“КУМТОР” Киргизийн эдийн засагт их нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

“КУМТОР” Киргизийн эдийн засагт их нөлөөтэй

“КУМТОР” Киргизийн эдийн засагт их нөлөөтэй

Киргизийн талын сонирхол тус улс дэлхийд алтны нөөцөөр эхний тавд орох “Кумтор”-ын ордоос ихээхэн хэмжээний ашиг олно гэсэн төр, засаг, ард иргэдийн хүлээлт байсан,  цаашдаа ч байх нь ойлгомжтой юм. Анхны Ерөнхийлөгч А.Акаев, тухайн Засгийн газрын үед улс орондоо ашиггүй гэрээ хийсэн, хоёр дахь Ерөнхийлөгч К.Бакиев түүнийг засаж залруулаагүй, түүгээр ч үл барам хувьдаа төрийн хувьцааны ашгаас ихээхэн завшсан, 2011 оноос Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа А.Атамбаев хоёр парламент, зургаан Засгийн газар солиод ч “Кумтор”-ын хүрээнд нааштай алхам хийсэнгүй гэх  иргэдийн шүүмжлэл, иргэний нийгмийн байгууллагуудын хүчтэй шаардлага, Парламентын хуралдаан дээр ч хатуу яригддаг.

Архивын зураг

Киргизийн эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт татах гол салбар нь уул уурхай бөгөөд экспортын 41 хувь, хөрөнгө оруулалтын 48 хувь эзэлдэг. Хятад, Их Британи, Орос, Казахстан, Герман, Турк, Швейцариас тодорхой хөрөнгө оруулалт ордог ч сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш унасан, тус улсын төр, засгийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн орчин тодорхой бус, хил залгаа том гүрнүүдийн “бодлогын нөлөөлөл” зэргээс шалтгаалан  хөрөнгө оруулагчид цөөрч байгаа юм

Алт боловсруулах үйлдвэр, Кумторын архиваас

“Кыргызалт” нээлттэй хувьцаат нийгэмлэг (НХН)-ийн оролцоотой “Центерра Голд Инк” компанийн хувьцааны томоохон багц 77 401 766 хувьцаа буюу ойролцоогоор 33 хувийг эзэмшдэг. “Центерра Голд Инк” компанийн удирдлага  захирлуудын зөвлөлд Канадын 6, Киргизийн Засгийн газрын төлөөлөл 3, нийт 9 хүнтэй баг  уурхайн бүх үйл ажиллагааг зохицуулдаг. Киргизийн Засгийн газар өөрийн төлөөллийн 3 хүнээ 2016 оны зун сольж, шинэ бүрэлдэхүүн оруулав. 2016 онд уурхайн үйлдвэрлэлээс 480000-530000 унц буюу 14,9-16,5 тонн алт авах урьдчилсан таамаглалтай ажиллажээ. Уурхайгаас гаргаж авсан хүдрээ “Кумтор” ордын дэргэдэх фабриктаа стантартын дагуу олон шат дамжлагаар бүрэн боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн цэвэр алтаа  “Кыргызалт” НХН-т тушаадаг. 

Алт боловсруулах явц, Кумторын архиваас

Киргизийн үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээллээр БНКирУ-ын макро эдийн засгийн үзүүлэлтэд Кумтор ихээхэн эерэг нөлөөлөл үзүүлж, 2014 онд ДНБ-ий 7,4 хувь, нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 23,1 хувийг эзэлж байгааг бодоход энэ ордоос  тодорхой ашиг хүртдэг нь дээрх тоон үзүүлэлтээс харагдаж байна. 1994-2014 оны хооронд Кумтор компани үйл ажиллагааны явцад Кыргызстаны нутаг дэвсгэр дээр хийгдсэн нийт төлбөр 2 тэрбум 707 сая ам.доллараар өсчээ. Зарим шинжээчдийн дүгнэлтээр Киргизийн   2014 оны улсын төсвийн 40 орчим хувийг зөвхөн “Кумтор”-оос бүрдүүлэн гэсэн мэдээ бий.

Алтны цэвэр гулдмай гарахын өмнө, Кумторын архиваас

“Кумтор” компани нийт 2900 гаруй ажиллагсадтай, үүний 94 хувь нь киргизүүд ажиллаж, байнгын ажиллагсад 2519, гадны байгууллагаас туслан гүйцэтгэгч 440 орчим, тэдний дотор Канад, Узбекистан, Сингапур, Малайз, АНУ, Орос, Шинэ Зеланд зэрэг орны мэргэжилтнүүд ажиллаж байна. Жил ирэх тутам гадаадын мэргэжилтнүүдийг орлон ажиллах орон нутгийн иргэдийн тоо өсөж байгаа нь сайшаалтай. Уурхайд ажиллагсдын цалинг мэдээлдэггүй ч өөрийн нэрээ дурдахгүй байхыг хүссэн нэгэн ажилтны “ам алдсан”-аар тэдний дундаж цалин 40 мянган сом, удирдлага, нарийн мэргэжлийн инженерүүдийн цалин 130 мянган сом хавьцаа гэнэ. Тэдний цалинг өмнө нь доллараар өгч байсан бол 2016 оноос Киргизийн үндэсний мөнгөн тэмдэгт сомоор олгодог болж, 2015 оноос Кумторын уурхайн ажилчдын цалин 16,5 хувиар нэмэгджээ. “Кумтор”-ын уурхайгаас гадна их, бага алтны нөөцтэй ордууд олон байна. Тус улсын нутаг дэвсгэр дээр 2100 гаруй лиценз олгогдож, тусгай зөвшөөрлийг их нөөцтэй, томоохон ордууд дээр тендер зарлаж, Засгийн газар олгодог.

Киргизийн уул уурхай, эрдэс баялгийн ашиглалт 1997 оноос “Газрын хэвлийн тухай” хуулиар зохицуулагддаг болсон. Энэ хуульдаа 5 удаа өөрчлөлт оруулсан ч дахин “тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой өөрчлөлт”  оруулах хуулийн шинэчилсэн төсөл парламентаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Үйл ажиллагаа явуулахгүйгээр тусгай зөвшөөрлөө удаан хугацаанд эзэмшдэг дотоодын компаниуд олон байна. Тэд тусгай зөвшөөрлөө гадаадын компани, хөрөнгө оруулагчдад худалдах сонирхолтой, ийм тусгай зөвшөөрөл худалдаж аваад “хулхидуулсан” гадаадынхны дунд Монголын компани  ч байгаа юм.

Татварын хувьд гадаад, дотоодын компаниуд ялгаагүй ижил нөхцөлтэй, ямар ч салбарт үйл ажиллагаа явуулсан ижил татвар төлөх зарчимтай. Гэхдээ уул уурхайн компаниудын хувьд 2 төрлийн татварыг нэмж төлдөг. Энэ нь тусгай зөвшөөрөл авахдаа нэг удаад төлөх “бонус” төлбөр юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл бол тухайн газар нутгийн талбайн хэмжээнээс хамаарна. Алтны хайгуул хийхэд 1 ам метр талбайд 100 ам.доллар төлөх эсвэл нөөцөөс хамаарч алтны 1 тонн тутамд 60 мянган ам.доллар төлдөг байна. Олборлолт явуулж байгаа компаниуд роялти төлдөг. Роялтийн хэмжээ ашигт малтмалынхаа төрлөөс хамаарч, роялтигаас бусад татвар бүгд улсын төсөвт төвлөрдөг. Ашигт малтмалын төрлөөс хамаарч роялтийн төлбөрийн тал хувь нь орон нутгийн төсөвт ордог. Түүнийг орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан бүс нутгийнхаа хөгжилд зарцуулна.

Хүдэр зөөх явц, Кумторын архиваас

Уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн тул 2012 оноос төрийн зүгээс ийм механизм хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн орд ашиглах тендер, дуудлага худалдаанаас орж ирэх орлогын 85 хувийг орон нутгийн төсөвт, 3 хувийг нь бүс нутгийн хөгжлийн сангуудад өгдөг. Ингэснээр өмнө нь улсын төсвөөс олгож байснаас 10 дахин их буюу ойролцоогоор 3 сая ам.доллар орон нутгийн төсөвт ордог болжээ. Киргизийн уул уурхайн салбарт тулгамдсан хоёр том асуудлын нэг болох орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг ийм зарчмаар шийдвэрлэжээ.

Иргэний нийгмийн байгууллагын хүчтэй эсэргүүцэл, Кумторын архиваас

“Кумтор-ын дараа орох 84 тонн алт, 10,3 тонн мөнгөний нөөцтэй “Жеруй” ордыг ашиглах олон улсын тендерийг 2015 онд зарлаж, 100 сая ам.доллараар Оросын “Восток-геодобыча” компани эрхийг нь авсан. Ордуудын нөөцийг мэргэжилтнүүдийн судалгааны үндсэн дээр тус улсын Төрийн нөөцийн хорооноос тогтоодог бөгөөд цаашид нөөцийг олон улсын стандартаар тогтоох шаардлагыг салбарын мэргэжилтнүүд тавьж байна.

Үргэлжлэл бий

Г.Сумъяа

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж