“Егөөтэй 99 тайлбар”-таа “Гадаад үгийг маяггүй хэлье!”, “Хэлсэн шигээ бичье!” гэсэн уриатай нэлээд хэдэн өгүүллэг оруулсан юм.
Маяггүй хэлэхийн тулд маяггүй сонсох, маяггүй сонсохын тулд маяггүй ярих хэрэгтэй болно. Маяггүй ярихыг хүсэгчид маяггүй бичих хэрэгтэй болно. Ялангуяа манайх шиг урт “аа, ээ, оо, уу, өө, үү, ий” эгшиггүй, ө, ү-гүй, хүнд “ж, з, п, л”-гүй орос хэлийг тавь жаран жил дагасан бидэнд гадаад үгийг маяггүй хэлэх, хэлсэн шигээ бичих, сонсох, унших тун чухал. Ингээгүйгээс болж хожим холион бантан болж магадгүй болоод байна. Жишээлбэл, нийтээрээ орос хэлээр бөмбөгдүүлж байсан үеийнхэн “мотор”-ыг мотоор, “зал”-ыг заал, “массаж”-ийг масааж, “минут”-ыг минуут гэж оросоор бичиж, монголоороо хэлэхээ мэднэ. Тодруулбал алийг нь хэзээ урт дуудахаа андахгүй. Бас “Ази”-ийг Ааз, “академи”-г акдээм, “мода”-г моод гэж сүүлийнх нь эгшгийг хэлэхгүйгээ хэнээр ч заалгахгүй. Нийтээрээ орос хэл сурахаа больсон өнөө үеийн хүүхдүүд харин энэ мэт үгийг нэг бол “мотОр” гэж уншиж, нөгөө бол “мотООр” гэж бичиж алдаад байна. Үүний аль нь яагаад алдаа болохыг тайлбарлах нь тэндэнд нэргүй орос хэл заахад хүргэх биз ээ.
“Доллар, пицца, босс” гэсэн гадны “урт” гийгүүлэгчийг “богино” дууддаг. Монгол хэл урт эгшигтэй болохоос “урт” гийгүүлэгчгүйг хэн ч мэднэ. Тэгээд ч монгол хэлний “хол”-ын “Л”-ээс орос хэлний “доллор”-ын “ЛЛ” урт дуудагдаад байгаа юм ер байхгүй. Тэгэхээр “дооЛор, пийЦаа, бооС” гэж бичдэг болчихвол ямар вэ? Яагаад гэвэл харийн хэлэнд нөлөөтөөгүй, цэвэр монголоороо ярьж, сэтгэж байгаа 90 настай өвөө, үсэглэлийн баяраа саяхан хийсэн 6 настай үеэл дүү хоёр минь яг ингэж монголоороо хэлж, “алдаатай” бичээд байгаа юм.
Рашаан, радио, радиус, рам гээд Р-ээр эхэлсэн үгс бүгд гадаад. Монгол үг хэзээ ч Р-ээр эхэлдэггүй ёсоо алдахгүй гэж А үсэг урд нь орж “рашаан”-ыг аршаан, “радиус”-ыг араадиус(араадус), “рам”-ыг араам болгож угсаа гарлаа хамгаалсан. Ингээд яриад байвал олон юм бий. Би дураараа яриагүйг аршаан сувиллын газруудын хэдэн арван нэр батална.
Хүний бус өөрийнхөө хуулийг дээдэлье!
“Егөөтэй 99 тайлбар” номын “Угсаа гарлаа хамгаалсан эх оронч авиануудаа дэмжье!” өгүүллийн хэсгээс