Харумафүжигийн хэргийн цаана юу нуугдаж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

Харумафүжигийн хэргийн цаана юу нуугдаж байна вэ?

Харумафүжигийн хэргийн цаана юу нуугдаж байна вэ?

Сүмогийн түүхэнд ээлжит нэгэн дуулиан дэгдсэн нь Монголоос төрсөн аварга Харумафүжи нутаг нэгт бөхөд гар хүрсэн явдал байв. 

Хэргийн талаар, тэр өдөр болсон явдлын тухай нарийн ширийн зүйлс тодорхойгүй байгаа. Ямартай ч ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж уучлал гуйсан юм.

Ёкозунагийн нэр холбогдсон хэргийн цаана ээдрээтэй асуудал олон бий. Ояката Таканохана, ояката Исэгахама нарын таагүй харилцаа, эрх мэдлийн төлөөх тэмцлийн золиос нь ёкозуна Харумафүжи байж болзошгүй гэх мэдээлэл Японы хэвлэлээр гарч байна. Монгол бөхчүүд хоорондоо үл ойлголцож, нударга зөрүүлэх хэмжээнд хүрсэн нь ояката Таканоханагийн хувьд “аманд ирсэн шар тос” болсон бололтой.

Энэ талаар сүмогийн хүрээнийхэн, өөр бусад дэвжээний ояката нар ч ярьжээ.


БОЛСОН ЯВДАЛ

Башёгийн өмнөхөн монгол бөхчүүд наргих үеэр ах захаа хүндэлсэнгүй гэх шалтгаанаар ёкозуна Харумафүжи залуу бөх Таканоива А.Баасандоржид жавтий хүртээсэн тухай, түүнчлэн шар айрагны шилээр толгой тус газарт нь цохиж, нударганы амт мэдрүүлсэн, улмаар Таканоива тархиндаа доргилт авч, гавлын яс цуурсан гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай Японы хэвлэлүүд шуугиж байна.

Гэхдээ тэр өдрөөс хойш Таканоива бэлтгэлээ ердийнөөр үргэлжлүүлж, биеийн байдал нь хэвийн байсан, мөн дэвжээндээ зочин хүлээн авч, кюүшюү башёд 10 даваа авах зорилготой байгаагаа хэлж байсан гэх мэдээлэл ч гарсан. Хэрэг болсон өдрийн маргааш авахуулсан гэрэл зураг нь ч сонины нүүрэнд хэвлэгдсэн байсан.

Аравдугаар сарын 26-нд болсон энэ явдлын дараа арваннэгдүгээр сарын 2-нд Такава хотын захирагч Таканохана дэвжээд зочилжээ. Энэ үед Таканоива А.Баасандорж оякатагийн хамт хотын захирагчийг угтан авсан байна. Хожим сурвалжлагч Такава хотын захиргаанд очиж, тэр өдөр Таканоивагийн биеийн байдал ямар байсан талаар лавлаад, “Онц ноцтой зүйл мэдэгдээгүй. Таныг яагаад ингэж асууж байгаад тань гайхаж байна. Зүгээр байсан” гэх хариу сонссон тухайгаа нийтэлжээ. 

Таканоива болсон явдлын дараахан эмнэлэгт очиж, оёдол тавиулсан аж. Тухайн үед Таканоива өөрөө бүдэрч унаад гэмтсэн гэж багшдаа хэлсэн, тэр үед Таканохана төдийлөн ойшоолгүй бэлтгэлд нь гаргасан гэх мэдээлэл ч бас бий.

Нэлээд хожуу башё эхлэхийн өмнө Кюүшюүд очоод, хэд хоногийн дараа /2017.11.05-09/ тэндхийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 

Хэргийн талаар Таканоива А.Баасандоржийн харьяалагддаг дэвжээний ояката Таканохана анх хэрэг гарсан Тоттори хотын цагдаад гомдол гаргасан юм. “Миний хайртай шавь, хэдий нас залуу цус шингэн ч өндөр амжилтад хүрсэн хайртай шавь минь учир түүнийг гэмтээж, хохироосон хүмүүст хариуцлага хүлээлгэхийг хүссэн” гэж Таканохана шалтгаанаа тайлбарласан байсан.

Таканоива яг башёгийн өмнөх өдөр эрүүл мэндийн шалтгаанаар барилдах боломжгүй гэх хүсэлтээ Сүмогийн холбоонд гаргажээ. Тэр үед болсон явдлын талаар, хүнд бэртсэн талаар хэн ч, юу ч мэдэгдээгүй байна. Ерөнхийдөө биеийн байдал хэвийн бус гэх шалтгаанаар башёг өнжих болсноо дурдсан байжээ. 

Харин кюүшюү башё эхэлсний дараах өдрөөс /2017.11.13/ Харумафүжи нутаг нэгт сүмочдоо гар хүрч, шар айрагны шилээр толгой тус газарт нь цохисон гэх хэрэг мандсан юм. 

Сүмогийн холбоо Харумафүжи Д.Бямбадоржийг ояката Исэгахамагийн хамт дуудан байцааж, Исэгахама шавиа дагуулаад Таканохана дэвжээнд уучлал гуйхаар очсон ч ояката Таканохана, түүний шавь Таканоива нарын хэнтэй нь ч уулзаж чадаагүй юм. Ояката Таканохана “Би түүнийг яасан ч өршөөхгүй. Энэ хүнтэй дахин уулзахыг хүсэхгүй байна” гэж ярьж байсан тухай ойрын хүрээнийхэн нь хэлжээ. 

“Ар араасаа хөвөрсөн эдгээр үйл явдлын найруулагч нь ояката Таканоханаг гэж харж байна. Аравдугаар сарын сүүлээр гарсан хэргийг түр азнан нууж байгаад башё эхэлмэгц зориудаар дэвэргэн, олон нийтэд түгээсэн. Эрх мэдлийн төлөө ояката Исэгахамагийн нэр хүндийг унагах зорилготой байсан. Таканохана ийм үйлдэл хийснээрээ өөрөө өөрийгөө “шаварт хутгаж” байна” гэж нэгэн ояката ярьсныг Nikkan Gendai мэдээлсэн байв.

ТАКАНОХАНА ЯАГААД ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙВ?
 

“Болсон бүх хэрэг явдал ирэх оны нэгдүгээр сард болох Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн сонгууль, залгуулаад ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн Таканоханагийн тавилттай жүжиг юм биш үү” гэж өөр нэгэн ояката бодлоо илэрхийлжээ.

Таканохана, Исэгахама нар хоёул Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн гишүүн. 2016 оны эхэнд болсон сонгуулиар хамтран ажиллахаа илэрхийлж, санаа нэгдэн, гар барьж сонгуулийн ард гарсан. Гэвч бодит байдал дээр тэдний харилцаа тэс өөр байжээ.

Ояката Исэгахама, ояката Таканохана нар

“Тэд сонгуульд ялахын тулд гар барилцсан төдий. Насны хувьд ч хол зөрүүтэй, үзэл бодол, үг яриа ч нийлэхгүй хүмүүс. Сонгуулийн дараа шууд л харилцаа нь эвдэрч, өөд өөдөөсөө харахаас ч цэрвэдэг болсон. Таканоханагийн талаас ирэх жилийн сонгуульд шинэ хүн дэвшүүлж, Исэгахамаг Захирлуудын зөвлөлөөс шахаж гаргах санаатай байгаа гэдэг. Хэрэв тийм бол энэ удаагийн хэрэг Таканоханагийн хувьд маш том бэлэг болсон гэж болно” гэж тэр ярьсан байна.

Өөр нэгэн оякатагийн хэлснээр Таканоханаг дэмжигчид холбооны удирдлагыг гартаа авах санаатай байгаа гэнэ. “Таканоханагийн хувьд бол санасандаа бараг хүрчихлээ гэхээс өөр аргагүй. Гэхдээ бүгд санаснаар болох уу гэвэл бас эргэлзээтэй. Хэрэг явдал ингэтэл газар авсан юм чинь Исэгахама ояката хариуцлагаас мултрах аргагүй”.

Мөн тэрбээр “Тэглээ гээд Таканохана ганцаараа хожиж байна уу гэвэл үгүй. Сүмогийн хүрээнд ямар нэг хэрэг гарсан тохиолдолд холбоонд түрүүлж мэдэгдэх нь зүй ёсны хэрэг. Гэвч ояката Таканохана хэрэг явдлын талаар өөрийн спортын тойм, анализ бичиж хэвлүүлдэг сониноор дамжуулан анхлан олон нийтэд дэлгэсэн. Ойрын хүрээнийхэндээ огт мэдэлгүй байсаар гэнэтхэн цагдаад гомдол гаргасан. Үйл явдлын дараалал байх ёстой зүй тогтлоос эсрэг байгаад бусад ояката нар шүүмжлэлтэй хандаж байгаа. Эхлээд Сүмогийн холбоонд мэдэгдэж, дараа нь олон нийтэд зарлаад, улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой байсан” гэжээ.

Тиймээс Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн дарга гэдэг утгаараа Таканохана ч мөн хариуцлага хүлээх байх гэж ояката ярьж байна. 

ХАРУМАФҮЖИ ЗОДОГ ТАЙЛАХ УУ?
 

Нарийн дэг жаягтай сүмогийн хүрээнд энэ мэт дуулиан дэгдсэн нь анхных биш. Урьд өмнө ч залуу бөх дэвжээний багшдаа зодуулаад амиа алдсан, өрөөсөн нүд нь хараагүй болсон, сүмочдын үсийг засч янзалдаг үсчин хүү зодуулж, бэртэл авсан, сүмочид мөрийтэй тоглосон, якүза нартай холбогдсон, даваа наймаалцсан гээд цөөнгүй хэдийг тоочиж болно. 

Гэхдээ сүмогийн хамгийн өндөр, дээд цолд хүрсэн ёкозуна харгис балмад, зүй бус авир гаргасан нь түүнийг зодог тайлах хэмжээнд хүргэж болзошгүй гэдгийг Японы хэвлэлүүд төдийгүй сүмогийн хүрээний хүмүүс ч ил, далд байдлаар илэрхийлсээр байна. Өмнө нь, 2010 онд мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Токиогийн нэгэн баарны үүдэнд танхайрч, хүн зодсон хэрэгт нэр холбогдож, энэ шалтгааны улмаас зодог тайлахад хүрсэн гэх хэргийг ч Японы хэвлэлүүд дахин сөхөж эхэлжээ. 

“Ёкозуна цолтон харгис балмад үйлдэл гаргах нь сүмогийн нэр хүндийг сэвтээсэн ноцтой хэрэг юм” гэж Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Масато Китамура хэлснийг “Маиничи” сонин мэдээлжээ. Тэрбээр мөн “Сүмогийн холбоо хатуу шийтгэл оноох нь гарцаагүй” гэж хэлсэн байна. 

Өөр нэгэн экс-ёкозуна Харумафүжигийн тухай “Үнэхээр галзуу хэрэг. Архинаас үүдсэн гэж байгаа. Хэрээс хэтэрсэн хэрэг” хэмээснийг “Маиничи” мөн уламжилжээ.

Ёкозунагийн зөвлөлийн дүрэмд ёкозуна цол хүртээх тухайд “озэки цолтон хоёр башё дараалан түрүүлэх, эсвэл түүнтэй ижил хэмжээний амжилт гаргасан байх ёстой” гэж заасан байдаг. Түүнчлэн бичигдсэн энэ дүрмээс гадна ёкозуна цолтой хүний биеэ авч явах байдал, зан араншин гээд олон шалгуур бий. Сүмогийн дэвжээнээс гадуур зүй бус авир гаргасан гэх “шалтаг”, шалтгаанаар Ёкозунагийн зөвлөл Харумафүжигийн цолыг хураахаар гар өргөж ч мэднэ.

Эцэст нь, ёкозуна Харумафүжи их, бага ямар нэгэн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ үүний цаана огт өөр зорилго, тэс хөндлөн тэмцэл байгаа бололтой. 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж