Ж.Батзандан VS О.Баасанхүү

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан VS О.Баасанхүү

Ж.Батзандан VS О.Баасанхүү

Ж.БАТЗАНДАН

 

О.БААСАНХҮҮ

 

 

-Та УИХ-ын чуулган дээр О.Баасанхүү гишүүний талаар хэлсэн үгэндээ тайлбар хийхгүй юу?

-УИХ-ын гишүүдийн дунд маргалдах, мэтгэлцэх юм байна. О.Баасанхүү гишүүн бид хоёр нийтийн сонсгол хийх асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа. О.Баасанхүү эсэргүүцэж байгаа. Би бол нийтийн сонсгол хийх нь зөв гэдэг байр суурьтай байна. Яагаад гэвэл, нийтийн сонсгол хийх нь зөв гэдгийг дэмжсэн маш олон өргөдөл ирсэн. Мөн ‘Эрдэнэт’-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар байр суурь зөрчилдөж байна. О.Баасанхүү ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг ‘Худалдаа хөгжлийн банк’-нд өгснийг зөвтгөж, Б.Хурцтай нийлээд гүйж байгаа. ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг Засгийн газар худалдаж авах боломжийг хууль бусаар хаахад Б.Хурц Засгийн газарт нөлөөлж, хөндлөнгөөс оролцсон гэж би хардаг. Тагнуулын ерөнхий газрын дарга энэ асуудлыг мэдэхгүй байсан гэдэгт би итгэхгүй байгаа. Тийм учраас нээлттэй сонсгол хийж, энэ асуудлыг нээлттэй болгоё. Мөн Д.Энхбат гэдэг залуугийн амь насанд хүрсэн асуудал байгаа. Үүнийг нээлттэй сонсголоор ярья. Мөн С.Зоригийн хэргийн захиалагч нь ил болох хүртэл Б.Хурцын томилгоог хойшлуулъя гэсэн байр суурьтай байгаа. О.Баасанхүү Б.Хурцын ойрын найз гэдгээ надад хэлж, Б.Хурцыг өмөөрнө гэсэн. Тиймээс бидний дунд үл ойлголцол үүссэн. Гэхдээ үйл ойлголцлоо арилгаж, олон зүйл дээр хамтрана гэдэгт итгэлтэй байна. Би О.Баасанхүүгээс уучлалт гуйна. Гэхдээ Б.Хурц, ‘Эрдэнэт’ үйлдвэрийн байр суурь өөрчлөгдөхгүй гэдгээ хэлмээр байна. 

-Таныг ‘Танлуу’, ‘Зунхуа’ гэдэг компаниудтай холбоотой гэж байна. Энэ үнэн үү?

-12 жилийн өмнө би 2004 онд өмгөөлөл хийж байсан. Гадаадын компаниуд, аж ахуй нэгжүүдэд хуулийн зөвлөгөө өгч байсан. Өмгөөлөгч хүн иргэд, аж ахуй нэгжийг гадаад дотоодоор нь ялгадаггүй юм. Ирсэн хүн болгонд хуулийн зөвлөгөө өгөх үүрэгтэй байдаг. 12 жилийн өмнө хийж байсан ажлаар минь намайг Хятадын тагнуул шахуу юм ярьж байна лээ. О.Баасанхүү өөрөө өмгөөлөгч хүн. Тэр ч бас гадны компаниудад хуулийн зөвлөгөө үзүүлж байсныг нь би мэднэ. Хийж байсан ажлаар нь өмгөөлөгч нарыг буруутгаж болохгүй. 

-Шинээр МАНАН бүлэглэл байгуулагдаж, тэр бүлэглэлд нь та байдаг юм уу?

-Би сайн мэдэхгүй байна. Миний ах төрд 25 жил ажиллаж байна. Намайг улс төрд орохоос өмнө Монголын төрд зүтгэж ирсэн, өндөр боловсролтой хүн. Намайг бодвол боловсрол мэдлэгээр хол илүү. Надад төрд ажиллаж байгаа ах, хөдөө мал хариулдаг, багш, эмч гээд олон ах бий. Гэхдээ Ж.Батзандан гэдэг бол хувь хүн. Би тэд нарын амьдралд оролцдоггүй.  

Би өнөөдрийг хүртэл ямар нэг бүлэглэлийн гишүүн байж үзсэнгүй. Улс төрийн манан, цас, мөсний тухай ойлголт байхгүй. Би зарчим үнэт зүйлийн төлөө тэмцэнэ. Намайг юу ч гэж доромжилж, гүтгэж байсан ч би улс төрд шинэ соёл би болгохын төлөө явна. Нийтийн сонсгол гэдэг бол Англи, Америк гэх мэт улс оронд 200 жилийн өмнө бий болсон соёл юм. Гэтэл Монгол Улс өнгөрсөн жил л Нийтийн сонсголын тухай хуулийг баталлаа.  Энэ хүрээнд, нийтийн сонсгол, томилгооны сонсгол, бодлогын сонсгол гэх мэт олон зүйлийг хуульчилсан. Одоо энэ хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Шинэ санаачилга гаргахаар хэн нэгнийг гүтгэн доромжлохоо болих хэрэгтэй. Нийтийн сонсгол энэ удаа Б.Хурцаар эхэлсэн учраас хурц сэдэв болж байна. Гэвч цаашид сар бүр нээлттэй сонсгол тавих асуудлыг хөндөж байх болно. 

-Б.Хурц таныг гүтгэсэн гэж үзээд, хуулийн байгууллагад хандсан байна лээ. Та уучлалт гуйх уу?

-Б.Хурцын тухай асуудлыг би баримт нотолгоотой ярьсан, цаашид ч ярина. Намайг хуулийн байгууллагад өгч болно. Гэхдээ би хуульч хүн, бүх юм баримт нотолгоотой байгаа. 

-Та хэн нэгний гар, хөл болоогүй гэдгээ баталж чадах уу?

-Би хэзээ ч хэн нэгний гар, хөл болж байгаагүй. Би үзэл санаа үнэт зүйлээ дагадаг, сэтгэл зүрхээ сонсдог хүн. Ер нь улс төрийн алтан зарчим бол сэтгэл зүрхээ сонсох, үзэл санаагаа дагах, зарчмаа баримтлах, нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавих юм. Энэ бүхэн миний улс төрийн зарчим юм.

 

-Ж.Батзандан таныг ёс бус үгээр доромжиллоо. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Ж.Батзандан бол бардам хүн шүү дээ. Том ахын дүү ийм л байна даа. Гэхдээ тэр өнөөдөр хэн юм бэ. Харин би бол Н.Энхбаяр гэдэг хүний төрийн үйл ажиллагааг уламжилж авах ёстой, төлөөлөл юм. Тэрнээс биш ах дүүгийнхээ бизнесийг зохицуулах гэсэн, ээжийнхээ өврөөс гараагүй, аймхай хүний үгийг тоохгүй. Одоо Ж.Батзандангийн арыг Ц.Нямдорж нь дааж байгаа болохоор О.Баасанхүүг юу ч гэж хэлж болно гэж үзээд байх шиг байна. Би бол бурхантай хүн. Намайг буг болгож чадахгүй. Үнэнийг хэлэхэд Ж.Батзанданг өрөвдөж байна. Яагаад гэвэл 65-луу дайрч чадахгүй байж над руу дайраад байгаа юм. Тэр яриад байгаа У.Хүрэлсүх, Х.Баттулга, М.Энхболд руу дайрч чадахгүй байж над руу дайраад байдаг. Би бүх хүнтэй найз. Зарчимгүй байвал тэр хүнтэй дайсан. Ж.Батзандан шиг харалган бодолтой тэнэг хүнд юу хэлхэв дээ. Энэ хүний тухай би олон юм ярьж чадна. “Танлуу”, “Зунхуа” нийгэмлэг гэх мэт. 

-Тэр нийгэмлэг нь ямар учиртай юм бэ?

-Би хүний мууг үзэх дургүй. Хэрэв яримаар байгаа бол хуулийн байгууллагаар явах хэрэгтэй. Мэргэжлийн хүрээнд ярих хэрэгтэй, тэрнээс таамаглаж болохгүй. Надтай найз байж байгаад “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны талд орсон болохоор одоо дайсан болсон гэж яриад байгаа юм. Тэгж ярих юм бол Ц.Нямдорж, Ж.Батзандан хоёр чинь тэр 49 хувийг ард түмэнд өгөхийн эсрэг зүйл хийчихээд байгаа шүү. УИХ-ын тогтоолыг Ардын намынхан баталсан. Тэр тогтоолд “Монголбанк Хөгжлийн банкнаас авсан мөнгөнд суутгахын тулд 49 хувийг авсан талтай хэлэлцээр хийнэ” гэж байдаг. Буруутай төрийн албан хаагчид хариуцлага үүрүүл гэж тусгасан байдаг. Ийм тогтоолыг орилж байгаад батлуулсан Ж.Батзандантай би тэмцэж байгаа. Түүнээс бол 49 хувийг авсны эсрэг тэмцээгүй. Ийм буруу тогтоол батлуулаад 51 хувийг хаацайлж байгаагийнх нь төлөө тэмцэж байгаа. С.Баяр нар мөнгө барьцаалсан асуудлыг ярихгүй байгаагийнх нь төлөө би тэмцэж байгаа юм. 

-Та Ц.Нямдорж сайдтай байр суурийн зөрчилдөөнтэй юу?

-Ц.Нямдорж өөрөө Н.Энхбаярын гутлыг нь өмсгөлгүй дагуулж яваад, орон гэрийг нь “самарч” хаячхаад дараа нь намайг “оймсонд хавчуулагдсан” гэж хэлсэн. Яг бодитоор аваад үзэх юм бол УИХ-д жагсаалтаар орж ирэх хуулийг Ц.Нямдорж баталсан. Учир нь ард түмэн Ц.Нямдоржийг УИХ-д оруулахгүй байсан. Тэр хүний нэр хүнд уначихсан байв. Өнөөдөр монголчуудын санах ойг дөрвөн жилээр бодох хэрэггүй. Ж.Батзандан ч гэсэн “Петрочайна Дачин тамсаг” дээр явж байгаад онигоонд орж байлаа.

Ж.Батзандан бид хоёр өчигдөр найз байсан юм. Д.Энхбат гэдэг хүнийг тариа тарьж, хулгайгаар авч ирсэн гээд “бураад” байгаа болохоос хэн ч нүдээрээ үзээгүй. С.Зоригийн хэргийг шүүх шийдсэн. Захиалагчийг нь Ц.Нямдорж зарла гэсэн. Хүлээе миний сонгогч өнөөдөр хорих ангид орчхоод байна. Тэдний аав ээжийнх нь зүрх шимшрээд өдөр бүр уйлж байна. Тэгж ярих юм бол Ж.Батзандан юу хийсэн юм бэ. Би Б.Булгантай уулзсан, ээжтэй нь ярьж байсан.  

-Ж.Батзандан гишүүн таныг хулгайч гэсэн. Та юу хулгайлсан юм бэ?

-Надад “бөлдэгдүүлэх” юм байхгүй болохоор бурантагдуулсан болж ярилаа. Намайг хулгайч гэсэн, би юу ч хулгайлаагүй. Тэгж ярих юм бол нам дамнасан МАНАН бүлэглэлд Ж.Батзандан байдаг. Шинээр гэр бүлийн бүлэглэл бий болж байгаа. Д.Сумъяабазар, Д.Дагвадорж, Б.Саранчимэг, Б.Наранхүү, Ж.Батзандан, Ж.Бат-Эрдэнэ гэх мэт. Ийм байдлаар Монгол төрийг жинхэнэ манантуулаад явж байна. Танайхаар дамжуулж Ж.Батзанданд бодлого ярь гэж захимаар байна. Би Өргөдлийн байнгын хороо даргалж байхад миний хийсэн ажлыг эд нар одоо хийж чадсан уу. Тойрогтоо ажил, амлалтаа биелүүл. Өөрийгөө баяжуулах биш, улс орноо баяжуулах ажил хий. Миний нэр баас байж болно. 2020 онд ард түмэн дүгнэнэ, тэднийг доромжилж чадахгүй. 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж