Татварын орлого нэг их наядыг төвлөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Татварын орлого нэг их наядыг төвлөрүүлжээ

Үндэсний Татварын алба энэ оны хагас жилийн тайлангаа гаргаж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлснээ мэдээллээ. Энэ он гарсаар улсын төсөвт нэг их наяд 72,9 тэрбум, хүний хөгжлийн санд 366,7 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 372,4 тэрбум төгрөг, нийт Улс, орон нутгийн төсөвт 1,8  их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлөх төлөвлөгөөтэй юм байна. Улсын болон орон нутгийн төсөвт оны эхний хагас жилд 844.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 979.4 тэрбум төгрөг төвлөрүүлж батлагдсан төлөвлөгөөг  116 хувиар буюу 135.2 тэрбум төгрөгөөр давж биелүүлсэн байна. Эхний хагас жилийн татварын орлогын нийт гүйцэтгэлийг өмнөх оны мөн үеийн орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад улсын төсвийнх 279.6 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 82.8 тэрбум төгрөгөөр тус тус илүү байна.

Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтсээс орон нутгийн төсөвт 171.4 тэрбум төгрөг оруулахаас 236 тэрбум төгрөгийг оруулж, төлөвлөгөө 135.3 хувиар буюу 61.6 тэрбум төгрөгөөр, давуулан биелүүлжээ. Энэ нь татварын алба түүхэндээ анх удаа хагас жилийн хугацаанд 1 их наяд илүү төгрөг төсөвт төвлөрүүлснээрээ онцлог гэнэ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж