Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Кюүшюү башёг орхилоо

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Кюүшюү башёг орхилоо

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Кюүшюү башёг орхилоо

Японы Фүкүка хотноо болж буй мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё талдаа ороход гурван өдрийн барилдаан үлдлээ. Хэдийгээр башё эхлээд тав хонож байгаа ч Монгол Улсын өндөр цолтой бөхчүүд башёг орхисоор байна. Башёгийн эхний хоёр өдөр дараалан унаатай байсан ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж гурав дахь өдрөөс дэвжээнд гараагүй. Тэгвэл өчигдрийн /2017.11.16/ барилдаанд сэкивакэ Тэрүнофүжи өрсөлдөгч бөх Митакимийн давааг ахиулснаар башёг өндөрлүүллээ. Тэрүнофүжигийн хувьд эхний дөрвөн өдрийн барилдаанаас нэг ч даваа аваагүй бөгөөд Кюүшюү башёг тав дахь өдрөөс эхлэн орхилоо.

Кюүшюү башёг таван өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Гоэйдо, маэгашира 13-с барилдаж буй Аминишики нар нэг ч унаагүй тэргүүлж байна. Тэдний араас озэки Такаясү, маэгаширагийн 4-с барилдаж буй Ичиножёо А.Ичинноров нарын таван бөх 4 даваа, 1 унаатай нэхэж байна. Үлэмж биет Ичиножёо өчигдөр Чиёошомад ялагджээ.

Сануулахад, Мэргэжлийн сүмогийн ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрсөн аравдугаар сарын 25-д нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийг пивоны шилээр цохисон гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэгвэл Мэргэжлийн сүмогийн холбоо энэхүү хэргийг Кюүшюү башёг дууссаны дараа буюу энэ сарын 26-д эцэслэн шийдэх аж. 

Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг 5-0 амжилттай тэргүүлж байна. 

Ёкозүна Кисэносато 3 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна. 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж