Хөлбөмбөг: Дэлхийн аваргыг зорих багууд

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг: Дэлхийн аваргыг зорих багууд

Хөлбөмбөг: Дэлхийн аваргыг зорих багууд

Хаан спорт хөлбөмбөгийн хамгийн дээд шагнал болох ДАШТ-ий аваргын цомын төлөө өрсөлдөх 32 багийн нэр тодорч дууслаа. Ирэх жил ОХУ-д болох ФИФА-гийн 21 дэх удаагийн тэмцээний эргэн тойрон дахь мэдээллээс хүргэе.


ЯМАР БАГУУД ЭРХЭЭ АВСАН БЭ?

Хөлбөмбөгийн хамгийн арвин намтар түүхтэй Европ тивээс зохион байгуулагч ОХУ-аас гадна сонгон шалгаруулалтын хэсгийн шатнаас Бельги, Англи, Франц, Герман, Исланд, Польш, Серби болон Испани эрхээ авсан. Дээр нь плей-оффын шатнаас Хорват, Дани, Швед ба Швейцарийн баг ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм.

Африкийн тивийн төлөөлөл болж Египет, Марокко, Нигер, Сенегал, Тунисын багууд дэлхийн аваргын ногоон талбайд өрсөлдөнө.

Харин Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн орнуудаас Коста Рика, Мексик, Панам гэсэн багууд шалгарчээ.

Өмнөд Америкаас Аргентин, Бразил, Колумб, Перу, Уругвай, харин Азийн бүсээс Австрали, Иран, Япон, Саудын Араб болон Өмнөд Солонгосын шигшээ ОХУ-ыг зорих эрхээ өвөртлөөд байна.

ДАШТ-д оролцох 32 багийг чансаагаар нь дараах 4 сагсанд хуваажээ:

САГС 1

САГС 2
 

САГС 3

САГС 4

ОХУ (эзэн баг)

Испани (8)

Дани (19)

Серби (38)

Герман (1)

Перу (10)

Исланд (21)

Нигери (41)

Бразил (2)

Швейцарь (11)

Коста Рика (22)

Австрали (43)

Португал (3)

Англи (12)

Швед (25)

Япон (44)

Аргентин (4)

Колумб (13)

Тунис (28)

Марокко (48)

Бельги (5)

Мексик (16)

Египет (30)

Панам (49)

Польш (6)

Уругвай (17)

Сенегал (32)

БНСУ (62)

Франц (7)

Хорват (18)

Иран (34)

Саудын Араб (63)

СУГАЛАА ХЭЗЭЭ, ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа арванхоёрдугаар сарын 1-ний баасан гаригт Москва хотын Кремлийн ордонд Улаанбаатарын цагаар 22.00 цагт явагдана. 

ФИФА-гаас өнгөрсөн аравдугаар сард шинэчлэн гаргасан чансааны дагуу ДАШТ-д өрсөлдөх багуудыг эрэмбэлж, найм, наймаар нь дөрвөн сагсанд  хуваасан байгаа. Зохион байгуулагч орны хувьд ОХУ хамгийн өндөр чансаатай долоон багийн хамт А сагсанд багтаж байгаа юм. 

Сугалааг тодруулахдаа нэг сагсанд багтсан улсууд хоорондоо багтахгүй. Энэ дүрэм Европ тивээс шалгарсан багуудад хамаарахгүй, гэхдээ нэг хэсэгт буурал тивийн дээд тал нь хоёр баг л багтах боломжтой.

 


ТҮРҮҮ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ БАГУУД АЛЬ ВЭ?

Хөлбөмбөгийн аналист, экспертүүд аваргаа хамгаалан оролцох Германы шигшээг тэмцээний гол фаворитаар нэрлэж байна. Тэднээс гадна түрүү булаалдах гол өрсөлдөөн  Бразил, Испани, Аргентин, Франц, Бельги ба Англи гэсэн багийн хооронд өрнөнө гэж таамаглажээ. 


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ХЭН ОНЦГОЙ БАЙВ?

2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-ий хагас шигшээд Испанийн багт ялагдсанаас хойш германчууд дэлхийн аваргын аль ч шатны тоглолтод хожигдол амсаагүй. 

2018 оны дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад тэд 10 тоглож, 10 ялсан төгс амжилт үзүүлсэн. Энэ хугацаанд өрсөлдөгчийнхөө хаалганд 43 гоол оруулж, ердөө дөрвөн удаа л хаалгандаа бөмбөг алджээ.

Бельги, Испани, Английн багууд мөн Европын сонгон шалгаруулалтыг ялагдалгүй өндөрлүүлсэн. 

Харин Өмнөд Америкт Бразил илүүрхсэн. Гэхдээ аяллын явцад шигшээ багийн дасгалжуулагч Дунгаг халж, оронд нь Титег авчирснаар амжилт нь эрс ахисан юм. Тэд сонгон шалгаруулалтын эхний зургаан тоглолтоос ердөө ганц л ялалт авсан. Харин Тите ирснээр үлдсэн 12 тоглолтдоо 10 ялж, хоёрт нь тэнцсэнээр 10 онооны давуугаар хэсгээ тэргүүлсэн билээ.

Азийн бүсэд Иран, Африкаас Марокког онцолж болно.


ДЭЛХИЙН АВАРГЫН “ШИНЭ ЦЭРЭГ”

300 мянга гаруй хүн амтай Исландын шигшээ Дэлхийн аваргад оролцох цоо шинэ баг юм. Өмнө нь нэг саяас доош хүн амтай улс дэлхийн аваргын ногоон дэвжээд гарч байсан түүх үгүй. “Евро-2016”-д цахиур хагалж, Английн шигшээг тивийн тэмцээнээс мулталсан тэд ирэх жилийн дэлхийн аваргын нэгэн чимэг болж байна.

Тэдний адилаар Төв Америкийн Панам улс анх удаа ДАШТ-ийг зорих гэж байна. Шийдвэрлэх тоглолтын 88 дахь минутад оруулсан гоолынхоо ачаар тэд Коста Рикаг ялж, эрхээ авсан. Тэд АНУ-ыг өрсөлдөөнөөс гаргасан юм.


ДЭЛХИЙН АВАРГЫГ ӨНЖИХ “АКУЛУУД”

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ 1958 оноос хойш анх удаа дэлхийн аваргыг зурагтаар үзэх болж байна. Плей-оффын шатанд Шведийн багт ялагдал хүлээсэн тэд айсуй дэлхийн аваргын хамгийн том дуулианы эзэд болсон юм. 

Нидерландын шигшээ мөн гэртээ үлдэнэ. АНУ, Чили гээд томчуудыг дурдахгүй өнгөрч болохгүй.


Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-д болно. Тэмцээний тоглолтууд Оросын нийт 11 хотын 12 цэнгэлдэхэд зохиогдоно. Шигшээ тоглолт долдугаар сарын 15-нд Москва хотын алдарт Лужники цэнгэлдэхэд болох юм.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж