Нийгэм бүхэлдээ хариуцлагажих ёстой

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Нийгэм бүхэлдээ хариуцлагажих ёстой

УИХ-ын 2011 оны хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Монголын ард түмний уламжлалт их баяр наадмын өмнөхөн, байгаль дэлхий өгөөжөө харамгүй дэлгэсэн, зон олны сэтгэл тэнийсэн зуны энэ сайхан өдөр хаврын чуулганы хаалт болж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаас үзэхэд манай орны эдийн засгийн бүх салбар, чиглэлд нааштай үр дүн гарчээ. Иргэдийн мөнгөн хуримтлал, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны эргэлт өсч, улсын төсөв, банкны мөнгөн санхүүгийн чадамж нэмэгдлээ. Дотоодын компаниудын үйл ажиллагаа өргөжжээ.

Улсын Их Хурлаас инфляцийг жилдээ нэг оронтой тоонд барих талаар тавьсан зорилт хангагдах боломжтой байна. Хэрэглээний үнийн индекс 4,7 хувьтай гарлаа. Нэн анхаарууштай нь инфляци, үнийн өсөлтийг хөөрөгдөхгүй байх явдал юм. Голлох нөлөөтэй бараа, бүтээгдэхүүн, тухайлбал шатахууны хангамжийг сайжруулах талаар Засгийн газар онцгой анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай байна.

Улсын нэгдсэн төсвийн орлого 2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 58.6 хувиар өсчээ. Ингэснээрээ төсвийн нийт зарлагаа бүрэн санхүүжүүлж, цаана нь 104 тэрбум төгрөг үлдэж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын банкин дахь мөнгөн хөрөнгө өнгөрсөн оны мөн үеэс 63 хувиар өсч, 5.8 их наяд боллоо. 2010 оны улсын тооллогын дүнгээс үзэхэд хүн амын нийт дүнд баялаг бүтээгчдийн хувийн жин өсч, 1989 онд зуун хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөр эрхлээгүй нь 86 ногдож байсан бол өнөөдөр 45 хүн болж буурчээ. Ийнхүү баялаг бүтээгчид эрс нэмэгдлээ.

Эдгээр нь монголчууд бидний ирээдүйн төлөөх итгэл, сэтгэлийг бадрааж, урам зоригийг улам нэмэгдүүлж байна.

Эдийн засгийн ийм нааштай ахиц нь нийгмийн бэрхшээлтэй асуудлыг эерэгээр шийдэх боломжийг нэмэгдүүлж байна. Харин улс төрийн тогтвортой байдлыг хадгалах замаар ажил, үүргээ улам чамбай гүйцэтгэх нь улс төрчид та бидний зорилго бөгөөд энэ нь ард нийт, улс орны эрх ашигт бүрнээ нийцнэ.

Өнөөдөр уул уурхайд хүн болгон анхаарал тавьж түүний хувь хишиг, өгөөж, үр дүнгийн талаар ярилцах боллоо. Энэ нь ч зүй ёсны хэрэг ээ.

Гэхдээ бид зөвхөн байгалийн бэлнийг хүртэхийг булаацалдаж суух биш, түүнийг зөв хуваарилаж, хөдөлмөрөө шингээж, өөрсдөө нийгмийн баялаг үйлдвэрлэн бүтээхийг чухалд үзэж байна. Таван толгойн нүүрсний ордыг ашиглах талаар ард түмэн, олон нийтийн дунд ихээхэн хүлээлт байгаа. Гадаадын улс орнууд ч энэ орд дээр хамтран ажиллах хүсэл сонирхолтой юм.

Засгийн газар үлэмж их нөөцтэй энэхүү ордын ашиглалтын асуудлыг зөв, оновчтой шийдвэрлэх арга замыг сонгож, ард түмэндээ өгөөжтэй, улс орондоо ашигтай байхаар сайтар нягтлан боловсруулж УИХ-д оруулах нь зүйтэй.

Уламжлалт мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулахыг бид зорьж байгаа билээ. УИХ хөдөө аж ахуйн биржийн хуулийг баталлаа. Энэ хууль гарснаар мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнийг стандарт, мэдээллийн дагуу зах зээл дээр бөөнөөр борлуулах, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг ойртуулах боломж бүрдэх боломжтой юм.

Бид үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар олон жил ярьсан. Гэхдээ санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээгүйгээс биелэлээ бүрэн олж чаддаггүй байсан тал бий. УИХ таван жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй 300 тэрбум төгрөгийн бондоор энэ ажлыг дэмжин явуулахыг Засгийн газартаа чиглэл болголоо. Энэ оны 7 сарын нэгнээс эхлээд малчид хонь, тэмээний ноосоо үйлдвэрт тушаан кг тутамд 2000 төгрөгийн нэмэгдэл урамшуулал авах боломжтой. Ингэснээр дотоодын энэ чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын бүтээгдэхүүнээ борлуулах санаачилга нэмэгдэнэ, сүргийн бүтэц ч сайжирна.

Иргэдийг ажлын байртай болгоход төрөөс туслахыг зүйлчилэн хичээж ирсэн билээ. Манай орны хүн амын дунд хөдөлмөр эрхлэх насны иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Ирэх 20 жилд энэ байдал хадгалагдахаар байна. Энэ нь хөгжлийн ирээдүйн сайхан төлөвийг харуулахын зэрэгцээ нэмэлт ажлын байр гаргахыг биднээс шаардаж буй хэрэг ээ. Ажил эрхлэлтийг зөвхөн төсвийн хөрөнгөөр хангана гэхээсээ илүү банк, санхүүгийн зах зээлийн шинэ, шинэ арга, механизмуудыг ашиглах хэрэгтэй болж байна. Зээл, санхүүжилтийг дотоодын зах зээлээс олох боломж бүрдэж байна.

Улсын Их Хурал төрөөс бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд томоохон нэмэлт өөрчлөлт хийлээ. Хээл хахууль, залилангийн гэмт хэрэг, хардлага, сэрдлэг байнга дагуулдаг, зүй бусаар хөрөнгө зувчуулдаг тендерийн сул талыг засах ёстой байлаа. Бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллага, нэгжээр хийлгэж мэргэшүүлэх, тендерийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сайтад заавал тавих зэргээр хяналтыг сайжруулах болно.

УИХ-ын Эрхэм гишүүд ээ,

Энэ удаагийн чуулган Мэдээллийн ил тод байдлыг хангаж, иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажууллаа. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд ил тод болгосноор түүнд сонгогчдын зүгээс хяналт тавих боломж нээгдлээ. Төр, түүний өмчийн байгууллагууд, хууль хяналтынхан хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд “байгууллагын нууц” гэсэн нэрээр хавхавчлан мэдээллээ өгөхгүй байх ойлголт цаашид байх ёсгүй. Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн төрийн албан хаагчид өндөр торгууль ногдуулах, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахаар хуульчлав.

Эдүгээ улс орны хэмжээнд хариуцлагыг өндөржүүлэх нь амин чухал зорилт болж байна. Хариуцлагыг эрх зүйн хувьд чангатгах бодлогыг бид тууштай баримтална. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хоосон шаардлага бие биедээ тулгах, далайлган сүрдүүлэх арга барил байж болохгүй. Харин үүргээ яв цав биелүүлдэг, хариуцлагаа ухамсарлан ажилладаг байх нь төрийн албан хаагчдын харилцааны соёл, хэм хэмжээ байх ёстой. УИХ-ын сүүлийн үед гаргасан хуулиудын шаардлагыг ахадлаа, тийм өндөр байх ёсгүй гэж марган, мэтгэлцэх явдал ч гарч байна. Ард түмэн албан хаагчийн хариуцлагыг шат шатаар өндөржүүлье, хуулийг чанлан сахих ёстой гэдэг. Энэ зарчмаар ажиллах нь салбарын ч, байгууллагын ч, хувь хүн, албан хаагчдын тухайд ч ажил үйлсийг урагшлуулахад ихээхэн ач холбогдолтой байх болно. Нийгэм бүхэлдээ хариуцлагажих ёстой.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг манай оронд үе үе нүүрлэж, их хэмжээний хохирол учруулах болов. Дэлхийн цаг агаарын дулаарлаас үүдэн учирч болзошгүй ган зуд, цөлжилтийн зэрэгцээ ой хээрийн түймэр, гоц халдварт өвчний тархалт, хорт бодисын нөлөөллөөр газар ус бохирдох, хүн амьтан хордох зэрэг хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөлөл ихсэх хандлагатай боллоо. Энэ байдалд дүгнэлттэй хандаж гамшигтай тэмцэхэд иргэдийг бэлтгэх, төр, аж ахуйн байгууллага, иргэдийн оролцоог хангах зорилгоор Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж гаргав.

Улсын Их Хурал улсын 2010 оны төсвийн гүйцэтгэл, эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав. Мөн 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийг гаргалаа. Засгийн газар 2012 оны төсвийг сайтар бэлтгэн Улсын Их Хуралд хугацаанд нь оруулж ирэх үлдлээ.

Энэ хаврын чуулган Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхэд үлэмж цаг зарцуулав. Хуульд шинээр нэмэлт оруулахаар 145 санал хурааж, төслөө эцэслэн батлуулахаар бэлтгэлээ. Оруулж буй нэмэлт, өөрчлөлт урьдын сонгуулийн үед учирч байсан бэрхшээл, дутагдлыг арилгахад чиглэгдсэн юм.

Сонгуулийн тогтолцооны талаар УИХ дахь намын бүлэг, гишүүдийн зарчмын маргаан, мэтгэлцээнээс сонгогчид, Монголын олон нийт, хэвлэл мэдээллийнхэн олон зүйлийг тунгаан авч чадсан байх аа.

Маргаантай асуудлын саналын зөрүүг эцсийн эцэст ямар ч парламент санал хурааж, шийддэг зарчимтай. Сонгуулийн хуулийн тогтолцооны асуудлыг намрын чуулганы эхэнд УИХ-д оруулж батлуулахаар тохиров. Мөн Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаар ажлын хэсэг санал боловсруулж хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэлээ. Энэ чиглэлээр зарим тандалт судалгаа ч хийгдсэн юм. Цаашдаа УИХ хууль, шийдвэрийг батлан гаргахдаа илүү үндэслэлтэй хандах, иргэдийн санал бодолд тулгуурлах, гүйцэтгэлийг нь хангуулах чиглэлээр ажиллах болно.

Хаврын чуулганаар Эрүүл мэндийн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай, Дээд боловсролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай зэрэг бие даасан хуулиуд, төрийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай, концессын тухай, эрүүгийн болон захиргааны байцаан шийтгэх хуулиуд болон татвар, хураамж, аж ахуйн нэгжийн бүртгэл, зөвшөөрөл зэрэгтэй холбогдсон нийт 19 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, 20 гаруй тогтоол хэлэлцэн баталж, олон улсын 8 гэрээ хэлэлцээрийг соёрхон батламжлав. Бидний хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын биелэлт 81,2 хувийн биелэлттэй байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Энэ он бол их ойнуудын жил. Хүннү гүрний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тэмдэглэх болно. Олон аймаг, сум, байгууллагууд ч ойгоо тэмдэглэж байна. Монголын ард түмэн аливаа ой, баяр ёслолыг бүтээлч хөдөлмөр, ажлын амжилтаар тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. Энэ уламжлалыг бид бататгах хэрэгтэй байна. Манай зарим байгууллага, тэдгээрийн удирдлага баяр ёслол тэмдэглэхийг өдөөн дөгөөж, хэт хавтайгайрсан наадам цэнгээн зохион байгуулж, үргүй зардал гаргах, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулдаг явдлыг цаашид зогсоох ёстой. Харин уламжлалт спорт, урлаг соёлын арга хэмжээгээр хүн арддаа үйлчлэх нь нэн чухал.

Эрхэм сонгогчид оо, ард иргэд ээ, хүндэт наадамчид аа! Түүхт ойнууд болон Их баяр наадмын мэндчилгээг УИХ-ын гишүүдийнхээ өмнөөс болон хувиасаа Та бүхэнд дэвшүүлж, сайн сайхныг билэгдэн ерөөж байна.

Эрхэм гишүүд ээ,

Хаврын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж