч байсан гэвэл зүйд нийцнэ. Мугабе төрийн эрхийг гартаа авсан цагаасаа улс төрийн өрсөлдөгчдөө намнаж, мөрдөж, хавчин, сонгуулийг луйвардаж ирсэн юм.  Мугабегийн авторитари эрх мэдлийн цалам Африкийн хамгийн их баялагтай улс гэгдэж байсан Зимбабве улсыг ороосноос  энэ улс эдийн засгийн ноцтой хямралд орсон.

Сургуулийн багш байсан Мугабе тусгаар тогтнохын  төлөөх тэмцэл уриалан оролцож, улс төрд хөл тавьсан билээ. 1964 онд Мугабед хорлон сүйтгэх зорилготой илтгэл тавьсан хэргээр 10 жил хорих ял оноосны дараа өөрийг нь сулласан зэвсэгт босогчидтой нэгдсэн билээ. 1980 онд Их Мугабе Британиас тусгаар тогтнолоо зарласан шинэ Зимбабве улсын ерөнхий сайдаар томилогдсон юм. Эмнэлэг, сургууль шинээр барьж, дэд бүтцийг сайжруулах, нийгмийн халамжийн үйлчилгээг нэмэгдүүлэхээр Мугабегийн авсан улс төрийн эхний алхмууд магтаал дагуулж байлаа. Нөгөө талаар Мугабе улс төрийн өрсөлдөгчдөө намнах цуст ажиллагаа явуулж, 20,000 орчим хүний аминд хүрсэн.

1987 онд Зимбабве ерөнхийлөгчийн засаглалтай болоход Мугабе ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа ерөнхийлөгчийн сонгууль явуулсан ба сонгууль болгонд яагаад ч юм Мугабе дандаа сонгогдож байлаа. Сонгууль бүрийн дараа сонгуулийг луйвардсан тухай маргаан гарч байсан юм. 2008 оны сонгуульд Мугабе Морган Цвангирайд ялагдсанаас болж, тус улсад улс төрийн үймээн самуун дэгдэж, 200 гаруй хүн амиа алдсан.

Энэ оны эхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Мугабег Сайн санааны элчээр томилсон боловч олон улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан тул байгууллага шийдвэрээ цуцалсан.  93 настай, дэлхийн хамгийн өндөр настай удирдагч Мугабегийн төрийн эрх барих хоногийн тоо гүйцэж байгаа юм. Гэвч Мугабе 52 настай тэргүүн хатагтай Грэйс Мугабед сонгуульд ялах давуу эрх олгож, дэд ерөнхийлөгч, өөрийн эртний улс төрийн хамтрагч Эммерсон Мнангагваг огцруулсан.  Дэд ерөнхийлөгчийг огцруулж, тэргүүн хатагтайг ерөнхийлөгч болохыг эсэргүүцсэн армийнхан нийслэл хотод цэрэг оруулж, парламентын ордон болон ерөнхийлөгчийн ордныг бүслэн цус асгаруулалгүй төрийн эргэлт гаргасан.  Армийн командлагч Мугабег огцрохыг шаардаж, хэлэлцээ хийхийг хүссэн боловч тэрбээр татгалзсан байна. Зимбабве улсын иргэд “муу хар гай” Мугабегээс салж санаа амрахыг хүсэж байгаа боловч түүний оронд хэн гарч ирж,

ЗИМБАБВЕ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ РОБЕРТ МУГАБЕ

Гамби улсын  ерөнхийлөгч асан Яйя Жамме

Жамме 1994 онд тайван замаар төрийн эргэлт хийж, төрийн эрхэнд гарснаас хойш баруун Африкийн энэ жижиг улсыг 22 жил удирдсан. Яйя Жаммегийн нэг даруй хэрэгжүүлсэн улс төрийн арга хэмжээ нь өрсөлдөгчдийнхөө амийг хамхих байв. 1999 онд эгчийгээ нас барахад Жамме мэргэ төлөгч нарыг буруутгаж, мөрдөн, мөшгөж байсан юм. Ижил хүйстний харилцааг үгүйсгэдэг Жамме 2008 онд ЛГБТ хүмүүсийг улс орноосоо гарахыг шаардан, толгойг нь авна гэж заналхийлж байв.  2016 оны арванхоёрдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний лидер Адама Бэрроуд ялагдсанаар Жаммегийн улс төрийн карьер төгсгөл болсон. Гэвч өрсөлдөгч нь аюулгүй байдлын үүднээс Жаммег Гвиней улс рүү гэр бүл, тойрон хүрээлэгчидтэйгээ зугтах хүртэл хөрш Сенегалд хүлээх хэрэг гарсан. Жамме Гвиней рүү зугтахдаа төрийн сангийн бүх хөрөнгө болох 11.4 сая ам.долларыг авч явсан юм.

ГАМБИ УЛСЫН  ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ЯЙЯ ЖАММЕ

Заирын Мобуту Сесе Секо

Байгалийн асар их баялагтай Заир (Ардчилсан Бүгд найрамдах Конго улс) Бельгиэс тусгаар тогтнолоо зарласны таван жилийн хойно Мобуту 1965 онд төрийн эргэлт хийж гарч ирсэн. Түүний засгийн газрыг НҮБ болон барууны орнууд ихээхэн дэмжсэн. Заир дахь Мобуту Сесес Секогийн  авлигажсан дэглэм 30 гаруй жил үргэлжилсэн. 1997 онд Руанда, Бурунди, Угандагийн засгийн газрын дэмжлэг авсан Лорен Кабилла түүнийг засгийн эрхээс түлхэн унагасан. Мобуту тэр жилээ Морокко руу дүрвэж, тэндээ түрүү булчирхайн хорт хавдрын улмаас нас барсан билээ.

ЗАИРЫН МОБУТУ СЕСЕ СЕКО

Угандын дарангуйлагч Иди Амин Дада

Иди Амины ноёрхол 300,000 гаруй хүний амийг хохироосон. Овилгогүй зан авираараа зартай байсан Иди Амин угсаатны бүлгүүдийн эсрэг хядлага явуулж, сэтгүүлч, хуульч, өөрийг нь эсэргүүцэж зүрхэлсэн бүхнийг дайснаа гэж үздэг байв. Угандын ард иргэдийг 25 жил гаруй дарангуйлсан Иди Амин ямар ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд хөгжиж байсан улс орныг дампууруулсныхаа төлөө нэг ч удаа харамсал илэрхийлж байгаагүй гэдэг. 1979 онд засгийн эрхээс зайлуулагдсаны дараа Иди Амин Саудын Араб руу дүрвэж, 2003 онд бөөрний дутагдлаас болж нас барсан гэдэг.

УГАНДЫН ДАРАНГУЙЛАГЧ ИДИ АМИН ДАДА

Ливийн дарангуйлагч Муаммар Каддафи

Каддафи 27 настайдаа Ливийн хаан Идрисийн хаант засгийг эсрэг цэргийн хөдөлгөөнд нэгдсэн. Тэр үед Каддафи Европын колоничлолоос дөнгөж ангижирсан, хөгжиж буй орны барууныг эсэргүүцэгч хөдөлгөөний баатар гэгдэж байв. Газрын тосны баялаг нөөцтэй Ливи улсыг 42 жил удирдахдаа Каддафи төрийн өмчийг цөлмөж, улс орныг тартагт нь тулгасан гэдэг.  2011 онд босогчид нийслэлийг эзэлж, түүний дэглэмийг түлхэн унагасан. Ливийн дарангуйлагч Ойрхи Дорнодын бүс нутагт дэгдсэн Араб хувьсгалын галд өртөж, босогчдын гарт эмгэнэлтэйгээр үрэгдсэн.

ЛИВИЙН ДАРАНГУЙЛАГЧ МУАММАР КАДДАФИ

Либерийн Чарльз Тэйлор

1997-2003 оны хооронд Либерийн ерөнхийлөгч байсан Чарльз Тэйлорыг энгийн номхон иргэдийн эсрэг харгислал үйлдсэн хэргээр Гаагийн олон улсын шүүхэд дуудсан.  250,000 хүний аминд хүрсэн Либерийн хоёрдахь иргэний дайн түүнийг ерөнхийлөгч байх хугацаанд болсон юм. Чарльз Тэйлор 2003 онд Нигер рүү дүрвэсэн. Түүнийг хөрш Сьерра Леоноос алмаз хууль бусаар олборлох замаар дайныг санхүүжүүлсэн гэж буруутгасан юм. 2012 онд тэрбээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Олон улсын шүүхээс ял сонссон анхны улс төрч болсон юм.  Шүүх түүнд гэм зэмгүй олон хүний амийг хохироож, харгислал үйлдсэн хэргээр 50 жил шоронд хорих ял оноосон бөгөөд тэрбээр одоо Их Британийн шоронд ялаа эдэлж байгаа юм.

ЛИБЕРИЙН ЧАРЛЬЗ ТЭЙЛОР

Буркина Пасогийн Блэз Компаоре

Компаоре төрийн эрхэнд гарахын тулд цусан зам татуулсан бөгөөд 1987 онд баруун Африкийн хувьсгалын лидер Томас Санкараг хөнөөн, төрийн эргэлт хийсэн. Компаоре 27 жил төрийн эрх барьсны дараа бүрэн эрхийн хугацааг үргэлжлүүлэхийн тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж оролдсон. 2014 онд Компаорег эсэргүүцсэн хөдөлгөөн дэгдэж,  түүнийг огцруулсан. Компаоре Кот д’Ивуар улсад улс төрийн орогнол эрсэн. Хүний эрхийн төлөө тэмцэгчид түүнийг шударга шүүхийн өмнө дуудаж, Санкара болон бусад гэм зэмгүй олон хүний амийг нэхэхийг хүсэж байгаа юм.

БУРКИНА ПАСОГИЙН БЛЭЗ КОМПАОРЕ

Чадын Хиссен Хабре

Хиссен Хабре 1982-1990 оны хооронд төрийн эрх барихдаа хүний эрхийн олон зөрчил гаргасан талаар хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн.  Төрийн эрхээс зайлуулагдсанаасаа хойш Сенегал улсад дүрвэж, 20 гаруй жил тансаг амьдралд умбаж байсан түүнийг  парламентын цагдаа нар баривчилж, аваачсан юм. Сенегал болон Африкийн холбоо Хиссен Хабрег төрийн эрхэнд байхдаа үйлдсэн гэмт хэргийг нь шүүж, хүн төрөлхтөний эсрэг өдүүлсэн дайны гэмт хэрэг, харгислал, бэлгийн хүчирхийллийн төлөө бүх насаар нь шоронд хорих ял оноосон.

ЧАДЫН ХИССЕН ХАБРЕ

ЭТиопийн хунтын тэргүүн Менгисту Хайле Мариам

Менгисту Хайле Мариам 1974 -1991 оны хооронд ЗХУ-ын дэмжлэгтэй цэргийн хунтын дайсан гэгдэж байсан хэдэн зуун оюутан, сэхээтэн, улстөрчдийг хөнөөсөн “Улаан террор”-ыг явуулсан. Менгисту 1991 онд болсон бослогын үеэр улсаас дайжин Зимбабве руу дүрвэсэн. Менгистугийн арми Зимбабве улсын төрийн эрх мэдлийг цагаан арьст колоничлогчдоос салгаж авах тусгаар тогтнолын хөдөлгөөний Мугабед тусалсан билээ. 2006 онд Этиопийн шүүх түүнд гэм зэмгүй иргэдийг хоморголон устгасан хэргээр цаазын ял оноосон боловч Зимбабве улс түүнийг тус улсын талд шилжүүлэн өгөхөөс татгалзсан.

ЭФИОПИЙН ХУНТЫН ТЭРГҮҮН МЕНГИСТУ ХАЙЛЕ МАРИАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж