Алдагдсан итгэлийг сэргээх аавын хүү хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Алдагдсан итгэлийг сэргээх аавын хүү хэн бэ?

Алдагдсан итгэлийг сэргээх аавын хүү хэн бэ?

МАН мөсөн уулын орой дээр байна. Дордох уу, дээрдэх үү гэдэг нь МАН-ын дараагийн даргын явуулах бодлого, үйл ажиллагаанаас хамаарах болчихоод байх. Цаг хугацааны тоолуур гүйж, Монгол гэдэг их айл 2020 оны сонгуультай золгоход хоёр жил гаруй хугацаа үлджээ. Ард түмний итгэлийг зүтгэлээр хариулахаа амласан улс төрийн ууган хүчин МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй олонх болсон ч байгуулсан засгаа огцруулж, нам дотроо хоёр талцсан нь намынхаа нэр хүндийг шороотой хутгаад байна. Нэг ёсондоо нийгэмд юун амлалт, албан тушаалын хуваарилалт л чухал байна гэж харагдуулж байгаа нь энэ намд эрс шинэчлэлт хэрэгтэйг илтгэж буй. Хууль тогтоох байгууллагад хэт олонх болсондоо эрдсэн, омогшсон тэд унах нүхээ өөрсдөө л ухаж байна. Жишээ татъя. Судалгааны байгууллагуудын гаргасан судалгаагаар улс төрийн намуудын тэр дундаа МАН-ын рейтинг эрс буурчээ. Дээрх судалгаа МАН-ынхныг талцал, хагарал, сандал ширээний хэрүүлээ хойш тавьж, дараагийн сонгуульдаа анхаарах үе ирснийг бэлхнээ харуулж байна. Үгүй дээ л 2012-2016 онд засгийн эрх барьж байсан Ардчилсан нам Засгийн газраа огцруулаад ямар үр дүнд хүрэв гэх бэлэн “ноорог”-ийг тэд хайхрахгүй өнгөрч боломгүй цаг үеийг туулж байгаа юм. Иймээс хэт олонх болсондоо эрдэхгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр дамжуулан сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэх тун богинохон хугацаа МАН-ыг хүлээж буйг сануулъя. 

Нөгөөтэйгүүр үнэмлэхүй олонх болсноо намаар дамжиж төрийн албан тушаал худалддаг, боловсон хүчний бодлогоор бус мөнгөтэй нэгэнд үйлчилж болох хэрэгсэл, гүүр гэж харахаа больж, алдаагаа засч, сэхээрэх цаг хугацаа гэдгийг ухаарах, ойлгох үе юм. Мэдээж энэ бүхнийг засч залруулах ажлыг эрх баригч намын дарга хийнэ. Одоогийн намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, ажлаа өгөхөөр болсон. МАН XXVIII их хурлаараа дараагийн даргаа тодруулах “марафон” өрнүүлж байна. Цаг хугацаа улирч, ирэх сонгуулиар МАН ажлаа дүгнүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн үү гэдэгт ард түмэн дүнгээ тавина. Ямар дүн тавих вэ, одоогийнх шигээ байж чадах уу гэдэг нь МАН-ын явуулж буй бодлого, хийж хэрэгжүүлэх ажлаас ихээхэн хамаарна. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн, зорьсон газраа очихын тулд оновчтой бодлого, зөв менежмэнт юу юунаас илүү чухал байна, энэ цаг үед. Энэ ажлыг хийж чадах, бодлого тодорхойлох хүн нь одоо сонгогдох намын дарга юм. 

Тэгэхээр одоо байгаа байдлыг халж, намдаа өөрчлөлт шинэчлэлт хийх зоригтой, золбоотой аавын хүү хэн бэ. Намын даргад өрсөлдөх сонирхолтой хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн захиалгат нийтлэл, нэвтрүүлгээ хэдийнэ цацаад эхэлчихэж. Өрсөлдөгчдөө ч “намнаад” эхэлчихсэн нь олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс харагдаж байна. Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр горилогчдын нэрс хөвөрч байгаа ч У.Хүрэлсүхээс бусад нь энэ намыг хэрхэн өөрчлөх талаар ганц үг ганхийсэнгүй. 40 гаруй хувийн өндөр рейтингтэй байсан энэ намын нэр хүнд 20 орчим хувь болтлоо унасан нь талцал,хагарал, хууль тогтоох байгууллагын гишүүд нь амбицаа дарж чадаагүй санааныхаа зоргоор үсчсэний, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг бодлого, хөтөлбөр баталсны гор юм. Алдагдсан итгэлийг сэргээх ачаа шинэ даргад оногдож байна. 

“Ардын эрх” сонин “МЭК” ХХК-иас явуулсан судалгаанд суурилан сар бүр улс төр, нийгмийн амьдралын прогнозыг хүргэдэг билээ. Энэ удаа бид арванэгдүгээр сард авсан “МЭК” ХХК-иас явуулсан судалгааны үр дүнгээс хуваалцаж байна. 

У.Хүрэлсүх

МАН-ын дараагийн даргад хамгийн хүчтэй яригдаж буй эхний хүн бол У.Хүрэлсүх. МАН-ын дүрэмд УИХ-д олонх болсон тохиолдолд намын дарга Ерөнхий сайд байхаар заасан байдаг. Одоо У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалыг удирдаж байгаа учир намын даргаа авбал гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд илүү хялбар болно. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагаагаар дамжуулж МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх томоохон гүүр болох юм. Тиймдээ ч тэр судалгаанд оролцогсодын дийлэнх олонх буюу 60 хувийнх нь саналыг авчээ. Засгийн газар тогтвортой байх ёстой гэж иргэд олон нийт үзэж байгаа учраас ийм сонголт хийсэн нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх хэлснээ ажил хэрэг болгодог, эрс шийдэмгий зан нь нийгмийн дэмжлэг авч байна. Энэ нь бүрдээд сар хүрээгүй Засгийн газрын гаргасан шийдвэр, суурийг нь тавиад буй ажлуудаас харж болно. 

Түүнд намын ажлын арвин туршлага бий. Элссэн намаасаа урваагүй тууштай зүтгэсэн тэр 30 жилийн дараа Ерөнхий сайд болсон учраас намын даргад өрсөлдөхөөр зориг шулууджээ. Түүнийг зогсоох шалтгаан энэ удаа алга. Тэр 2010-2012 онд намынхаа “гал тогоо”-г хариуцаж, намынхнаа бүх шатанд эвийн гагнаасаар холбож байсныг нь цаг үе гэрчилнэ. Цаашлаад намын ажлыг олон жил хийсэн учраас ямар бодлогоор хэрхэн ажиллахаа мэднэ гэх хүлээлт олон нийтэд төдийгүй МАН-ын гишүүдийн дунд бий болжээ.

Д.Хаянхярваа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргад өрсөлдөхөө өчигдөр мэдэгдлээ. Найрамдлын хотоор овоглож их улс төрд хөл тавьсан түүнийг үргэлж ашиг хонжоо харсан хэл ам дагаж ирснийг хэвлэлээр хөвөрч байгаа бараан мэдээллүүд харуулж байна. Үүнийгээ цайруулах гэсэндээ намын даргад өрсөлдөхөө мэдэгдэхдээ “Миний тухай гэгээлэг мэдээлэл гарсан даруйдаа алга болж байна” гэсэн нь ичсэн хүний өөрийгөө өмгөөлөх тайлбараас хэтэрсэнгүй. 

УИХ дахь 65-ын бүлэг хоёр “хуваагдаад” байгаа. Намын бүлгээ хоёр хуваасан, 65-ын бүлгийн даргын амнаас гарахаагүй үг, үйлдэл гаргаж, нэг талд хэлбийсэн мэдэгдэл хийсэн нь өнөөдрийн хагарлын эхлэл болсон. Их хурал дахь гишүүдээ “эвлүүлж”, санаа бодлыг нь зангидах учиртай хүн ийм байдалтай ажилласан нь 100 шахам жилийн түүхтэй ууган хүчнийг зангидаж ажиллах зангараг дутахыг харуулж байна. 

Цаашлаад хагарал, хуваагдлаа эвлүүлж чадаагүй энэ хүн намын дарга болвол одоогийн Засгийн Газартай амь нэгтэй ажиллаж, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах нь эргэлзээтэй. Энэ их хурлаар тодрох шинэ удирдлага 2020 оны сонгуульд намаа удирдаж орох учраас одоогийнх шиг талцал хуваагдлыг даамжруулах хүн огтоос хэрэггүйг намын дэмжигчдээс эхлээд иргэд хүртэл хэлж байна. Тэр нам дотроо ч дэмжлэг муутай. Олон нийтэд ч У.Хүрэлсүхийг бодоход төдийлэн танигдаагүй. МАН-ын дараагийн дарга хэн болох вэ гэх судалгааны асуултад нийт оролцогчдын гуравны нэгээс ч бага санал авсан нь МАН-ын даргад өрсөлдөхөд улс төрчийн хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүйн илрэл юм. 

Н.Дэмбэрэл

Н.Дэмбэрэл бол улс төрд шинэ хүн биш. Гэхдээ хөшигний ард МАН-ын удаа дараагийн сонгуульд Пи-Ар зөвлөгөө өгч гар бие оролцож байсныхаа шагналд нийслэл ЗДТГ, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байв. Ерөнхийдөө М.Энхболд даргын хүн. Тэрээр шинэ үе гарч ирж байна, 20 гаруй жил явсан бидний зам болохгүй байна хэмээн намын даргын сунгаанд оролцохоо мэдэгдсэн. Түүнийг шийдвэрлэх мөчид нэрээ татаж магадгүй гэх мэдээлэл байна. Учир нь, Н.Дэмбэрэл Д.Хаянхярваагийн саналаас хуваах магадлалтай учир хүч тарамдахгүйн үүднээс нэрээ татах тохироотой оролцож байж мэдэх юм. Судалгаагаар Н.Дэмбэрэл 18 хувийн санал авчээ. Үндсэндээ хамгийн бага хувь авсан олон нийтэд төдийлэн танигдаагүй улстөрч. Намд бичиг цаасны зөвлөгөө өгч байснаас хэтрээгүй түүний карьер намын даргад өрсөлдөх хэмжээнд хүрэхэд хэтэрхий хол гэдэг нь хэнд ч ойлгомжтой. 

Намын даргад өрсөлдөхөө олон нийтэд мэдэгдсэн хүмүүсийг дурдахад ийм байна. Үүнээс гадна МАН дотоод ардчилалтай гэж харагдахын тулд 2013 оных шиг заалнаас хүн нэр дэвшүүлэхийг үгүйсгэхгүй. Өмнө нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан заалнаас намын даргад нэр дэвшиж, 1078 төлөөлөгчийн 83-ынх нь саналыг авч байсан юм. 2012-2016 онд МАН сөрөг хүчин байхад намынхаа байраар эргэлддэг, намаа гэсэн чин сэтгэл зүтгэлээр явж асан хүн цөөхөн байсныг тэд өөрсдөө хэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Харин 2016 онд санаанд оромгүй бахдам амжилттай сонгуульд оролцсон ч ард түмнй тэр их итгэлийг хөсөрдүүлж, талцал хагарал нь хэрээс хэтрээд байгаа. Тиймээс өнөөгийн нийгэмд тэр дундаа МАН-д ус агаар шиг хэрэгтэй байгаа сахилга хариуцлагыг чангатгах “хатуу гар” энэ намд хэрэгтэй байна. Үүнийг хийж чадах хүн У.Хүрэлсүх гэдгийг “МЭК” судалгааны байгууллагын асуулгад оролцсон иргэдийн олонх хэлжээ. 

Үүнээс гадна шинээр сонгогдсон дарга намынхаа рейтингийг өсгөж, “саарал масс”-ыг намдаа татах их ажил хүлээж байгааг “МЭК”-ийн судалгаа харуулж байна. Тодруулбал, долдугаар сард явуулсан судалгаагаар АН-ыг дэмжигчдийн хувь 43, МАН-ыг дэмжигчдийн хувь 20, МАХН-ыг дэмжигчдийн хувь 9 байсан бол дөрвөн сарын дараа буюу өнөөдөр аль ч намыг дэмжихгүй байх хандлага 48 хувь болж өсчээ. Үүний нөгөө талд улс төрийн намуудын рейтинг 20 орчим хувиар буурч МАН өнгөрсөн долдугаар сард 21 хувийн рейтингтэй байсан бол арваннэгдүгээр сарын 16-ны байдлаар 16 хувь болж буурчээ. МАН-ын хувьд сонгуульд ялсны дараа иргэдийн хүлээлт их байсан. Гэвч тэд амлалтаасаа ухарч эхэлсэн учраас өнөөдөр ард түмний үнэлгээ бага байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Тиймээс л 100 орчим жилийн түүхтэй улс төрийн ууган намд эрс шинэчлэл хэрэгтэй гээд байгаа юм. МАН-ын орчин цагийн түүхэнд хямрал, уналт нүүрлэх бүрт өөрчлөлт хийж, өөд нь өргөж босгож ирсэн гишүүдийн тэргүүн эгнээнд У.Хүрэлсүх зүтгэж ирсэн. Тэгвэл энэ удаад намаа өөрчлөн шинэчлэх эрэмгий зориг түүнд байгааг бид харж байна. Иргэд олон нийт ч түүнээс үүнийг л хүлээж байгааг тоон мэдээлэл ч харуулж байна. 

Энэ сарын 20, 21-ний өдөр болох МАН-ын Их хурлаар намын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нар нэр дэвших нь тодорхой болоод байна. МАН-ын даргаар хэнийг сонгох хүсэлтэй байгааг иргэдээс тодрууллаа.

Эх сурвалж: EAGLE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж